Б.Орхонбаяр: Үндэсний бөхөө яагаад сумо шиг хөгжүүлж болохгүй гэж

Ангилал
Спорт Ярилцлага
Огноо
Унших
32 минут 13 секунд

“NTV” телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн шинэ оны эхний дугаарт Улсын арслан Баярсайханы Орхонбаяр оролцлоо. Түүний хувьд өнгөрөгч оны төгсгөлд дэлхийн олон орны үзэгчдийг байлдан дагуулсан "Physical Asia" шоунд оролцож, дэд байр эзэлснээс гадна "Ерөнхийлөгчийн цом"-ыг хоёр дахь удаагаа өргөсөн билээ.

-Юун түрүүнд танд баяр хүргэе.

-Баярлалаа. Нийт монголчууддаа үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Тэгэлгүй яах вэ. Үндэсний эрх чөлөө буюу тусгаар тогтнолоо дахин олж авч, сэргээн мандуулсан гэдэг нь 12 дугаар сарын 29-ний өдрийн энэ барилдааны гол утга учир гэж бодож байна. Энэ утга учир, монголын өв соёл, үндэсний бөхийг олон нийтэд таниулж яваа энэ цаг үеийн шилдэг арслангийн хувьд тусгаар тогтнолыг та юу гэж хардаг вэ?

-Үндэсний их баяр наадмаас тусгаар тогтносон улс шүү гэдгээ хамгийн их мэдэрдэг. Энэ бол бидний сэтгэл зүрхэнд мөнх зүйл. Жил бүр тусгаар тогтносон энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Сүүлд "Physical Asia" шоунд оролцож байх үед н.Лхагва-Очир ах туганд очиж мөргөх үед туурга тусгаар улс ямар сайхан юм бэ гэдгийг шар үс бостол мэдэрсэн. Яагаад гэвэл, олон сая хүн амтай ч тусгаар тогтноогүй улсууд бий шүү дээ. Гэтэл бид 3.5 сая хүн амтай ч тусгаар тогтносон улс.

-Барилдааныхаа талаар товчхон яривал. Таны хувьд 2022 онд Ерөнхийлөгчийн цомыг хүртэж байсан. Хоёр дахь удаагаа энэ цомыг өргөх мэдрэмж ямар байв?

-Чансаа өндөр 128 бөх барилдлаа. Өнөөдөр сайхан барилдаж, тэнгэр намайг ивээж хоёр дахь удаагаа энэхүү цомыг хүртлээ. Маш их баяртай байна.

-Мэдээж бүх барилдаанууд хүнд байсан байх. Олны анхаарлын дунд байсан барилдаанууд ч байна. Бөх сонирхогч, үзэгч миний хувьд анхаарал татсан барилдаан бол н.Алтанцоож арслантай хийсэн барилдаан байлаа. Та хоёрын хооронд дунд сонирхолтой түүхүүд ч байдаг. Улсын наадмын 4-ийн даваанд хоёр ч удаа таарахдаа та давж байсан юм билээ. Улсын цолонд хамгийн ойр бөхчүүдийн нэг гэж нэрлэгдэж байсан бөх маань нугалаа дээр таарсан байсан. Ер нь ямархуу тактиктай барилдав?

-Хурц арслан бид хоёр чинь олон удаа таарч барилдаж байгаа. Тухай бүртээ барилдааныхаа дүгнэлтийг хийгээд сайхан барилдаж байгаа. н.Алтанцоож арслан бол үнэхээр бяртай, хүчтэй сайн бөх. Өөрийнхөөрөө барилдаж, сайхан давлаа.

-Хурц арслантай хийсэн барилдаанаас гадна энэ удаагийн барилдааны онцлог нь үзүүр түрүүнд аймгийн цолтой бөх гарч ирлээ. Чансаа өндөр 128 бөх барилддаг учраас шөвгийн дөрөв рүү улсын цолтой бөхчүүд гарч ирдэг, аймгийн цолтой бөхчүүдэд боломж бага олддог байсан. Энэ удаа үзүүр түрүүнд гарч ирж барилдлаа. Энэ барилдааны талаар болоод шинэ залуу аймгийн арслан н.Баяржавхлантай хийсэн барилдааныхаа талаар яривал?

