
Арванхоёрдугаар сар гарч, догдлол дүүрэн шинэ жил айсуй. Яг энэ л үед шинэ жилийн үдэшлэгтээ хүссэн даашинзаа өмсөж, өөртөө итгэлтэй, бардам алхах хүсэлтэй бүсгүйчүүд хамгийн хурдан хугацаанд их жин хаях ид шидтэй аргын эрэлд гарч эхэлдэг. Хэрэв та анзаарсан бол сүүлийн өдрүүдэд цахим орчинд байдаг "Турах зальжин аргууд", "Турж байвал үхсэн ч яахав", "Турмаар байвал надаас асуу", "Турах амархан" гэх мэт сүржин нэртэй фэйсбүүк хуудсууд идэвхижиж "Долоо хоногт 10 кг, 20 хоногт 20 кг тураах" гэх мэтийн янз бүрийн тураах эм, бэлдмэлүүдийг өөр хоорондоо санал болгож, "Энэ хэр үр дүнтэй вэ. Хэрэглэж үзсэн хүн байна уу" хэмээн ихэд сонирхон асууж байна. Үүнийг дагаад элдвийн эмийн бүтээгдэхүүн, кофе цай, наалт мэтийн гарал үүсэл болоод чанарын баталгаагүй бүтээгдэхүүний бизнес цэцэглэн хөгждөг нь нууц биш.
Хамгийн харамсалтай нь жин хасаж, турах хүсэлдээ хөтлөгдсөн охид бүсгүйчүүд эдгээр эм бэлдмэлүүдийг хэрэглэж, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Тухайлбал, удаан хугацаанд тураах эм бэлдмэл хэрэглэсэн залуу эмэгтэй 5 удаа үр зулбасан бодит кэйс ч Монголд гарсан байна.
5 УДАА ЖИРЭМСЭЛСЭН Ч ЗУЛБААД ЭЭЖ БОЛЖ ЧАДААГҮЙ ГЭХ 27 НАСТАЙ ЭМЭГТЭЙН ШАЛТГААН НЬ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН БАЙСАН

Бид энэ талаар АУ-ны доктор, профессор, Эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч Ж.Энхцэцэгээс тодрууллаа.
-Сайн байна уу. Шинэ жилийн баяр дөхөөд тураах эм, бэлдмэлүүдийн эрэлт нэмэгдсэн учраас охид эмэгтэйчүүддээ анхааруулах зорилгоор тантай ярилцаж байгаа юм. Та тураах эм бэлдмэлүүдээс болж үр зулбах тохиолдол нэмэгдэж байгаа талаар онцолсон байсан. Энэ талаараа мэдээлэл өгөөч?
-Би эх барих эмэгтэйчүүдийн эмч учраас ийм тохиолдлууд их ирдэг. Тухайлбал, 27-хон настай залуу хосууд "Бид хоёр хүүхэдтэй болох гээд 5 удаа жирэмсэлсэн ч бүгд өсөлтгүй болоод үр зулбачихсан яах вэ" эмчээ гээд над дээр ирсэн. 5 удаа ураг амьгүй болно гэдэг маш харамсалтай санагдсан. Тиймээс би шалтгааныг хайж эхэлсэн. Шаардлагатай бүх шинжилгээг хийсэн боловч эрүүл мэндийн талаар бүгд зүгээр гэж гарсан. Тухайн эмэгтэй 170 см өндөр 70 кг жинтэй эмэгтэй байсан учраас хэвийн жинтэй харагдсан. Гэсэн хэдий ч надад тэр эмэгтэйгээс асуух ганцхан асуулт үлдсэн. Тиймээс би "Миний дүү арай тураах бэлдмэл хэрэглэдэг юм биш биз" гэж асуусан. Гэтэл надад "Эмч ээ би турах зорилгоор сүүлийн 5 жилийн хугацаанд янз бүрийн тураах эм бэлдмэл их хэрэглэсэн" гэж хэлсэн. Товчхондоо бол энэ түүний 5 удаа жирэмсэлсэн ч хүүхдээ төрүүлж чадаагүй шалтгаан байсан. Үүний дараа би үр зулбасан эмэгтэйчүүдээс асуумж авч, тураах эм бэлдмэл хэрэглэсэн 20 эмэгтэйг судалсан.
-Тураах эм бэлдмэлүүд үр зулбахад яаж нөлөөлөөд байна гэсэн үг вэ?
