Элон Маскийн сансар судлалын Space X компани цар тахлын эсрэг биетийн судалгаа хийж байсныг Wall Street сэтгүүл мэдээлэв.
Судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулахад удирдан зохион байгуулсан хүмүүсийн нэрс дунд Элон Маск бичээтэй байжээ. Судалгааны тайланд дурьдсанаар компанийн удирдлагууд бүх ажилчдадаа эсрэг биетийн судалгаанд сайн дураараа оролцохыг санал болгон цахим шуудан илгээсэнд 4300 хүн зөвшөөрч, сар бүр цусныхаа дээжийг өгч байхаар тохирсон байна. Элон Маск Space X компанийн эрүүл мэндийн мэргэжилтэн Анил Менонтой хамтран судалгаанд зориулж хэд хэдэн эмч, академич нартай хамтран ажилласан гэнэ.
Энэхүү судалгаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлсэн байна. Судалгааны гол зорилго нь цар тахал хэрхэн халдварладаг болон хүний биед яаж нөлөөлдөг, чухам хэчнээн эсрэг биет үүсч байж дархлаа тогтдог талаар нарийн олж мэдэхэд оршиж байжээ.
Судалгааны үр дүнд цар тахлын халдвар авсан ч хөнгөн хэлбэрээр өвчилж байгаад эдгэсэн хүний биед илүү цөөн тооны эсрэг биет үүсдэг бөгөөд улмаар урт хугацааны дархлаа тогтож чадалгүй дахин халдвар авах эрсдэлтэй болохыг олж мэдсэн байна. Судалгаанд оролцсон ажилтнуудын дунд ч дахин дахин халдвар аваад эдгэрсэн хүмүүс байсан гэнэ.
“Хүмүүсийн биед эсрэг биет үүснэ гэдэг нь дархлаатай болно гэсэн үг биш. Эсрэг биет хангалттай олон байж дархлаа тогтоно гэсэн үг. Сайн мэдээ гэвэл, өдгөө зөвшөөрөгдөж буй бүх вакцинууд дархлаа тогтоход хангалттай хэмжээний эсрэг биет үүсгэх бүрэн чадвартай байна” хэмээн судалгааны ахлагчдын нэг, Харвардын анагаах ухааны сургуулийн профессор Галит Алтер ярьжээ.
Судалгаанд оролцсон 4300 ажилтны 120 нь халдвар авсан нь батлагдсан аж. Тэдгээр 120 хүний 61 хувь нь ямар ч шинж тэмдэггүй, 92 хувь нь эрэгтэй, дундаж нас нь 31 байжээ.