-н.Баяржавхлан арслан маань өнөөдөр маш сайхан барилдаж, хүчтэй өрсөлдөгчдөө давж өндөр даваанд гарч ирсэн. Бид хоёрын хувьд олон жил цуг бэлтгэл хийж байгаа. Нэг нэгнийхээ алхаа гишгээ, барилдаан бүрийг андахгүй мэддэг болчихсон хоёр. Манай дүү өнөөдөр маш мундаг барилдлаа.

-н.Баяржавхлан арслан маань Өсөх-Ирээдүй багш дээр цуг бэлтгэл хийж байгаа гэсэн. Та бүхэн хэзээнээс хойш бэлтгэл хийж байна?

-Бид хоёр олон жил хамтдаа бэлтгэл хийж байгаа. Хүүхэд байхаас нь эхлүүлээд бэлтгэл хийж, өнөөдрийг хүрсэн учраас бие биенийхээ барилдааныг сайн мэдэж байгаа.

-н.Жаргалбаяр зааныг амлаж авсан нь их сонирхолтой байсан. Аймгийн цолтой бөхчүүдээс гадна өөр авах боломжтой бөхчүүд ч байсан. Сэлэнгэ аймгаар овоглож барилддаг зааныг 5-ын даваан дээр авсан байх аа?

-Тийм ээ. Тухайн үедээ заан ахтайгаа сайхан барилдъя гээд амлаж авсан.

-Ер нь улсын наадам дээр ч, томоохон барилдаанууд дээр ч амыг их бодож авдаг байх. Ер нь ам авахдаа сайнаас нь авъя гэдэг залуу арслангийн эрч хүч байдаг байх. Мөн төлөвлөгөө ч байдаг байх?

-Гоё өдөр гэж байдаг даа, тийм ээ. Бөх хүнд сайхан барилдвал барилдчихмаар ч юм шиг өдөр байдаг. Тийм үедээ аль болох хүчтэй өрсөлдөгчдөө авч хүч үздэг. Түүнээс биш байнга аваад байна гэж байхгүй л дээ.

-Мэдээж давахын тулд өөрт арай гайгүй санагдсан бөхөө л авна шүү дээ. Гоё өдөр гэдэг дээр асууя гэж бодлоо. Тухайн өдрийн байдал бас нөлөөлдөг юм шиг байгаа юм. Өглөө босоход төрөх тэр мэдрэмж их чухал юм шиг. Ерөнхийлөгчийн цомтой өглөө хэр өөртөө итгэлтэй байв?

-Өглөө гарахдаа л өөртөө итгэлтэй байсан. Ерөнхийлөгчийнхөө цомыг өргөчихье гэж бодсон. Бие хаа ч жигд, амарчихсан, бэлтгэл сургуулилт ч жигдэрсэн байгаа учраас зорьж ирсэн. Хүчтэй өрсөлдөгчид байлаа. Хамгийн гол нь тэнгэр ивээлээ.

-Хоёр дахь удаагаа энэхүү алдар хүндтэй цомыг хүртэнэ гэдэг бол маш том амжилт. Ялангуяа энэ цаг үеийн чансаа өндөр 128 бөхчүүд бүгдээрээ оролцож байгаа барилдаан шүү дээ. Ер нь ам авах гэдгээс гадна том барилдаануудад хүлээлт өндөр байдаг бөхчүүдийн нэг гэдэг утгаараа сэтгэл зүй их чухал байх. Наадам дээр ч, томоохон барилдаанууд дээр ч итгэл их хүлээлгэдэг шүү дээ. Энэ зүйлийг та яаж давж гардаг вэ?

-Бид бараг л жилийн 365 хоног бэлтгэл хийж байгаа шүү дээ. Хүлээлт өндөр байгаагийн хэрээр сэтгэл зүйгээ ч зохицуулаад сурчихсан байдаг л даа. Барилдаанаас барилдааны хооронд зохицуулаад сурчихсан байдаг.

-Дасахаас гадна дарамт бас орж ирдэг байх. Ийм нөхцөлд яаж өөрийн сэтгэл зүй дээр ажилладаг вэ. Багш болон дэвжээнийхэнтэйгээ ярилцаж, үүнийг давдаг уу. Ер нь спортын хамгийн гол зүйл бол сэтгэл зүй юм билээ?

