УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатартай цаг үеийн асуудлуудаар ярилцаж, зарим зүйлийг тодрууллаа. Тухайлбал, МАН-ын Бага хурлын үеэр Дархан, Эрдэнэтээс ирсэн гишүүдийг түгжсэн эсэх, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-аас хөөх тухай яригдсан эсэх болон УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн ёс зүйн асуудалтай холбоотойгоор тодруулсан юм.
-УИХ-ын эмэгтэй гишүүдтэй холбоотой ёс зүйн асуудлаар танай байнгын хороонд өргөдөл, гомдол ирсэн үү. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн асуудлаар гомдол гаргахаа мэдэгдсэн байсан?
-Эмэгтэй гишүүд хувьчилж уулзаад байр сууриа илэрхийлж байгаа. Албан ёсоор гомдол ирээгүй байна. Гомдол ирсэн тохиолдолд 3-4 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулагдаад гомдолд холбогдсон гишүүнээс тайлбар авах ёстой. Тиймээс бид М.Нарантуяа-Нара гишүүнээс тайлбар авна. Үүний дараа хурлаараа асуудлыг авч хэлэлцэнэ. Гэхдээ УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн дагуу эхлээд сануулах арга хэмжээ авдаг. М.Нарантуяа-Нара гишүүн өмнө нь сануулах арга хэмжээгээ авхуулсан. Хоёрдугаарт, уучлал гуйхыг даалгана. Энэ нь тухайн гомдол гаргагчаас уучлал гуйна гэсэн үг. Гуравдугаарт, цалинг 20 хувиар бууруулна. Энэ санкцуудынхаа хүрээнд л шийдвэрлэнэ. Харин иргэд “Наадах чинь хариуцлага болохооргүй зүйл байна” гээд арай өөр зүйл хүсээд байдаг. Яг улс төрийн хариуцлага тооцуулж байгаа хүндээ маш хүнд тусдаг. Тиймээс дээрх хариуцлагуудыг сул гэж бодохгүй байна. Гэхдээ сайжруулах шаардлага байна уу гэвэл байгаа.
-Мөн нийгмийн сүлжээнд ёс бус үг хэллэг ашиглаж байгаа нь шүүмжлэл дагуулаад байгаа шүү дээ?
-Мэдээж шүү дээ. УИХ-ын гишүүн, хувь хүн гээд хэн ч байсан нэгнийгээ харааж зүхэх эрх байхгүй. Хэн ч харсан ёс зүйн зөрчил мөн. Ямар нэг байдлаар өмгөөлөх тал надад лав харагдахгүй байгаа.
-Түүнчлэн захидал харилцааны нууц гэж байдаг ч М.Нарантуяа-Нара гишүүний хувьд удаа дараагийн үйлдлээр гишүүд хоорондын чатыг олон нийтийн сүлжээнд дэлгэлээ. Энэ байдал нь ёс зүйд нийцэж байгаа юм уу?
-Хувь хүн хоорондын захидал, харилцаагаа нийтийн сүлжээнд тавих нь яаж ч бодсон угаасаа л болохгүй зүйл. Энэ асуудалтай холбоотойгоор эмэгтэй гишүүдийн зүгээс маш их гомдол ирж байна. Эмэгтэй гишүүдийн групп чат гэж ойлгосон. Үүсээд буй асуудлаас болж тэр группээ хаахдаа тулсан явж байгаа юм билээ. Мэдээж УИХ-ын гишүүн ч гэсэн хүн шүү дээ. Хүн л болсон хойно тэр чатандаа амьдралаа ярих зүйл байж болно. Үүнийг хэн нэгэн нь гадагшаа нийтэд цацаад байхаар тухайн чатанд итгэх итгэлгүй болж байна.
-Тэгэхээр ямар нэг байдлаар гомдол ирээгүй тохиолдолд асуудлыг хэлэлцэхгүй гэсэн үг үү?
-Хэлэлцэж болно. Гэхдээ гомдол гаргана гэдгээ Ж.Баярмаа гишүүн хэвлэл мэдээлэлд зарласан юм билээ. Тэгэхээр гомдол ирнэ гэж ойлгосон.
-Б.Энхбаярыг МАН-аас хөөх асуудал өмнө нь ч хөндөгдөж байсан-
-Үүнээс гадна УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-аас хөөх асуудал Бага хурлаар яригдсан гэсэн. Ямар үндэслэлээр дээрх асуудлыг хөндсөн юм бэ?
