Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүх: Ирэх онд чанартай вакцинаар иргэдээ цар тахлаас хамгаална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 22 секунд

Монгол Улсын иргэд болон хилийн чанадад суугаа элэг нэгт монголчууддаа хандан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээ
"Эх орныхоо өргөн уудам нутагт амьдран суугаа эрхэм хүндэт иргэдээ,
Өргөн дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа элэг нэгт монгол ахан дүүсээ
Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, айл өрх бүрт аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Улиран одож буй 2020 он монголчууд бидний хувьд төдийгүй, дэлхий даяар COVID-19 хэмээх цар тахал өвчинтэй нүүр тулан тэмцсэн хүндхэн жил байлаа. Хэдийгээр байдал хүнд байгаа ч монголчууд бид эв хамтын хүчээр улс үндэстнийхээ аюулгүй байдал, ард иргэдийнхээ амь насыг сахин хамгаалж, аль болох хохирол багатайгаар энэхүү хүнд үеийг даван туулахын төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар айл өрх, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хэрэглээний цахилгаан, дулаан, уур ус, хог хаягдлын зардлыг тодорхой хугацаанд төрөөс хариуцаж, нийт 230 гаруй мянган айл өрхийн хэрэглэдэг сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар буурууллаа.

Мөн нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг тэглэх, хөнгөлөх, зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний гаалийн татвараас чөлөөлөх, хүүхдийн болон халамжийн мөнгийг нэмэгдүүлэх зэрэг олон талт арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 

Анх бид Ухань хотоос 31 иргэнээ татаж авсан тэр цагаас хойш гадаад улс оронд гацаад байсан 28,000 гаруй иргэнээ эх орондоо тусгай үүргийн нислэгээр татан авч чадлаа. 

Алтан гартай эмч, сувилагчдынхаа ач буянаар цар тахлын халдвар авсан 711 хүнийг эмчилж эдгээж чадлаа.

Ирэх онд хийгдэх онцгой чухал ажил бол Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн, сайн чанарын вакциныг эх орондоо авчирч, ард иргэдээ цар тахлаас хамгаалах ажлыг цаг алдалгүй зохион байгуулах явдал юм. Энэ ажил Монгол Улсын Засгийн газрын онцгой анхаарлын төвд байх болно гэдгийг ард иргэддээ хэлэхийг хүсэж байна. Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж манай ард түмэн ярьдаг билээ.

Эрхэм хүндэт ард иргэдээ, улиран одож буй 2020 онд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 76 мянган бяцхан үрсээ өлгийдөн авч, монголчууд бид 3,358,000-уулаа боллоо. Малчин түмний маань нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт малын маань сүргийн тоо толгой 71 сая тоо толгойд хүрлээ. 

Олон улс дахь манай улсын нэр хүнд сэргэж, Монгол Улс саарал жагсаалтаас хамгийн богино хугацаанд гарсан улс болж чадлаа. Хүндхэн цаг үеийг туулахад манай ард түмний эв нэгдэл, сэтгэлийн хүч, төр засагтаа үзүүлж буй олон түмний дэмжлэг, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн маань хичээл зүтгэл, эх орноо гэсэн сэтгэл онцгой чухал байсныг баярын энэ өдөр онцлон хэлэхэд таатай байна. 

Амаргүй бэрх цаг үе тохиолдож байгаа хэдий ч улс орны маань хөгжил дэвшилд амин чухал ач холбогдолтой олон жил яригдсан томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг бид тасралтгүй үргэлжлүүлэн хийж байна. 

Үүний зэрэгцээ хууль бусаар алдагдсан Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмент, Багануур, Бор-Өндөр, Ноён уул, Асгат, Салхит, Гутайн даваа, Тосон бумбын орд, Хармагтайн ордыг төрийн мэдэл, ард түмнийхээ өмчлөлд эргүүлэн авлаа. 

Монгол Улс түүхэндээ анх удаа Тавантолгойн төрийн өмчит компанийн ногдол ашгийг ард түмэндээ хуваариллаа. Байгалийн баялагтаа эзэн байхыг үр шимийг ард түмэн маань хүртэж эхэллээ. 

Манай улсын ард иргэдээ, он солигдох энэхүү торгон цаг мөчид дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчид, энхийг сахиулах үйлсэд эх орноо төлөөлөн зүтгэж буй эрэлхэг дайчид, хүн ардынхаа амь нас, улс орныхоо аюулгүй байдлын төлөө цар тахалтай цаг наргүй тэмцэж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, цэрэг, цагдаа, мэргэжлийн хяналтын ажилтнууд, онцгой байдлынхан болон утаагүй Улаанбаатарын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа "Тавантолгой түлш"-ийн хамт олондоо Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд тусгайлан баяр хүргэж, гүн талархал илэрхийлье. 

Ирж буй 2021 онд Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой тохионо. Монголын ард түмний тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн 100 жилийн ойн баяр болно. Бид хамтдаа нөр их бүтээн байгуулалт, ажил үйлсийг өрнүүлж, хөгжил дэвшлийн шинэ эрин зууны эхлэлийг тавих болно. Шинэ ондоо иргэн бүр эрүүл энх, аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Эх орон нэгт ахан дүүс та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дахин дэвшүүлье. 

Буурал дээдсийн цог хийморь түшиж
Бурхан Халдун уулын ноён оргил монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай

Монгол Улсын төлөө зүтгэе" гэжээ.

Хонины махны үнэ өсч, үхрийн махны үнэ буурчээ
Хонины махны үнэ өсч, үхрийн махны үнэ буурчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.