-Би ерөөс дарамт гэж хүлээж авдаггүй. Яахав. Хүмүүс надаас юм хүсэж байгаа. Гэхдээ энд хүмүүсийнхээс гадна миний өөрийн хүсэл явж байгаа. Өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө хөдөлмөрлөж байгаа учраас хамгийн аз жаргалтайгаар өөртөө шаардлагаа тавиад бэлтгэл сургуулилтаа хийдэг.

-Монголын ард түмэн Б.Орхонбаяр арсланд маш их хүлээлт тавьдаг, их амжилтыг хүсдэг. Ялангуяа улсын их баяр наадам дээр. 2022 оны наадамд үзүүрлэсэн. Тэр цагаас хойш өөрийг тань хэзээ улсын наадамдаа сайн барилдах бол гэж хүлээж харж байгаа. Өнгөрсөн наадмаар 6-ийн даваан дээр жаахан харамсалтайгаар уначих шиг болсон. Тэр үед юу болоод өнгөрөв?

-Би хэтэрхий яарч барилдсан юм болов уу. Түүнээс биш н.Билгүүтэй ах маань харцага болсон. Ер нь би өөрөөсөө л буруу хайдаг л даа. Намайг л давж, харцага болох ёстой байсан юм байлгүй. Хамгийн гол нь бэлтгэл сургуулилтаа л сайн хийгээд, бэртэл гэмтлээс хол байх нь чухал гэж боддог. Яагаад гэвэл би 2023 онд мөрөндөө их хүнд бэртэл авсан. Түүнээс хойш бэртлээ эдгээх гэж барилдаандаа нэлээдгүй хугацаа алдсан.

-Барилдахаасаа гадна нөлөөлөх инфльюнсерийн ажлыг арслан маань сайн хийж байна. Монголчууд үүнд маш их талархалтай хандаж байгаа. Бэлтгэл сургуулилт нь жигдэрч байна уу. Он гараад л цагаан сар, наадам гээд үргэлжилнэ. Сүүлийн хэд хэдэн барилдааныг өнжсөн. Бөх сонирхогчид маань арслангаа үгүйлээд байх шиг байна?

-Би сүүлийн хэд хэдэн барилдааныг өнжсөн боловч бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж байгаа. Энх-Оргил ах бид хоёр шоуны үеэр бэлтгэл их хийдэг байсан. Хэчнээн шоуны зураг авалт их байсан ч цугтаа бэлтгэл хийж, бие биеэ хурцалдаг байсан. Дашрамд гэхэд, Энх-Оргил ах маань МУГТ гэх эрхэм цолоор энгэрээ мялаасанд нь халуун баяр хүргэмээр байна.

-Та бид хоёрын ярилцлага барилдаанаас гадна Physical Asia шоуны талаар байх юм. Шоуны сэтгэгдлийг таниас сонсоё гэж бодож байна?

-Шоунд улс улсаа төлөөлж орж байгаа шүү дээ. Тийм болоод ч тэр үү хүнээс маш их хүч гардаг юм байна гэдгийг мэдэрсэн. Өөрийнхөө төлөө хөдлөх нэг өөр. Бүхэл бүтэн улсынхаа нэр хүндийг хамгаалж орох өөр л байдаг юм билээ. Тийм учраас шоундаа аль болох маш хариуцлагатай байж, бүх багаа ялахыг хичээсэн. Ард маань Монгол Улс болоод үндэсний бөхийн маань нэр хүнд явж байгаа гэж бодож маш их хичээсэн.

-Шоундаа дэд байр эзэлсэн. Сүүлийн мөчид сэтгэл зүй их хөдөлсөн байх. Бид ч ялгаагүй, маш их сэтгэл хөдөлж үзсэн. Шоуны төгсгөлийн мөчид ямар сэтгэгдэл төрж байв. Оролцож байх үед эх орноороо бахархах мэдрэмж нь арай өөр байсан болов уу?

-Бид нар оролцож байгаа бусад улсуудаа хараад итгэл тийм тод биш байсан. Хүчтэй өрсөлдөгч нартай баг бүрдсэн байсан. Хамгийн гол нь бүгдээрээ чадахаасаа чадахгүй хүртэл эцсээ хүртэл тэмцье, дараа нь харамсах зүйлгүйгээр эх орон руугаа буцъя гэж ярьцгааж байсан.

