Эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг эргэж харахаар улс төрийн хүрээнд яригдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 29 секунд

Монгол Улс өнгөрсөн 2024 оны сонгуулийн дараагаар парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллөөрөө дэлхийн жишигт хүрсэн. Ази тивдээ тэргүүлж нийт 32 эмэгтэй гишүүнтэй болсон юм.

Үүнээс гадна улс төрийн намын тухай хуулиараа удирдлага, бүтцийн хүрээнд ч эмэгтэйчүүдийн квотыг өсгөж, улс төрийн оролцоог нэмэгдүүлээд байгаа юм. Хууль өнгөрсөн оны сүүлээр бүрэн хэрэгжиж намууд удирдлага, бүтцийнхээ 30 хувьд эмэгтэйчүүдийг оруулах ажлыг зохион байгуулж дуусаад байгаа билээ.

Энэ үеэр намуудын хамгийн их толгойны өвчин болж байсан зүйл бол эмэгтэйчүүдийн квот. Бүтцийн тодорхой хувьд заавал эмэгтэйчүүдийг оруулах хуулиа дагахаар нэг талд нь эрчүүд нь багтахгүй болж өрсөлдөөн ширүүссэн. Нөгөө талд нь заавал гээд зүтгүүлэхээр шаардлага болзолд нийцэх эмэгтэйчүүд нь цөөдлөө гэдэг яриа тасралтгүй гарсан юм.

Тэгвэл ойрын үед сонгуулийн тухай хуулийг эртхэн өөрчлөх яриа, шахалтууд улс төрд өрнөж байна. Үүнийг дагуулж эмэгтэйчүүдийн квотын асуудлыг эргэж харах талаар улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн намын хууль болон сонгуулийн тухай хууль дээрээ ухралт хийх эрсдэл үүсэж магадгүй юм.

Эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 2028 онд 40 хувьд хүргэхээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.2-т тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, дараагийн парламентын сонгуульд эмэгтэйчүүдийн нэр дэвших, төлөөллөө баталгаажуулах явдал одоогийнхоос ч нэмэгдэнэ гэсэн үг.

Тиймээс АН, МАН тэргүүтэй улс төрийн намуудын эрчүүдээс бүрдсэн шийдвэр гаргагчид эмэгтэйчүүдийн нэр дэвшилтийн квотын асуудалд ихээхэн анхаарал хандуулж эхэлсэн бололтой. Хэрвээ хууль хэвээрээ хэрэгжвэл эрэгтэй нэр дэвшигчдийн мандатын тоо буурч, орон зай багасна. Мөн эрчүүдийн дундах мандатын төлөөх өрсөлдөөн улам бүр ширүүсэх учиртай.

Харин яг ямар хэмжээний өөрчлөлт хийх нь одоогоор тодорхойгүй байна. Магадгүй 40 хувь хүрэх зааалтыг эргэж харах уу, жагсаалтын дараалалд анхаарал хандуулах уу.

Олон улсын төрийн албаны удирдагчдын форумд оролцож байна
Олон улсын төрийн албаны удирдагчдын форумд оролцож байна
 
“ДЦС-4”-д гарсан гэмтлийг 09:46 цагт засварлаж, хэвийн горимд шилжжээ
“ДЦС-4”-д гарсан гэмтлийг 09:46 цагт засварлаж, хэвийн горимд шилжжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!