-Дээхнэ үед хүмүүс 7, 8 хүүхэд төрүүлдэг байсан. Хүүхэд хэвлийдээ амьгүй болох тохиолдол бараг байдаггүй байсан. Гэтэл өнөөдөр ураг өсөлтгүй боллоо. Амьгүй боллоо гэдэг үг хэдийнэ танил болж, байх ёстой л зүйл юм шиг ойлгогдох болж. Ураг амьгүй болоход нөлөөлдөг олон шалтгаан байдаг. Агаарын бохирдол, идэж, ууж байгаа хоол хүнс гээд маш олон зүйл нөлөөлдөг. Түүний нэг нь энэ тураах эм, бэлдмэлүүд. Яаж нөлөөлөөд байна вэ гэхээр манай эмэгтэйчүүдийн ихэнх нь төлөвлөж жирэмсэлдэггүй. Жирэмсэлснийхээ дараа төрүүлэх шийдвэрийг гаргадаг. Өөрөөр хэлбэл "Турна, гоё болно" гээд тураах эм бэлдмэл ууж байхдаа жирэмсэн болчихдог. Зарим тохиолдолд жирэмсэн болсноо мэдэлгүй тураах эм, бэлдмэлүүдийг уугаад байсан тохиолдол ч бий. Хамгийн энгийнээр тайлбарлахад 80 кг жинтэй эмэгтэйг 60 кг болтол нь турааж байгаа тэр бүтээгдэхүүн хэвлийдээ дөнгөж бүрэлдсэн хэдхэн см урттай тэр жаахан хүүхдэд яаж нөлөөлөх вэ. Тухайн хүүхдийн өсөлтөд нь нөлөөлөөд үр зулбах гэх мэт үр дагаварыг үүсгэж байгаа юм. Ийм хортой эмийг бид өдөр тутамдаа ууж хэрэглээд байхаар өнөөдөртөө гоё сайхан болж болох ч ирээдүйн эрүүл мэндээрээ л тоглоод байгаа гэсэн үг.
-Та энэ төрлийн эм, бэлдмэлүүдийг сонирхож, сонгож хэрэглэдэг эмэгтэйчүүддээ юу хэлмээр байна?
-Бүтэц найрлага, гарал үүсэл нь тодорхойгүй, хаанаас орж ирсэн нь үл мэдэгдэх эдгээр хортой эм бэлдмэлүүдийг битгий хэрэглээч ээ. Хэн гэдэг, ямар нэр алдартай, од хүн сурталчилж байсан ч битгий итгэ. Ургамлын гаралтай, эрүүл мэндэд хоргүй, сайн сайхан гэсэн худал үгсэд битгий хууртаач ээ. Таны хамгийн үнэтэй өмч бол таны бие. Тиймээс энэ биеийг тань хордуулж байгаа эдгээр бүтээгдэхүүнүүдээс татгалзаж, өөрийнхөө амаар орж байгаа зүйлсдээ хамгийн хяналттай байж, ухаалаг хандаач ээ гэж хэлмээр байна.
ЭМ БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЛЬ АЛЬ АНГИЛАЛ ДЭЭР НЬ ТУРААХ ҮЙЛДЭЛТЭЙ ЭМ, БҮТЭЭГДЭХҮҮН ГЭСЭН АНГИЛАЛ БАЙХГҮЙ

Охид бүсгүйчүүдийг үр хүүхэд тээж чадахгүйд хүргэж байгаа эдгээр хортой эм, бэлдмэлүүд яаж Монголд орж ирээд, ямар ч хяналтгүй худалдаалагдаад байгаа талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын эмийн бүртгэлийн хэлтсийн дарга Т.Мөнхтуулаас тодрууллаа.
-Тураах эм гэсэн нэршлээр худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүн зах зээлд олноор худалдаалагдаж байна. Яг тураах эм гэж нэршлээрээ зөвшөөрөл авч, орж ирсэн баталгаатай бүтээгдэхүүн Монголд байдаг уу?
-Эм эмнэлэгийн хэрэгслийн тухай хуулиар манайх эм болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэдэг. Эм болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний аль аль ангилал дээр нь тураах үйлдэлтэй эм, бүтээгдэхүүн гэсэн ангилал байхгүй. Эмийн тухайд гэвэл АТС ангилал буюу хүний биеийн антомын бүтцэд суурилсан ангилалыг их хэрэглэдэг. Энэ нь эмийн бүтээгдэхүүнийг хүний биеийн анатомийн бүтэц, эмчилгээний заалт, болон химийн бүтэц/үйлчлэх механизм-д үндэслэн олон улсын хэмжээнд ангилдаг систем юм. Өөрөөр хэлбэл:
- А - Хоол боловсруулах эрхтэн ба бодисын солилцоо
- С - Зүрх судасны систем
- Ј - Халдварт өвчний эсрэг эмүүд
- N - Мэдрэлийн тогтолцооны эмүүд гэх мэт.
-Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэдэг ангилалаар ямар ч хяналтгүй орж ирээд байдаг юм биш үү?
-Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэдэг хүний бие махбодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор тодорхой хэлбэр, тунгаар хүнснээс гадна нэмэлтээр хэрэглэх байгалийн болон нийлэг гаралтай, тарилгаас бусад хэлбэрийн бүтээгдэхүүнийг гэж тодорхойлсон байдаг. Манай улс эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэж байгаа. Тураах үйлдэлтэй эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэсэн ангилал мөн байхгүй. Гэхдээ ислэг, Л-карнитин, Гарсина камбожиа, Apple cider vinegar зэрэг агуулга орсон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүд манайд бүртгэгддэг.
-Эдгээрийг бүртгүүлэхдээ ямар үйлчилгээтэй гэж бүртгүүлсэн байдаг юм бэ. Оруулж ирснийхээ дараа тураах бүтээгдэхүүн гэж зараад байна шүү дээ?
-Эрүүл мэндийг дэмжих эсвэл зарим эрдэс бодисыг нөхөх зорилготой бүтээгдэхүүн гэж орж ирдэг.
-Танайх тураах зорилготой бүтээгдэхүүн гэж зөвшөөрөл аваагүй атлаа долоо хоногт, сард 5, 10 кг тураадаг. Та хэрэглээд үз гээд аманд нь хийх нь холгүй рекламдаж байгаа энэ зах замбараагүй зар сурталчилгаанд хяналт тавих тогтолцоо байдаггүй юм уу?
-Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний зар сурталчилгааны агуулгыг хянаж зөвшөөрөл олгохгүй болсон. Гэхдээ хуулийн 26.5.9. эмийг цахим орчин дахь нийгмийн сүлжээгээр сурталчлах, 26.5.10-д эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг өвчнийг оношлох, эмчлэх үйлдэлтэй гэж олон нийтийг төөрөгдөлд оруулсан байдлаар сурталчлахыг хориглоно гэж заасан. Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газраас 2024-2025 онд цахим орчинд Garcinia Cambogia бүтээгдэхүүний зар сурталчилгаанд тандалт хийхэд Монгол Улсын ЭМНБ-ын бүртгэлд бүртгэгдээгүй, зар сурталчилгааны зөвшөөрөл олгогдоогүй бүтээгдэхүүнийг борлуулах зорилгоор сурталчилсан байсан 5 удаагийн зөрчлийг илрүүлэн арга хэмжээ авсан байдаг юм байна.
-Garcinia Cambogia гэдэг бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн юм бэ?
-Гарцини камбоджи (Garcinia cambogia) нь элэг гэмтээж, элэгний хатуурал үүсгэх, зүрх судасны өвчин, цусны даралт ихэсгэх зэргээр хүний эрүүл мэндэд эрсдэл учруулж байгааг Австралийн Эмчилгээний бүтээгдэхүүний зохицуулах байгууллага, АНУ-ын Эм хүнсний агентлагаас анхааруулсан байна.
-Ийм хортой нөлөөтэй эм зах зээл дээр худалдаалагдаж байна. Танайхаас ямар арга хэмжээ авч байгаа вэ. Зүгээр л ингээд хяналтгүй худалдаалагдаад хүмүүс хохироод байх юм уу?
-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас нийгмийн сүлжээ, зах зээлд тандалт хийхэд Монгол Улсын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй, БНХАУ, ХБНГУ, АНУ-аас орж ирсэн гэх үйлдвэрлэгч нь тодорхойгүй, гарцини камбоджи (Garcinia cambogia) агуулсан бүтээгдэхүүнийг тураах үйлчилгээтэй гэж худалдан борлуулж байсан 25803 дагагч бүхий 23 фэйсбүүк хуудас, худалдан борлуулах 3 цэгийг илрүүлэн холбогдох арга хэмжээг авсан.
-Тухайлбал, Озепмек гэж эм, тариаг зах зээл дээр хяналтгүй худалдаалагдаж байна. Энэ нь турах зорилгоор ууж эсвэл тариулж болдог юм уу?
-Озелмэк буюу семаглутид нь 2-р хэлбэрийн чихрийн шижингийн үед эмчийн хяналтан дор хэрэглэх эм. Эрүүл хүмүүс тураах зорилгоор хэрэглэж болохгүй.
Эмэгтэйчүүдийн мөрөөддөг мөнхийн сэдвийн нэг бол турах байдаг. Хэн ч гоолиг бие хаа, гоо сайхан байхыг хүснэ. Гэвч эрүүлээр турах эсвэл эм бэлдмэл хэрэглэж турах гэсэн сонголт бүсгүйчүүдийн өмнө тулгардаг. Эмэгтэйчүүд сүүлийн үед амар хялбар аргаар хурдан хугацаанд турахын тулд төрөл бүрийн тураах эм бэлдмэлийг хэрэглэх нь нэмэгдсэн. Улмаар хэтрүүлэгтэй зар сурталчилгаа, ам дамжсан ярианд итгэн баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэснээсээ болж эрүүл мэндээрээ хохирч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!