-Бие бялдар, сэтгэлзүйн хувьд давж гарсан хамгийн хүнд цаг мөч нь юу байв. Бид бол дэлгэцийн наана харагдаж байгаа гоё сайхан зүйлсийг нь л харж байгаа шүү дээ. Түүний цаана нэлээн хүнд цаг мөчүүд байсан байх?

-Энэ шоу нь хэчнээн Netfilx-н шоу боловч ард явагдаж буй зураг авалт үнэхээр чанга болж байсан. Аль болох хүний тэсвэр тэвчээрийн дээд хязгаарт тулгаж байсан. Үзэгчдэд монтаж орсноор хүрч байгаа шүү дээ. Монтажгүйгээр бид чинь 24 цаг зураг авалт үргэлжилж, хоорондоо өрсөлдөж байсан цаг үе ч бий. Энэ бүгд л хэцүү байсан. Шүдээ зуугаад хамтдаа гээд ард нь гарсан.

-Шоуны дараа маш олон хүмүүс Physical Asia-д анхаарлаа хандууллаа. Та бүхэн ч бас олон хөтөлбөрүүдэд оролцож байх шиг байна. Та бүхний үзэгчдэд барихаар бэлдэж буй дараагийн хөтөлбөр юмс юу байна?

-12 дугаар сарын 24-нд Солонгост "Welcome to Mongolia" гээд тусгай дугаар цацагдсан. Зул сарын баярын өмнө цацагдаад нэгдүгээр сарын 1,2-нд дэлхийд цацагдана гэсэн үг. Дөрван ангитай. Бид маш богино хугацаанд буюу хоёрхон өдрийн дотор монголыг, өв соёлыг танилцуулахыг хичээсэн. Netfilx-н баг нь хоёрхон өдөр ирээд зураг авалтаа хийчхээд л явчихсан.

-Шоутай холбоотой бүхий л сэтгэгдлүүд эерэг байсан байх. Энэ дотроос хамгийн их сэтгэлд буусан нь юу байв?

-Манай продьюсер "Монголын зуны сайхныг хүн бүр мэднэ. Ямархуу агуу түүх соёлтойг дэлхий даяар мэдэж байгаа. Монгол хүний мөн чанарыг харуулж чадсандаа маш их баяртай байна" гэж хэлсэн. Тэр үед сэтгэл маш их хөдөлсөн. Тэгэхдээ "Монголын өвлийн сайхныг дэлхий мэддэг болно оо" гэж хэлсэн нь ч гоё санагдсан.

-Шоугаар монгол хүний тэсвэр тэвчээр, оюун ухаан гээд маш олон зүйлсийг харуулсан. Үүгээр дамжуулан монгол төрийн хийж ч чадаагүй монгол орноо сурталчлан таниулах үйл явдал болсон. Одоо ч үргэлжилж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Зүүн өмнөд Азийн улс орнуудаар үзэлт маш өндөр байгаа юм билээ. Тиймээс ирэх зуны наадам, хавраас монголын аялал жуулчлалыг дагасан хөл хөдөлгөөн нэмэгдэх байх гэж найдаж байна. Тэр болгон дээр бүгд л сайхан сэтгэгдэлтэй буцаасай, монголчууд маань аль болох эелдэг байж, монгол эх орноо сонирхуулаасай гэж хүсэж байна. Тэгж чадвал жил ирэх тусам жуулчдын тоо нэмэгдэх байх.

-Шоунд оролцсоны дараа монголчууд их сайхан хүлээж авч байна. Ялангуяа Зүүн өмнөд Азид Солонгос Япон гээд арсланг очиход маш сайн таньж, хамтдаа олон зүйлсийг хийгээд явах мэдрэмж ч бас сайхан байсан байх?

-Тийм байна лээ. Анх бид шоунд ороход биднийг Солонгост хэн ч танихгүй, шууд л студи руугаа явж байгаа шүү дээ. Сүүлд ажлын шугамаар хоёр удаа явсан. Онгоцноос дөнгөж буугаад л хүмүүс таньж эхэлж байсан. Гоё л юм байна лээ. Яг л монголд явж байгаа юм шиг сайхан мэдрэмж авсан.

