О.Алтангэрэл: “Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг батлуулж чадахгүй бол би УИХ-ын гишүүн гэж яваад ч яах вэ, УИХ гэж байгаад ч яах юм

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
9 минут 37 секунд

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган хаалтаа хийсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Алтангэрэлтэй чуулганы үр дүн болон онцлох хуулийн төслүүдийн талаар ярилцлаа.

-Таны хувьд өнгөрсөн хаврын чуулган хэр ажил хэрэгч үр дүнтэй байж өнгөрөв?

-Өөрчлөлт оруулж хэлэлцсэн хуулиудын тоо нэлээн олон болсон. Чуулганыг юугаар нь үр дүнтэй гэж үзэх вэ гэдэг асуудал байна. Намрын чуулганыг бүгд мэдэж байгаа. МАН-ын дарга хэн болох вэ, Д.Амарбаясгалан огцрох уу, үгүй юу эсвэл Г.Занданшатар огцрох уу, үгүй юу гэж хэрүүл хийсээр байгаад л өнгөрсөн шүү дээ. Харин энэ хаврын чуулганыг нэлээн үр дүнтэй болж өнгөрсөн гэж үзэж байна. Зорьсондоо хүрсэн үү гэдэг нь өөр асуудал. Гишүүн бүрд гомдол байгаа. Жишээлбэл, Оюунсайханы Алтангэрэлд “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх” тухай хуулийг хэлэлцсэнгүй, баталсангүй гэдэг гомдол байна.

Харин нөгөө талдаа өмнө нь УИХ-д таван удаа өргөн мэдүүлж дөрвөн парламент дамжсан 14 дэх жилийнхээ нүүрийг үзэж буй Гэр бүлийн тухай хуулийг баталж чадлаа. Өдөр шөнөгүй маш их ажил орсон. Юу амжсан, юу амжаагүй гэдэг нь гишүүн бүрийн л өнцөг байх.

-Хаврын чуулганаар ямар хуулиудыг санаачлан батлуулж мөн ажлын хэсэгт нь орж ажиллав?

-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа миний өргөн барьсан хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой нэлээн олон хууль батлагдлаа. Хамтарч өргөн мэдүүлсэн хууль гэвэл Тамхины хяналтын тухай хууль байлаа. Харамсалтай нь эцсийн хэлэлцүүлгээ хийгээд баталж амжсангүй. Мөн зарим хуулиуд хойшилсон бол заримыг нь хэлэлцэж амжсангүй хаврын чуулган өндөрлөлөө.

-Гадаадынхан орж ирээд Ерөнхийлөгч, УИХ-ын даргад бичиг өгч Монголын төрийг доромжилж байна-

-Тамхины хяналтын тухай хууль чуулганы төгсгөлд багагүй хэл ам дагууллаа. Хоёр талаасаа л “лоббидож” сүүлдээ Ерөнхийлөгчид захидал бичихдээ тулцгаалаа шүү дээ. Үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Тамхи бол хортой, үүнийг хянах ёстой гэдэг нь тов тодорхой зүйл. Үүн дээр хүмүүс маргахгүй. Харин нөгөө талаасаа миний гайхшралыг төрүүлж буй асуудал нь тамхины бизнесийнхэн нэгдээд өргөн хэмжээний лобби хийж байна л даа. “Толгой хагаравч малгайн дотроо” гэдэг. Тэгвэл сүүлдээ гадаадынхан орж ирээд нэг орос, солонгос нөхөр гарын үсэг зурж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга руу нь бичиг өгөөд Монголын төрийг доромжилж байгаа юм шиг “Тамхины хууль зах зээлийг дэмжлээ” гэж байна.

Бид чинь хяналт тавьдаг гаальтай, мөрддөг тагнуултай, цагдаатай улс шүү дээ. Бид улс шиг улс шүү. Энэ ичгүүр сонжуургүй байдал нэлээн анхаарал татлаа. Цаашдаа яах юм. Ард түмэн үр хүүхдээ хордуулахгүй, тамхинаас хол байлгая гээд хууль баталж чадахаа болих юм уу. Ингээд л мөнгө гаргаж лоббидоод, гацаагаад байх уу.

Намрын чуулганы эхэнд энэ хуулийг батлахаас өөр аргагүй. Монгол төр тэгтлээ доошоо орж, чадахгүй болчихоогүй. Энэ хуулийн эргэн тойрон дахь ач холбогдол, зүйл заалт гээд олон юм ярьж болно.

-Монгол орны хаана ч явсан "Хуулиа батлуулаарай" гэж хүмүүс хэлж байна-

-Таны нэрээр авторлогддог нэг хууль бол яах аргагүй “Хууль бус хөрөнгийг хураах” хууль. Энэ хуулийг хэлэлцэхгүй байгаа, гацааж буй шалтгааныг юу гэж харж байгаа вэ, ЗГ-аас өргөн мэдүүлэх хуультай хамтатгаж хэлэлцэхийг дэмжих үү?

-Ерөөсөө л янз янзын шалтаг олдоод байна. Н.Учрал УИХ-ын дарга байхдаа чуулганы нээлт дээр “Энэ хуулийг батална” гэж хэлсэн үг нь байгаа. Ерөнхий сайд болсных нь дараа уулзахад “Батлах хүсэл, зоригтой байгаа” гэж хэлсэн. Ядаж хэлэлцэх эсэхийг нь шийдчихмээр байна. Би ном гаргаад УИХ-ын гишүүдэд тараасан. Олон нийтэд ойлгууллаа. Одоо намайг Монгол орны хаана ч явсан, автобусанд суухад ч “Хуулиа батлуулаарай” гэж хүмүүс хэлж байна.