-Энэ асуудал яригдсан нь үнэн. Ганцхан энэ удаад ч биш, өмнөх Бага хурлуудаар ч Б.Цогтгэрэлээс эхлээд энэ асуудлыг хөндөж байсан. Энэ удаад хэд хэдэн гишүүд нэлээн ширүүн үг хэлсэн. Өмнөх Бага хурлаар “Б.Энхбаяр гишүүний гаргаж байгаа энэ үйлдэл нь намын гишүүний ёс зүйд нийцэхгүй байгаа учраас хяналтын байгууллага арга хэмжээ аваач” гэх зүйлийг ярьсан байдаг.
Би өнгөрсөн хугацаанд хувь хүнтэй холбоотой асуудлыг нь УИХ-ын гишүүн гэдэг агуулгаар нь асуудлыг айхтар өлгөж аваагүй. Харин энэ удаагийн Бага хурал руу ороход гишүүд над руу маш хатуу шаардлага тавьж байна. “Бид өмнө нь танд хэлсэн. Арга хэмжээ аваагүйгээс болж наад хүн чинь дэндүү увайгүй үйлдэл гаргалаа. Парламентын гишүүн байж олон нийтийн сүлжээнд, хэвлэлд огт нотлогдоогүй зүйл ярьж, нэгнийхээ нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Хувь хүн гэхээс илүү намын нэр хүндэд маш хортой нөлөө үзүүллээ. Одоо энэ хүнийг намаасаа хөө” гэж ярьсан. Хоёрдугаарт, манай намын ахмад гишүүн, Хууль зүйн сайдаар олон жил ажилласан Ц.Нямдорж гуай надтай хувьчилж уулзан, маш хатуу ярилаа.
-Юу гэж?
-“Яагаад хариуцлага тооцож чадахгүй байгаа юм бэ. Чадахгүй бол чадахгүй гэдгээ хэлээд танай Хяналтын ерөнхий хороо татан буугдсан нь дээр” гэж ярьсан.
-Хөөх асуудлыг намын дүрэмд юу гэж тусгасан байдаг юм бэ?
-Илтэд ёс зүйн зөрчил гаргасан гишүүнийг намаас гарсанд тооцох буюу хөөх асуудлыг хэлэлцэх нь намын дүрэмд бий.
-Өмнө нь ийм гомдол ирж байсан гэлээ. Б.Энхбаяр гишүүнд сануулга өгсөн байдаг уу?
-Хөөх шаардлагыг хангахаар барах уу, бараг хэтрүүлсэн гэж бодож байна. Гэхдээ манай хяналтын байгууллага 21 гишүүнтэй. Хамтдаа хэлэлцэж хамтын шийдвэр гаргах ёстой учраас би ганцаараа шийдвэр гаргах гэж байгаа мэт түрүүлж ярих нь зохимжгүй. Дээр нь сая нэг мэдээллийг авлаа. Юу вэ гэхээр, Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөх шаардлага тавьж буй 100-гаас дээш тооны гишүүдийн гарын үсэг ирж байна гэж ойлгосон.
-УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар сонгосон танай Бага хурлын шийдвэр нь нам дүрэм, дэг зөрчсөн гэж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдэгдсэн. Дүрэм зөрчсөн юм уу?
-МАН-ын дүрмийг тайлбарлах эрх түүнд байхгүй. Хоёрдугаарт, тэр хүнийг хуульч гэдэгт нь эргэлзэж байгаа шүү. Хуульч хүн мөн юм уу, үгүй юм уу. Ярьж байгаа яриануудыг нь харахаар надад итгэл үнэмшил төрөхөө байсан. Баахан хэвлэл цуглуулчхаад кино ярьж байгаа хүүхэд шиг чухал чухал царай гаргаад л байна лээ. Жишээлбэл, “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүн амины хэрэгт холбоотой байж магадгүй” гээд их л чухал царай гаргаж ярьсан биз дээ. Гэтэл Ц.Нямдорж дарга Бага хурал дээр гарч ирээд тэр хэргийнх нь талаар дэлгэрэнгүй ярьсан.
Амь хохирогч нь ингэж нас бараад, есөн мөрдөн байцаагч нь гурав, гурваараа томилогдож мөрдөн байцаалтын процесс нь бүгд явагдаад, эцэст нь ар гэрийнх нь хүсэлтээр чандарлаж, чандрыг нь хилээр аваад гарсан гэдэг. Үүнийг Ц.Нямдорж 400 гаруй хүн цугларсан Бага хурал дээр хэлчихсэн.
