
Монгол залуучуудын мөрөөдөл байр, ипотекийн зээл болсон энэ цаг үед монгол гэрийг моод болгож, 5 ханатай монгол гэрт байранд амьдарч байгаа юм шиг тав тухтай, эмх цэгцтэй амьдарч болдгийг харуулж, сурталчилдаг Х.Мягмарсүрэнг UBN сайт онцолж ярилцлаа.
Хүн бүр орон сууцанд амьдрахыг илүүд үзэх болсон энэ үед Х.Мягмарсүрэн болон түүний гэр бүл гэр хороололд хэрхэн тохилог амьдарч болохыг үлгэрлэж буй залуу гэр бүл юм.
Х.Мягмарсүрэн нөхөр 3 хүүхдийн хамт нисэхэд амьдардаг. Гэртээ хүүхдүүдээ харахын хажуугаар цахим орчинд идэвхтэй байдаг нэгэн. Түүний бичлэгүүд гэртээ хүүхдээ хардаг ээжүүдийн дуу хоолой болохын зэрэгцээ монгол гэрт ч тав тухтай, эмх цэгцтэй амьдарч, орон сууцнаас дутахааргүй тохилог орчныг бий болгож болдог гэдгийг харуулж, сурталчилдаг учраас түүний цахим хуудас үзэлт, хандалт ихтэй байдаг.
Бид энэ удаад монгол гэрт амьдрахын давуу тал болон монгол гэрийг хэрхэн гоё тохижуулж, цэвэрхэн амьдарч болох талаар түүнтэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Х.Мягмарсүрэн гэдэг. Сошиал сүлжээнд идэвхтэй ажиллаад 4 дэх жилээ үдэж байна. Хүмүүс намайг контент бүтээгч, инфлүүсэр гээд янз янзаар л нэрлээд байдаг юм. Би бол өөрийгөө сошиалд идэвхтэй байдаг хүн гэж нэрлэх дуртай /инээв/.
-Таныг цахим орчинд идэвхтэй байхаас гадна монгол гэрийг моод болгож, байр мөрөөдсөн залуучуудад монгол гэрийг ч байр шиг тохижуулаад, тав тухтай амьдрах боломжтой гэдгийг харуулж, үлгэрлэж байгаа нэгэн гэж хардаг. Энэ агуулгын хүрээнд таньтай ярилцахаар зорьж ирлээ. Яг хэзээнээс эхлээд гэрийнхээ бичлэгийг хийж эхлэв?
-2021 оны зун гэрийнхээ хивсийг угааж байгаа бичлэгээ оруулсан. Тухайн үед хүмүүс "Монгол гэрийг ингэж гоё тохижуулж болдог юм байна. Монгол гэрт байранд амьдарч байгаа юм шиг тав тухтай орчинг бүрдүүлээд амьдарч болох боломж байхад яагаад хүмүүс байр байшин руу тэмүүлээд байдаг юм бэ" гэсэн агуулгаар сэтгэгдлүүдийг бичиж, маш гоё хүлээж авсан. Тэр цагаас хойш гэрийнхээ бичлэгийг хийж, монгол гэрт ч тохь тухтай гоё орчинг бүрдүүлээд байранд амьдарч байгаа юм шиг тав тухтай амьдарч болдог юм шүү гэдэг үзэл санааг илүү олон хүнд хүргэхийг хичээж, контентуудаа бүтээгээд явж байна даа.
-Яг энэ агуулга, мессежээ хэр олон хүнд өгч чадсан гэж бодож байна?
-Өөрийнхөө хэмжээнд маш сайн өгсөн гэж боддог. Ялангуяа хөдөө орон нутагт амьдардаг залуу бүсгүйчүүд миний бичлэгүүдэд их дуртай байдаг. Яагаад гэхээр хөдөө амьдардаг айлууд тэр болгон байранд эсвэл хашаа байшинд амьдраад байх боломж байдаггүй. Сум орон нутагт тэр болгон орон сууц ашиглалтад ордоггүй. Тийм болохоор "Монгол гэрийг ингэж гоё тохижуулаад тав тухтай амьдрах боломж бололцоо байдаг юм байна. Бид өөрсдийнхөө сэтгэлгээг л жаахан өөрчлөх байсан юм байна. Маш гоё санаа авлаа. Гэрээ тохижуулна. Таны бичлэгүүдийг үзээд гэрт амьдрахаар шийдлээ" гэх мэт сэтгэгдэл, чатууд маш их ирдэг.
-Нэг хэсэг Ховд аймгийн айл болчихсон байсан уу. Байранд амьдарч байсан санагдаж байна?