-Эсвэл та тийм хэлэлцэж болохгүй хууль өргөн барьчихсан юм уу?

-Авлигын индексийг гаргадаг “Трансперенси интернэйшнл”-ээс болон Сингапурын прокурор, Германы мөрдөх албаны дарга ирсэн. Бүгдээрээ “Та нар энэ хууль бус хөрөнгөө хураахгүй бол авлигатайгаа тэмцэнэ гэж байхгүй” гэдэг нэг л юмыг хэлж байгаа. 126 гишүүний 80 гаруй нь шинэ гишүүд байгаа учраас энэ хууль явчих байх гэж бодоод байгаа. Гэхдээ дөнгөж сонгогдсон хэрнээ “Ер нь энэ чинь болохгүй юм биш үү” гэж ярих хүмүүс ч байна. Мөн “Яагаад ч баталж болохгүй” гэсэн хэсэг бүлэг байгаа. Энд хоёр төрлийн ашиг сонирхол байна.

Нэгдүгээрт, өөрсдийнхөө хөрөнгийг хураалгахгүй гэх нэг хэсэг бий. Нөгөө талаас энэ хөрөнгө хураах үйл ажиллагаа нь хуулийг санаачилсан, дэмжсэн хүмүүст эерэг нөлөө үзүүлээд, одоо угсарсан байгаа систем нь нурчих вий, мөнгөөр шийддэг байхаа больчих вий гэсэн айдас л нөлөөлж байна.

-Айдастай байна гэсэн үг үү?

-Тийм. Гэхдээ бултаж зугтах газар байхгүй шүү. Энэ хавар гуйж царайчилсаар байгаад өнгөрөөлөө. Харин намар тийм юм байхгүй. Энэ хуулийг хэлэлцүүлж батлуулж чадахгүй бол хууль өргөн мэдүүлээд 500 хоносон би УИХ-ын гишүүн гэж байгаад яах вэ, бид УИХ гэж яваад ч яах вэ.

-Хаврын чуулганы үеэр эхэлсэн онцлох үйл явдлуудын нэг бол Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж буй явдал. Та гарын үсэг зурсан уу?

-Би хамгийн түрүүнд гүйж очиж гарын үсэг зурсан. Гэхдээ шууд Ерөнхий сайдыг огцруулна гэдэг утгаар биш. “АН-аас тавьж буй шаардлагуудыг биелүүлэхгүй, хариуцлага алдсан сайд нартаа хариуцлага тооцохгүй бол өөрийг нь огцруулна” гэдэг шаардлагыг тавьж байгаа. Энэ чинь сөрөг хүчний үүрэг шүү дээ.

-Н.Учралын Засгийн газар байгуулагдаад 100 дахь хоног руугаа ойртож байна. Энэ хугацаанд Засгийн газар хэр ажиллав?

-ТӨК-иудад хийж байгаа шинэчлэл, өөрчлөлтийг сайн явж байгаа гэж харж байна. Сайныг нь сайн гэж хэлнэ. Намрын чуулган эхлэхэд эхний үр дүнгүүд нь гарчих байх. Тэр үед дүнг нь тавина. 100 ч хоноогүй байхад болж байна эсвэл болохгүй байна гэж хэлэхгүй. Харин энэ 100 хоногийн дотор алдаа гаргаад байгаа, улирсан хэрнээ ажилдаа дадахгүй байгаа сайд нартаа хариуцлага тооцох шаардлагатай.

-Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг утга ойролцоо хуулиудтай нэгтгэж хэлэлцэнэ гэж байгаад чуулган өндөрлүүллээ. УИХ яагаад энэ хуулийг хөдөлгөсөнгүй вэ?

-Утга ойролцоо хуулиудыг нэгтгээд хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн болон Б.Батбаатар, М.Нарантуяа-Нара нарын өргөн мэдүүлсэн болон Дэгийн тухай хуулиуд гээд бүгдийг нь хэлэлцэх ёстой. УИХ-ын хэлэлцүүлэгт орж байж зөв үү, буруу юу гэдэг нь харагдана. Санал нийлэхгүй зүйл ч байгаа.

Жишээлбэл, улс төрийн нам УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зүйл орж ирсэн. Тэгэж болохгүй. Ард түмний сонгосон юмыг нэг улс төрийн нам тэгэж шийдэж болохгүй. Харин үнэхээр ажлаа хийхгүй, хуралдаа суухгүй байгаа гишүүдийг хүчээр бариад байх шаардлагагүй. Тиймээс эдгээр хуулиудыг нэгтгэж хэлэлцэх нь зөв.

-Уг нь аль гуравдугаар сард л өргөн барьсан хууль шүү дээ?

-Би бол аль гуравдугаар сард өргөн барьсан гэж бодохгүй байна. Яагаад гэвэл аль ноднин өргөн барьсан хуулийг маань хэлэлцэхгүй байгаа учраас надад тийм хол санагдахгүй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Улсын харцага Н.Золбоо морь жилийн шилдэг найман аймгийн цолтонг тодруулж тус бүр 1 сая төгрөгөөр шагнана
Улсын харцага Н.Золбоо морь жилийн шилдэг найман аймгийн цолтонг тодруулж тус бүр 1 сая төгрөгөөр шагнана
 
QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ
QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!