-Инстаграм дагагчийн тоо хэд хүрсэн бэ?

-460 мянган дагагчтай болсон.

-Дагагчийнх нь 20 хувь нь монголчууд уу?

-30 хувь нь монголчууд. 70 хувь нь гадаадууд. Улс бүрээс.

-Өнгөрсөн хугацаанд олон хүмүүс арслангийн барилдааныг үгүйлсэн. Шинэ үед гарч ирсэн залуу том цолтой бөхчүүд байна. Залуу хүн бүр цолоо ахиулах, улсын баяр наадамд түрүүлэх зорилго тээдэг. Ер нь үндэсний бөхийн хөгжлийг та юу гэж хардаг вэ. Залуу хүний хувьд арай өөрөөр хардаг байх. Тэр тусмаа олон улсад хөл тавиад, шоунд оролцоод гадагш боломж байгааг харсан хүний хувьд сонирхож асуумаар байна л даа?

-Монголд энд тэнд фестиваль болдог шүү дээ. Тэр үед үндэсний бөхийн зодог, шуудаг малгайтай тугаа бариад гараад ирэхэд гадаадууд ойлгодоггүй шүү дээ. Одоо бол хаана ч харсан мэддэг болчихсон байна лээ. Тэгэхээр энэ нь өөрөө бас нэг давуу тал болж эхэлж байна. Дэлхийд танигдаж эхэлж байна. Яваандаа магадгүй сумо шиг болох ч юм билүү. Наадмаар монголчууд маань барилдана. Наадмаас бусад барилдаануудыг сумо шиг байдлаар хөгжүүлж болох байх гэж боддог. Гэхдээ энэ бол миний л хувийн бодол л доо.

-Би өөртэй тань яг адил бодолтой явдаг. Асуух гэж байсан юм. Та ч өөрөө сумо гээд хэлчихлээ. Бидний зорилго бол өв соёлоо таниулах, үндэсний бөх сонирхогчдоо улам нэмэгдүүлэх чиглэлд анхаарах ёстой. Магадгүй олон улсад гарахын тулд мэргэжлийн спорт болгоод илүү анхаараад явбал боломж байгаа юм болов уу гэж хардаг?

-Би ч бас залуу хүний хувьд адил бодолтой явдаг. Яагаад сумо шиг хөгжүүлж болохгүй гэж. Гэхдээ үндэсний спорт учраас үндэсний их баяр наадмаа монгол туургатнаараа авч яваад, бусад үед аль ч улсын тамирчин барилдаж амжилт гаргаж болно гэж боддог.

-Магадгүй эхэн үедээ амжилт үзүүлэх зүйл нь алдагдаад ч гэх юм уу гадны чадалтай бөхчүүд өрсөлдөөн үүсээд явах байх. Гэхдээ монгол хүний цусанд байдаг бяр тэнхээг бодоод үзвэл урт хугацаандаа гадныхан ноёлоод явна гэж би бодохгүй байна?

-Би Physical Asia-д орж байхдаа л мэдсэн л дээ. Монгол хүний бяр шөрмөс ондоо байдаг юм байна. Аж ахуйч ухаан ч гэх юм уу, монгол ухаан гэж байдаг юм байна гэдгийг гадаадын тамирчдыг хараад л мэдэрсэн. Арай л өөр байдаг юм билээ.

-Та бүхэн тус шоунд багаараа оролцсон. Шоунаас харахад, монгол эмэгтэйчүүд ч ялгаагүй хүчтэй, тэвчээртэй байсан. Багийнхаа эмэгтэйчүүдийн талаар та ямар бодолтой байна?

-Маш их тэвчээртэй байсан. Өөрт оноогдсон үүрэг даалгавараа хамаг л нөөц бололцоо, хамгийн сайнаараа биелүүлж байсан. Манай тамирчдын хувьд бүгд сайн оролцсон.

-Хэнтэй нь арай илүү ойлголцож, ойр байсан бэ?

-Ер нь л тэгээд бид чинь бүгд л ойр харилцаатай байсан. Хүлээлгийн өрөө, халаалтын өрөө гэж байдаг. Улс улсаараа арын албаныхан болон орчуулагч нартай байсан. Арын өрөөндөө халаалтаа хийгээд л зургуулаа байж байдаг байсан. Манай сэлгээний хоёр маань зочид буудалдаа хүлээгээд байж байсан. Өдөр бүр л цугтаа байцгаасан.

