
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Монгол-Чехийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Т.Аубакир Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ян Вытопилийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотноо зохион байгуулагдах Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын 9 дүгээр хуралдааны бэлтгэл ажлын явц, хоёр улсын Засгийн газар хоорондын нийгмийн хамгааллын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр байр сууриа илэрхийлэв.
Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Чех Улсад 14 мянга гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч байгаагаас 3,800 орчим нь 0-16 насны хүүхэд бөгөөд Монгол Улсад 40 гаруй Чех Улсын иргэн оршин сууж байна.
Сайд Т.Аубакир хүн амын насжилтын асуудлаарх Бүгд Найрамдах Чех Улсын туршлагаас суралцах, энэ чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Ян Вытопилий нийгмийн хамгааллын хэлэлцээрийн хэрэгжилтийг үргэлжлүүлэн хангахын зэрэгцээ 1999 онд байгуулсан харилцан ажилтан солилцох хэлэлцээрийг эрчимжүүлэх, Бүгд Найрамдах Чех Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, хууль бус зуучлал, хууль бус хөдөлмөр эрхлэлтийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!