-Тийм. Манайх Ховд аймаг руу шилжиж очоод хэсэг хугацаанд амьдарсан. Гэрээ аавынхаа хашаанд бариад зуны 3 сар амьдарчхаад өвөл, хавар, намрын улиралд нь байр түрээслээд амьдарч үзсэн. Тэр үед би юуг ойлгосон бэ гэхээр миний гэрийг гүйцэх газар байхгүй юм байна гэдгийг ойлгож авсан. 3 өрөө том байранд амьдарч байгаа хэрнээ 5 ханатай гэрээ үгүйлээд байдаг юм байна лээ. Эргээд Улаанбаатарт амьдрахаар ирэхдээ эргэлзээгүйгээр гэрээ ачаад ирсэн.

-Гэрийнхээ тохижилтын талаар товчхон мэдээллийг өгөөч. Гэрийнхээ тохижилтод хэр их анхаардаг вэ. Байнга өөрчилдөг үү?
-Намайг байнга үзэж, дагадаг хүмүүс бол мэднэ. Манай гэр бараг л сар болгон өөрчлөгддөг. Үндсэн тавилгуудаа би 1-2 жил л байлгадаг. манайх тавилгуудаа монгол гэрийн онцлогт тааруулан хийлгэж, зай талбай бүрээ ашигласан. Гурван хүүхдийнхээ хувцас болон ор хөнжил гээд бүх зүйлсээ гурван хаалгатай шкафт маш эмх цэгцтэйгээр багтаасан. Гал тогоогоо мөн ялгаагүй яаж ийгээд болгосон. Зургаан ханатай гэрт маань бидний ор, буйдан, хоолны ширээ сандал, гал тогоо, хувцасны хэсэг, хүүхдийн маань хичээл хийх хэсэг, миний жижиг номын сан гээд олон зүйл бий. Эндээс онцлох нь манай авдар. Айл болгоны хойморт байх ёстой гэж боддог. Бид авдраа орчин үеийн загвараар гэрийн тохижилтод тохирсон өнгөөр хийлгэсэн. Ганц энэ авдарт хань бид хоёрын 20 гаруй дээр бусад үнэт зүйлс маань байдаг. Бусад тавилгуудын хувьд ялгаагүй дотроо зай талбай ихтэй. Бас манайх олон тавилгатай ч зайтай, цэлгэр, цэвэрхэн харагдаж байгаа нь гэрийн цагаан өнгөтэй холбоотой.
-Таны гэрээ цэвэрлэж байгаа бичлэгүүдийг маш олон хүн үздэг. Яагаад яг тийм бичлэг хийх болсон бэ?
-Яг олон нийтийн сүлжээнд тавья гэж бичлэг хийж эхлээгүй юм. Дийлэнх нөхрүүд эхнэрээ гэртээ хүүхдээ хараад зүгээр сууж байдаг гэж ойлгодог. Манай нөхөр бас хүүхдээ хараад гэртээ суудаг байхад утсаар залгаад “юу хийж байна” гэж асуудаг байсан. Тэр асуултад нь би хариулт өгөх гэж нэг өдөрт хийж байгаа бүх ажлаа утсан дээрээ бичиж хурдасгаад нөхөртөө үзүүлж байсан юм. Дараа нь тэр бичлэгээ сошиалд тавьснаар олон хүнд хүрсэн. Өгөх гэсэн санаа нь таалагдсан юм болов уу гэж боддог. Түүнээс хойш бичлэгээ тасралтгүй хийх байгаа. Шалтгаан нь ганцхан миний нөхөр биш. Айл болгонд байгаа нөхөр, хадам ээж, аав, найз нөхөд, нийгэм тэр чигтэй хүүхдээ харж суугаа эмэгтэйчүүдийг эергээр хүлээн авч, биднийг гэртээ ажиллаж байгаа гэдэг нүдээр хардаг болоосой. “Гэртээ суудаг авгай” гэдэг ойлголтыг халах юм сан. Бид ч бас ажилладаг шүү гэдгийг ойлгуулъя гэсэн үүднээс гэрийн ажлын бичлэгээ тасралтгүй хийсээр байгаа.
Албанд ажиллаж байгаа хүнд ажлын цаг, түүндээ тохирсон цалин гэж бий. Харин ээжүүдэд ажил тарах, орох цаг, амралтын өдөр гэж байдаггүй шүү дээ. Үүнийг нь ойр тойрныхон нь ойлгодог байгаасай. Хажуудаа байгаа хань ижил, хайрт охин, бэрийгээ хайрлаж энэрээсэй гэдэг мессежийг л олон нийтэд өгөхийг хүсдэг.
