
Монголын волейболын Үндэсний дээд лигийн 30 жилийн түүхэн ой энэ жил тохиож буй. Энэхүү онцгой тэмдэглэлт жилд шүтэн бишрэгчдэдээ мартагдашгүй бэлэг барьж, Алтайн Барс клуб Монголын эрэгтэй волейболын түүхэнд анх удаа Олимпод тоглож байсан тамирчныг импорт тоглогчоор бүрэлдэхүүндээ нэгтгэсэн нь Японы волейболын шилдэг тоглогч, олон улсын талбайд арвин туршлага хуримтлуулсан Ю Кошикава юм.
Тэрбээр 2008 оны Бээжингийн Олимпод Японы шигшээгийн хамт 9-р байр эзэлж, 2004–2014 онд ДАШТ болон Азийн аваргын тэмцээнүүдэд тасралтгүй оролцож, шигшээ багийн ахлагчийн хувиар багийг удирдаж байсан. Мөн 2009–2012 онд Италийн өндөр түвшний лигт импортын тоглогчоор тоглосон бөгөөд үүний дараачаар 2022 оныг хүртэл Японы Premier League болон Division 2-т тоглосон туршлагатай нэгэн юм.
Алтайн Барс клубийн энэхүү түүхэн сонголт нь Монголын волейболын чанар, өрсөлдөөнийг шинэ шатанд гаргах нь дамжиггүй. Олимпын тавцанд тоглож, олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдэд оролцож явсан Ю Кошикава нь залуу тоглогчдод үлгэр жишээ болж, үзэгчдэд урам зориг төрүүлэх нь гарцаагүй.
Монголын волейболын Үндэсний дээд Лигийн 30 жилийн ойг ийнхүү дэлхийн хэмжээний тоглогчийн оролцоотойгоор угтаж буй нь Монголын волейболын түүхэнд онцгой үйл явдал болон үлдэж байна