Өнгөрөгч амралтын өдрүүдэд нэр бүхий гурван шүүгч, АТГ-ын ажилтан нарын бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, хууль бус биеэ үнэлэлт явагдсан гэх мэдээлэл байгаа.
Энэ асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: “Энэ бичлэг цацагдаад хоёр хонож байна. Амралтын өдрүүдээр хойшлуулшгүй үйл ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 12.6.1 дэх “Биеэ үнэлэхийг зохион байгуулсан” гэх зүйлчлэлээр хэрэг бүртгэл нээх хүмэлт гарган, материалыг прокурорт шилжүүлсэн. Тухайн эмэгтэйчүүдийн дансруу мөнгө шилжүүлсэн зүйл шалгалтын явцад илэрсэн” гэсэн мэдээллийг олон нийтэд өгөөд байна.
Харин Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар: “Шүүхийн ёс зүйн хороо иргэн, албан тушаалтан, хуулийн этгээд гомдол гаргавал 30 хоногийн дотор гомдлыг шалгадаг. Шаардлагатай бол сунгадаг. Шүүгчдийн асуудлаар гомдол ирээгүй. Тийм учраас уг асуудлыг шалгахгүй. Гомдол ирвэл шалгана.
Би бичлэг дээр гарч байгаа шүүгчийг танихгүй. Нэг жилд шүүгч нартай холбоотойгоор давхардсан тоогоор 300 гаруй гомдол ирдэг. Нийт гаргасан гомдлын 80 орчим хувьд сахилгын хэрэг үүсгэдэггүй. 20 хувьд сахилгын шийтгэл оноодог. Сүүлийн 5 жилийн хугацаанд 18 шүүгч сахилгын шийтгэл бодитой хүлээсэн. Олон нийтийн сүлжээнд байгаа бичлэгийг харсан” гэх тайлбар хийв.