-Багууд хасагдаад өрсөлдөөн чангарах үед ямархуу мэдрэмж төрж байв. Эхэндээ шоундаа сайхан оролцъё гэж бодож байсан байх. Төгсгөл рүүгээ амжилт гаргах боломжтой байгаагаа анхаараад илүү итгэл нэмэгдсэн байх?

-Энэ багийг хожно доо гэсэн итгэл тийм ч их байгаагүй. Ямар даалгавар ирэхийг мэдэхгүй. Гэхдээ ямар ч даалгавар ирсэн тухайн үед тактикаа боловсруулаад хамаг хүчээ дайчлаад харамсах зүйлгүй оролцъё л гэж байсан.

-Хамгийн хүнд даалгавар нь юу байв. Мэдээж бүгд л биеийн хүч шаардсан сорилтууд байсан л даа?

-1.2 тонн ачааг 100 тойруулах даалгавар хамгийн чанга байсан. Хоёр цаг 30 минутад тойруулсан.

-Тэр урт удаан хугацааны өрсөлдөөний хажуугаар бэлтгэл хийгээд байсан гэхээр их гайхалтай санагдаж байна. Тэнд шоу зохион байгуулж байгаа хүмүүсээс ямар хандлагатай байв?

-Зохион байгуулалт маш гоё болсон. Тэнд бараг 500-аад зураглаач байсан байх. Засчихсан тайзны эргэн тойронд 360 камер байсан. Гэхдээ харагдахгүй шүү дээ. Зураг авалтын талбайгаас гадна арын албанд маш олон хүн ажилласан. 2-3 хүнд нэг машин гаргаж өгч байсан. Зохион байгуулалт маш өндөр түвшинд явагддаг юм билээ. Гарах бүрт нэг орчуулагч дагаж явдаг. Нууцлалын гэрээ өндөр. Маш гоё зохион байгуулалттай болдог юм байна. Дэлхийн шоу ингэж л болдог юм байна даа гэж тэнд мэдэрсэн дээ.

-Анх санал тавих үед хэрхэн хүлээж авсан бэ. Мэдээж арслангийн хувьд энд ээлж дараалсан олон барилдаан, бэлтгэл гээд олон зүйлс байсан байх?

-Тухайн үед бэртэлтэй байсан. Үндэсний бөхөө төлөөлж орж байгаа юм чинь яагаад болохгүй гэж бодоод шулуудсан.

-Үндэсний өв соёл гэхээр олон зүйл ярьдаг л даа. Миний хувьд өв соёлыг хамгийн томоор тээж яваа, олон нийтэд түгээж байгаа төлөөлөл бол бөхчүүд гэж хардаг. Өв соёлоо хайрлаж, хамгаалах тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Бидний ондооших зүйл бол нүүдэлчин аж ахуй, соёл, үзэсгэлэнтэй байгаль, эх орон, ур ухаан гээд энэ бүгд өв соёлыг тээж яваа зүйлс. Дэлхий ертөнц маш хурдацтайгаар хөгжиж байна. Энэ хэрээр хүмүүс эргээд амар амгаланг л эрж хайж байна. Монголын хөдөө тал нутаг, цаг агаарыг мэдрэх нь монголын давуу тал гэж ойлгож байна.

-Шоуны оролцогчид монголд ирсэн, та ч өөрөө Солонгос руу явж олон арга хэмжээ хөтөлбөрүүдэд оролцож байна. Ингээд харахаар монголд үндэсний бөхөөс гадна монгол өв соёлынхоо юугаар нь илүүтэйгээр бахархаж байв?

-Монголын ард түмэн элгэмсэг, дайламтгай хүмүүс шүү дээ. Нэгдүгээрт, монгол хүний зан чанар ямар сайхан юм бэ гэж санагдсан. Physical Asia-д оролцож байхад монголчууд ямар эелдэг юм бэ, ямар өөриймсөг ханддаг юм бэ гэж бидэнд хэлж байсан. Хоёрдугаарт, монголын байгаль. Манай байгаль үнэхээр сайхан. Дураараа хаана ч гэрээ барина. Хаана ч галаа түлнэ. Энэ бидний давуу тал. Эх орны минь бүх зүйл л сайхан санагдаж байна.

