
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулсан. Тэрбээр "Монгол Улсын хилийн зурвас газарт хууль зөрчиж газар олгосон асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцлээ. "Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хилийн тухай хуульд улсын хил халдашгүй дархан байх, хилийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болохыг тодорхой зааж хуульчилсан.
Гэтэл өмнөх Засгийн газар сүүлийн хуралдаанаараа буюу огцрохоосоо 4 хоногийн өмнө Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж, улсын хилийн зурваст байрлах хилийн 10 боомтын орчимд, улсын хилээс 0.9–2.5 км-ийн зайд байрлалтай, нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан байна. Тиймээс уг газар олгосон шийдвэрүүдийг буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн сүүлийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрийг өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар гаргаж байна" гэсэн юм.
Мөн тэрбээр "Хууль зөрчиж олгогдсон 10 байршил дээрх ерөнхий төлөвлөгөөг хийж байгаа компани нь Соёлын дэд сайд асан М.Батбаярын үүсгэн байгуулсан компани. Одоо Хүннү хотын дарга хийчихсэн яваа. Ийм сүлжээ байна. Ийм хүмүүсийг илчилж, байранд нь тавих ажлыг хийнэ дээ" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!