Гурван өдрийн турш явагдаж өндөрлөсөн Оюутолгойн бүлэг ордын сонсголын үеэр УИХ-ын гишүүн асан "Молекул" хочит Батж.Батбаяр "Л.Оюун-Эрдэнийн ЗГ-т хөрөнгө хураана гэж популизм хийж явсан Хууль зүйн сайд нь намайг ЛУЙВАРДСАН. Тэр компанийн зөвлөх байсныг нь түмэн мэднэ шүү. Миний 5 сая ам.долларын хөрөнгө оруулж байгуулсан компанийн бүх хувийг улстөрчидтэй хуйвалдаад авчихсан" гэж мэдэгдсэн байдаг.
Тэгвэл ХЗДХ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл үүнд тайлбар хийж "Өөрөө болон хүүхдүүдээрээ нийлж хийсэн луйврын дуулианаараа алдартай нэгэн гишүүн асан Оюутолгойн сонсгол дээр очиж намайг гүтгэжээ.
Хувьцааг нь эзэмшдэг компанийг англичууд дээрэмдсэн, тэрэнд нь намайг оролцсон гэж гүтгэж өөрөө таван сая ам.доллар оруулсан гэж тодотгожээ. УИХ-ын гишүүн байсан, ЖДҮ-гийн 5 тэрбумыг завшсан хэргээр АТГ-т шалгагдаж, тухайн үеийн Ерөнхийлөгчид "18-р зууны үеийн уран зураг бэлэглэлээ" гэж бичигдэн хэргээсээ мултарч, нэг хүү нь "Эрдэнэс Тавантолгой"-д гүйцэтгэх захирал хийж, нөгөө хүү нь тус компаниас 100 сая ам.долларын тендер авч байсан нөхөр л дөө. Хөвсгөлийн фосфоритын орд, Ухаа худагийн хүртэл эзэмшигч байсан яг л манай хуучны эрх мэдлээ ашиглаж хөлжсөн хэдэн луйварчдын сонгодог жишээ.
Баянхонгорт энэ нөхрийн хувьцаа эзэмшдэг компани байдаг байв. Хятадуудад хувьцаагаа зарсан, тэд нар нь цианит алдсан. Дараа нь англичуудад зарсан, тэд нар нь хувиараа алт олборлогч нутгийнхныг хөөчихсөн байхад нь миний бие компанитай нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж байв. Нутгийнхантай хамтран ажиллаж, 5 жилийн гэрээ байгуулж өгөн, сум орон нутгийн удирдлагуудтай ч хамтран ажилладаг байлаа. Тийм болохоор хэдэн жилийн дараа Баянхонгорт нэр дэвшээд очиход ХАМО-гийнхан буюу нутгийнхан халуун дотноор угтан авсан билээ.
УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш нутгийнхны эрх ашгийг хамгаалах, хамтарч ажиллах чиглэлээр тус компанитай албан ёсны уулзалтыг хамгийн сүүлд 2025.08.13-нд Баянхонгор аймагт нутгийн иргэд болон УИХ-ын гишүүдтэй хамтдаа хийсэн. Газраа нутгийнханд ашиглуул гэсэн шаардлага тавьж, араас нь манай нэр бүхий УИХ-ын гишүүн биднийг төлөөлөн ажиллаж байгаа.
Хэдэн жилийн өмнө өмгөөлөгчөөр нь ажиллаж байхдаа дээрх нөхрийг хэдэн хувь эзэмшдэг болон хувь хувьцааных нь хэмжээг мэддэггүй байсан, одоо ч мэдэхгүй. Хувь хувьцаатай холбоотой бичиг цаас, албан харилцаанд нэг ч орж байгаагүй. Ийм нарийн ажил хоёр талын хуульчдаар дамжин явагддаг учраас бүгд баримттай, мөртэй үлдсэн байж таарна, өөрөөр хэлбэл хэн оролцсон тодорхой нотлогдоно.
Хоорондын маргаанаа надруу чиглүүлж, ээлжит луйвраа хийх гэж байгаа бол яагаад ч бүтэхгүй. Компанийн захирлаар ажилладаг хүүгээрээ дамжуулж намайг оролцоотой эсэхийг сайн мэдэж болох хэрнээ ингэж гүтгэж байгаа бол цаана нь эрх ашигтай нь холбоотой ямар нэг шалтгаан байна хэмээн үзэж байгаа тул миний бие энэ асуудлыг АТГ-т шалгуулна.
Гэхдээ ганцхан өөрийгөө шалгуулж нэрээ цэвэрлээд зогсохгүй энэ нөхрийн яриандаа дурьдсан таван сая долларын эх үүсвэр, УИХ-ын гишүүн байсан мөртлөө Ухаа худаг, "Энержи ресурс"-ээс эхлүүлээд Баянхонгор, Хөвсгөл хүртэл хэрсэн 10 гаруй лицензийн сүлжээгээ хэрхэн олж авсан, БХЯ-наас авсан 10 тэрбумын тендер, иргэн Ч.Долгормаагийн ЖДҮ-гээс авах ёстой 5 тэрбумыг хэрхэн луйвардсан, Эрдэнэс таван толгойн захирлаар ажиллаж байсан хүү нь нүүрсний хулгайтай хэрхэн холбогддог, өөр нэг хүү нь 300 гаран тэрбум буюу 100 сая долларын тендерт яаж ялсан гээд бүгдийг нь шалгуулна. BVI буюу оффшорт бүртгэлтэй компаниуд гээд бүгдийг нь.
Гайхалтай нь 2010-2020 он хүртэл энэ гэр бүлийн бүх хэрэг учир битүүлгээр хаагдаж ирсэн юм билээ. Яагаад хаагдаад байсныг нь ч шалгуулна. Хүү нь яриандаа "01" хэмээн дурьдсан бичлэг ч бий.
Яг л ийм засаг төрд шургалаад, ард олны хамаг боломжийг хулгайлаад өөрсдөө баяжиж өөрийнх нь үр хүүхдүүд түүнийг нь үргэлжлүүлж яваа новшнуудтай тэмцэх гэж би хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг боловсруулж өргөн барьсан. Хууль батлагдвал хууль бус хөрөнгөө хураалгана хэмээн чичирч суугаа олон авилгачид байгаа. Гэтэл үндсэн хуулийн 16.3-т "...хөдлөх үл хөдлөх хөрөнгө ШУДАРГААР олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй..." хэмээн заасан юм.
Явагдаж буй гүтгэлэг, өрнөл, далайцыг харвал төлбөртэй, зохиолтой, зохион байгуулалттай акци эхэлж байна хэмээн харж байна. Гэхдээ энэ бүхнээс үл хамааран үйл хэрэгтээ үнэнч байж тууштай явна" гэжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!