-Залуу арслангаас монголын ард түмний хүсэж байгаа зүйл бол дахин сайхан барилдаж, төрийн наадмын түрүүг аваасай гэж байгаа. Үзэгчдийн хүслийг биелүүлж, гүйцээхийн тулд бэлтгэл сургуулилтаа сайн хийж байгаа байх. Өөртөө итгэх итгэлийн талаар ямар бодолтой байдаг вэ?

-Аль болох өөртөө итгэлтэй байхыг хичээдэг. Суусан цэцнээс явсан тэнэг гэдэг дээ. Хөдөлмөрлөх маш чухал гэж боддог. Хөдөлмөрлөсөн хүнд л аз ирнэ гэж боддог. Тиймээс сайн хөдөлмөрлө. Хэзээ нэгэн цагт аз ирэхийн хувьд ирнэ. Тэр үед чи бэлэн байх ёстой. Тэр азыг тосоход бэлэн, бэлтгэлтэй, сайн хөдөлмөрлөсөн байх ёстой л гэж боддог доо.

-Энэ асуулттай уялдуулаад асуухад, улсын наадмын түрүү үзүүрт дахин очих тэр өдрийг хэзээ гэж харж байна. Мэдээж өдөр бүрийн бэлтгэл сургуулилт тийш чиглэж байгаа, тийм үү. Олон хүн арсланг аварга цолонд хүрнэ гэж бодож бас найдаж байгаа. Хамгийн ойрын том зорилго юу вэ. Улсын наадамд түрүүлэх мөн үү?

-Мөн л дөө. Гэхдээ аль болох сайн хөдөлмөрлөөд амжилт гаргана гэж боддог. Хөдөлмөрлөсөн байхад заавал хүрнэ л гэж бодож байна.

-Ирэх жилийн наадмаас гадна наана олон том барилдаанууд бий. Одоо барилдаанууддаа өнжихгүйгээр аль болох барилдаад явна биз дээ?

-Тэгнэ ээ. "Алтан цом"-ын барилдаандаа өнжихгүй барилдаад явна. Аль болох өнжихгүйгээр барилдаад явахыг хичээж байгаа.

-"Алтан цом"-ын барилдаан үзэгчдэд шинэ зүйлийг авч ирж байгаа. Энэ тойргийн барилдаан хийж байгаа нь том цолтой бөхчүүдэд хэрхэн нөлөөлж байгаа бол. Залуу бөхчүүд бол урам аваад барилдаж үзээгүй бөхтэйгээ наадмаас өмнө барилдаж үзээд байна л даа?

-"Алтан цом"-ын энэ жилийн барилдаан бөхийн спортыг арай өөр түвшинд харуулж байна. Одоо бол үндэсний 8 том компани, багтай, клубтэй болж байна. Энд чинь давхар бөхийн хөгжил явж байгаа байхгүй юу. Энэ утгаараа маш чухал үйл явдал болж байгаа гэж харж байна.

-"Алтан цом"-ын барилдаанд танай баг амжилттай барилдаж байна. Дараа дараагийн барилдаануудаа хэрхэн төсөөлж байна. Мэдээж "Алтан цом"-ыг өргөхийн төлөө багаараа хичээж байгаа байх?

-Бид аль болох бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж, нэгэндээ чадахаасаа чадахгүй хүртэл нь тусалж дэмнээд явж байна даа.

-Багийнхныхаа талаар яривал?

-Мундаг баг бүрдсэн гэж бодож байгаа. Багийн гишүүд маань надад маш их түшигтэй байгаа. Багийнхнаараа бүгдээр нь бахархаж байгаа. "Алтан цом"-ын багтаа ч, Physical Asia-н багаараа ч бахархаж байна. Сайхан залуучууд бий.

-Бүх барилдааны өрсөлдөгчид чанга байгаа байх. Арслангийн хувьд энэ цаг үед хамгийн анхааралтай хандаж байгаа барилдаан, бөх хэн байна?

-Дэвжээн дээр гарч ирсэн аль ч давааны өрсөлдөгч бол хамгийн хүнд хэцүү өрсөлдөгч гэж боддог. Яагаад гэвэл хүн урдах даваагаа даваагүй байж дээшээ өндөр даваа бодож болохгүй. Тиймээс бүх л өрсөлдөгчидтэйгээ нягт, нямбай барилддаг даа.

