УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийг нийгмийн даатгалын байгууллага хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хуулийн хүрээнд 2025 онд ажилгүйдлийн даатгалын санд 162.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 161.9 тэрбум төгрөгийн зарлага гаргах төлөвлөгөөтэй. Нийгмийн даатгалын байгууллага 2025 оны 1-10 сарын хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас 28.2 мянган даатгуулагчид 158.7 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг бүрэн олгосон. Харин эдийн засгийн нөхцөл байдал, зарим ажил олгогч шимтгэл төлөх үүргээ хангалтгүй биелүүлж байгаатай холбоотойгоор өнөөдрийн байдлаар 10-р сарын ажилгүйдлийн тэтгэмжийг нийт 3'626 хүнд олгохоор хүлээгдэж байна. 10 дугаар сард олгох ажилгүйдлийн тэтгэмжийг ажилгүйдлийн даатгалын сангийн орлоготой уялдуулан энэ 7 хоногт үе шаттай шийдвэрлэнэ
Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэгээс тодрууллаа.
-Эрх нь үүссэн боловч гурван сар хөөцөлдөөд тэтгэмж нь орж ирэхгүй байна гэх иргэдийн гомдол их байна. Яагаад ингэж хүлээгдэх болсон юм бэ?
-Ажилгүйдлийн тэтгэмж бол нийгмийн даатгалын томоохон үйлчилгээнүүдийн нэг. Энэ оны эхний 10 сарын байдлаар 28.2 мянган иргэн 154 тэрбум төгрөгийн тэтгэмж олгоод байна. 9-р сарыг дуусталх тэтгэмжийг бүрэн олгосон. Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн хуульд баталснаар ажилгүйдлийн даатгалын санд 162 тэрбум төгрөгийн орлого оруулж, 161 тэрбумыг даатгуулагчдад олгохоор тусгасан.
Ерөнхийдөө, ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо харьцангуй өсөж байна. 9, 10-р сарын дүнг авч үзвэл, 4000 орчмоор нэмэгдсэн. Мөн өнгөрсөн оны энэ үетэй харьцуулбал 4000 орчмоор нэмэгдсэн дүнтэй байгаа. Ажилгүйдлийн тэтгэмж нь тухайн иргэний сүүлийн 9 сард авсан цалингийн хэмжээтэй шууд хамааралтай байдаг. Тэгэхээр төрийн албан хаагчдын цалин болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4-р сараас нэмэгдүүлсэнтэй холбогдуулан тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж байна. Дунджаар нэг иргэн 5.7 сая төгрөгийн тэтгэмжийг ажилгүйдлийн даатгалын сангаас авч байна.
Түүнчлэн, ААН-үүд НДШ-ийн их хэмжээний өртэй байна. Нийгмийн даатгалын байгууллагад нийт 61 мянган ажил олгогч, 1.2 сая хүн бүртгэлтэй байгаагийн 160 орчим мянга нь сайн дурын даатгуулагч, 1.1 сая нь албан журмаар даатгуулж байгаа юм.
Дээрх ААН-үүд 35 мянга орчим нь ямар нэг байдлаар НДШ-ийн өртэй байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар "Ажил олгогч нь ажилтныхаа цалинг олгоод, НДШ-ээ тухайн сардаа багтаан төлөх үүрэгтэй. Гэвч ажил олгогчид хуулиар заасан хугацаанд шимтгэлээ бүрэн төлөхгүй байна. 10-р сарын мэдээллийг харахад, 35 мянган ажил олгогчид 600 гаруй тэрбум төгрөгийн өр үүсчихсэн байна.
Ажилгүйдлийн даатгалын сан нь хамгийн бага хэмжээгээр буюу 0.7 хувиар орлого нь бүрддэг. Эргээд иргэнд олгох тэтгэмжийн хэмжээ сүүлийн 9 сарын цалингийн 50 хувиас эхэлж байгаа. Мөн ямар шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөнөөс үл хамаараад тэтгэмж авах иргэдийн хамрах хүрээ нэмэгдэж байна.
Бүсээр нь авч үзвэл, Багахангай, Багануур, Налайх дүүрэг, Булган аймаг тэтгэмжээ бүрэн олгосон үзүүлэлттэй байгаа. Даатгуулагч нь хуульд заасны дагуу нийт 76 өдрийн тэтгэмж авах ёстой. Үүнийг хуанли руу шилжүүлбэл, 3 орчим сарын тэтгэмж гэсэн үг. Ажилгүйдлийн тэтгэмж нь орлогоос шууд хамааралтай учраас аль болох орлогоо бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Ирэх долоо хоногт ажил олгогчид шимтгэлээ төлөх учраас үүнээс тэтгэмжээ олгох боломжтой гэж харж байгаа.
-Одоогийн байдлаар тэтгэмж авах хүсэлт гаргасан ч тэтгэмжээ авч чадаагүй хэчнээн иргэн байгаа вэ?
-Бид 28.2 мянган иргэнд тэтгэмжийг нь олгосон. Харин 10-р сарын 1-нээс хойш шинээр ажилгүй болоод манайд хандсан 4675 хүн бий. Үүний 3600 гаруй нь 10-р сард, үлдсэн 1000 орчим нь 11-р сард хүсэлтээ өгсөн. Эдгээрийн хүмүүст олгох тэтгэмжийн бодолт нь хийгдээд, хуваарь нь үүссэн.
-Ажилгүйдлийн даатгалын санд төвлөрсөн орлогоос нийгмийн даатгалын өөр төрлийн үйлчилгээнд зарцуулах боломжтой юу?
-Өөр үйлчилгээнд зарцуулах ямар ч боломжгүй. НДС нь өөрөө таван төрөлтэй. Эдгээрийн сан хооронд шилжүүлэх нь хуулиар хориотой. Нийгмийн даатгалын сангийн орлого бүрдэх бүрд хуваарилаад явж байгаа. Энэ сарын 25-ны байдлаар нийт 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг НДЕГ-аас аймаг, дүүргүүдийн нийгмийн даатгалын байгууллагад хуваарилсан. Тэгэхээр энэ санхүүжилт хүсэлтээ гаргасан даатгуулагчдын дансанд орох боломж нь бүрдсэн гэсэн үг.
-Ярилцаж, мэдээлэл өгсөнд баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!