"ГЭР ХОРООЛОЛД, МОНГОЛ ГЭРТ ЯДУУ, ДОРОЙ, МӨНГӨГҮЙ, АРЧААГҮЙ ХҮМҮҮС АМЬДАРДАГ". ЭНЭ СЭТГЭЛГЭЭГ Л ӨӨРЧИЛМӨӨР БАЙНА
-Монгол гэртэй холбоотой агуулгаар яг ямар мессежийг хүмүүст хүргэхийг зорьж контентуудаа хийдэг вэ?
-Хүмүүс намайг монгол гэр гэсэн агуулгаар контент хийж, мөнгө олоод байна гэж хараад байх шиг байгаа юм. Яг үнэнийг хэлэхэд надад Улаанбаатар хотод нэг өрөө байр авчих санхүүгийн чадвар алга. Энэ бол монголын бүх залуу гэр бүлүүдэд тулгамдаж байгаа асуудал. Эхнэрүүд нь ээжийнхээ ажлыг хийгээд ганцхан нөхрийн цалингаар амьдралаа залгуулдаг учраас байранд орьё, байшин барья гэхээр санхүү, мөнгөний асуудал дээр очоод гацчихдаг. Тийм учраас би амьдралынхаа боломжид л тааруулж амьдарч байгаа хүн гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Мэдээж үүнээс гадна дээр хэлсэнчлэн монгол гэрт амьдрах таатай санагддаг учраас амьдрах дуртай. Тийм ч учраас зөвхөн байранд биш 5 ханатай монгол гэртээ ч тухтай, тохьтой амьдрах боломж байдаг юм шүү гэдэг мессежийг өгдөг. Түүнээс гадна Монгол гэрт амьдрах орон сууцанд амьдрахаас зарлага багатай байдаг. Тиймээс өндөр үнэтэй байр түрээслэх сонголт хийхээсээ өмнө "Байранд орох боломжтой болтлоо монгол гэртээ амьдраад мөнгөө хуримтлуулах боломж бас байдаг" гэдгийг бодож үзээсэй гэж хүсдэг.

-Монгол гэрт амьдрахын давуу тал нь юу вэ?
-Маш олон давуу тал байгаа. Мэдээж байр бол гоё. Халуун устай, дулаахан. Гал түлдэггүй учраас цэвэрхэн сууц. Яг тэр таатай байдлыг монгол гэрт яаж бий болгох вэ гэдэг нь чухал.
-Монгол гэрт амьдарч байгаа айлуудын гаргадаг хамгийн том алдаа нь юу вэ. Яаж ийм гоё эмх, цэгцтэй байж болох юм бэ гэдэг дээр гоё зөвлөгөө өгөөч?
-Монгол гэрийн нэг том давуу тал нь хана нь хойшоо хүнхэр байдаг. Тэр онцлогийг шингээсэн гоё тавилгууд их гардаг болсон байна. Тиймээс ханаруугаа маш сайн ордог зайтай тавилгууд сонгоорой гэж зөвлөмөөр байна. Тэдгээрийн дотор маш их зүйлийг агуулж болдог шүү гэж зөвлөмөөр байна. Гэрт амьдардаг хүмүүс яагаад цэгцгүй, хөглөрсөн харагдаад байдаг вэ гэхээр жижигхэн учраас эмх цэгцгүй байдаг. Гэхдээ энэ бол тухайн гэрт амьдарч байгаа хүмүүсийн эмх цэгц болоод зохион байгуулалтын л асуудал. Миний амьдарч байгаа энэ 5 ханатай гэрт 5 хүний хувцас хунар, хоол унд, хичээл ном гээд хүний хэрэглэж болох бүх л юм байгаа. Тэгсэн хэрнээ ил харагдаж, хөглөрөх юмгүй эмх цэгцтэй амьдарч болоод л байна.
-Тэр нууц нь юундаа байгаад байна вэ?
-Зай талбайг хэмнэсэн хэрнээ багтаамжтай тавилгуудаар шийдсэн. Монгол гэрт аль болох эд зүйлсээ нуух гэсэн ганцхан зарчмыг баримталдаг. Ил задгай байгаад байхаар эмх цэгцгүй харагддаг гэж ойлгож болно. Дээрээс нь бүх тавилгаа цагаан өнгөөр шийдсэн учраас цэлгэр том бас цэгцтэй харагдаад байгаа юм. Монгол гэрт амьдардаг хүмүүсийн гаргадаг нэг том алдаа нь маш олон өнгийг нэг дор байлгадаг. Гоё харагдсан юм болгоноо өнгө харахгүй шууд авчихдаг. Гэрт 3-аас дээш өнгө холилдоод ирэхээрээ л цэгцгүй харагдаад эхэлдэг.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.




Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!