-Бид бөхчүүдээ өв соёл тээж байгаа гэж хараад байдаг. Зарим зүйлс дээр бөхчүүд маань алдаа гаргах нь бий. Нэг талдаа бөх бол тулааны спорт. Давахын төлөө л хүч үзэж байгаа. Зарим зүйлс дээр шүүмжлэл үзэгчдээс орж ирээд байх шиг байдаг. Барилдааны агуулга, мөн чанарыг ойлгохгүй байгаа хүмүүс ийм зүйлсийг ярьдаг байх л даа. Ер нь бөхийн онцлог ямар байх ёстой юм бэ. Тиймэрхүү зүйлсийг та юу гэж хүлээж авч байна вэ?

-Би арай өөрөөр боддог. Сум, аймгийн цолтой, улсын цолтой бөхчүүд идэвхтэй барилдаж байгаа нь 3.5 сая хүн дотор 30 мянга байна гэж бодъё. Энэ хүмүүс бүгд нэг хайрцганд хийчихсэн юм шиг байж болохгүй шүү дээ. Тусдаа үзэл бодолтой, тусдаа хүмүүс. Тиймээс аль болох өв соёл талаасаа харах нь зөв. Нөгөө талдаа өөр өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүс байгаа учраас баригдах боломжгүй. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр нэг бөхийн нэр явчихвал бүгдийнх нь нэр гардаг. Хамгийн гол нь аливаа спорт шүүмжлэлтэй байх нь зөв. Тэгж байж сайн муугаа ярьж хөгжинө.

-Тэгэлгүй яахав. Хэтрүүлсэн биш. Зөв, зүйтэй шүүмж.

-Тийм ээ. Шүүмжгүй бол хөгжихгүй шүү дээ. Тийм төгс зүйл гэж байхгүй.

-Олон жилийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас том цолтон төрөөгүй байсан. 2022 онд улсын арслан цол хүртсэн. Том цол хүртэж, бөхчүүдийгээ манлайлаад явахаар аймаг, орон нутгаас дараа дараагийн үе хэрхэн гарч ирдэг юм байна. Илүү итгэл нэмэгдэж, татагддаг юм болов уу гэж хараад байдаг л даа?

-Ганцхан аймаг гэлтгүй улс даяараа бөх сонирхогч хүүхэд, залуус нэмэгддэг. Хүсэл мөрөөдөл нь ч бөх тийш чиглэдэг болж байгаа юм шиг санагддаг.

-90-ээд оны сүүл 2000-аад эхэн үеийн бөхчүүд маань амжилттай барилдаж байгаа. Энэ хэрээр шинэ үеийн залуус маань бөхөд илүү дурлаж байгаа байх. Энэ амжилтыг бий болгоход ар гэр, багш гээд маш олон зүйлс нөлөөлсөн байх. Баярын өдөр болж байгаагийх багшийнхаа талаар яривал?

-Нийт монголынхоо ард түмэнд баярын мэнд хүргэе. Та бүхэн ирж буй ондоо амжилт бүтээлээр дүүрэн хамгийн гол нь эрүүл саруул байх болтугай. Бид багшдаа үргэлж талархаж явдаг. Төдийгөөс өдий хүртэл сайн бэлдэж, түшиж тулж яваа хүн. Тамирчин хүний ар гэр маш чухал. Гэр бүлдээ хамгийн сайнаараа талархдаг.

-Нэвтрүүлгийн маань цаг өндөрлөж байна. Урилга хүлээн авч, хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн цомыг өргөсөн танд дахин баяр хүргэе

-Та бүхэнд баярлалаа. Сайхан баярлаарай, та бүхэн.

ЗӨВЛӨГӨӨ: Шинэ жилийн баярын ШИРЭЭГЭЭ ЧИМЭХЭД тань тусалъя
ЗӨВЛӨГӨӨ: Шинэ жилийн баярын ШИРЭЭГЭЭ ЧИМЭХЭД тань тусалъя
 
“Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлгийг өнөөдрөөс Netflix-ээр үзэх боломжтой
“Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлгийг өнөөдрөөс Netflix-ээр үзэх боломжтой
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!