-Ц.Нямдорж ингэж мэдээлэх субьект нь мөн үү. Улс төрөөс болон хуулийн салбараас аль эрт холдчихсон шүү дээ?
-Гэр бүлийн хүн нь Германд амьдардаг юм билээ. Гэр бүлийн хүнээс нь холбогдох албан тушаалтнуудад мэйл ирсэн гэсэн. Энэ бол Бага хурал дотроо ярьж байгаа зүйл. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайдаар олон жил ажилласан хүн юмыг олон талаас нь ул суурьтай ярьдаг хүн л дээ. Би хувь хүн талаас нь мэднэ. Аягүй ууртай байна лээ. Хулгайч, нүүрсчин эд нар нь дүүрчээ. Хүн амины хэрэгт холбож гүтгэх нь байж боломгүй зүйл гэдгийг хэлсэн. Бага хурлын гишүүд ч нэг талдаа гарч ойлголт авсан.
Хоёрдугаарт, Бага хурлын үеэр хоёр нэр дэвшигчээс 25 орчим гишүүн асуулт асуулаа. Энэ дунд Б.Энхбаярын нэр байгаагүй. 38 гишүүн санал хэлэхэд бас л байсангүй. Би хараад сууж байхад, зүүн хаалгаар гэтэж орж ирээд, саналаа өгөөд гарна лээ.
-Гишүүдийг өрөөнд хорьчихоод гаргахгүй байсан нь үнэн шүү дээ-
-Бага хурлын үеэр Дархан, Эрдэнэтээс ирсэн гишүүдийг өрөөнд оруулж түгжсэн гэх асуудал хөндөгдсөн. Энэ үнэн юм уу?
-Үнэн. Нэгдүгээрт хэлэхэд, МАН-ын Бага хурал Улс төрийн намын тухай хууль, холбогдох дүрмийг зөрчөөгүй. Санал хураалт бүрийн өмнө ирц бүртгэдэг. Эхний санал хураалтад 442 хүн оролцсон. Нэг нь 56, нөгөө нь 44 хувийн санал авсан байх. Хоёр дахь шатны санал хураалтыг дээрх 442 хүнээсээ л авсан. Хоёрдугаарт, хуралд оролцсон Бага хурлын гишүүдийн гуравны хоёр гэж заасан байгаа. Оролцохгүй байх боломж ч бий.
Зарим Бага хурлын гишүүдийг өрөөнд хорьчихоод гаргахгүй байсан нь үнэн шүү дээ. Дарханыхыг гаргаагүй, Орхон аймаг болон Баянзүрх дүүргийнхийг аваад явсан байна лээ. Бага хурлын гишүүн гэдэг чинь жаахан хүүхэд биш шүү дээ. 18 нас хүрсэн, эрх зүйн хариуцлага хүлээх бүрэн чадамжтай хүн. Өөрсдийн толгой байдаггүй юм байлгүй. Хоёр дахь санал хураалтад 300 гаруй гишүүн байсан. Манай Бага хурлын ирц гуравны хоёроор бүрддэг. Санал хураалт нууцаар явсан. Өмнө нь ч ингэж явж ирсэн. Өнөөдөр л болохоо байсан юм шиг яриад байна. Нэг нэр дэвшигч өрсөлдөгчгүй байсан ч нууцаар санал хураалт явдаг. Улс төрийн нам ил санал хураалтаас татгалзах ёстой байдаг. Яагаад гэхээр дэмжсэн, дэмжээгүй нь ил болохоор хүнтэй холбоотой асуудал хөндөгддөг тул Улс төрийн намын тухай хуулийн дагуу л нууцаар явагддаг.
-Гишүүдийг түгжсэн асуудлыг яаж мэдсэн юм бэ?
-Манай намын байранд шүү дээ. Х.Алтай гээд манай Нарийн бичгийн даргын өрөө 702 тоотод Дарханы намын гишүүдийг бүгдийг нь хорьчихоод гаргахгүй байсан. Бид хэд хэдээрээ очсон. Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Гадаад харилцааны хэлтсийн дарга н.Өлзий гээд олон хүн очоод “Орж саналаа өгөөрэй” гэж хэлсэн ч “Өгөхгүй” гээд л уурлаад байсан. Өрөө нь онгорхой байсан ч Б.Жавхлан сайд гаргахгүй байна лээ. Би харсан.
-Хурал бүр нь хаалттай, гишүүдийнхээ утсыг хураачихдаг байдлаар олон удаа явагдлаа. Танай нам цаашид хурлаа нээлттэй явуулах боломжтой юу?
-Нээлттэй явуулах тал дээр би хатуу байр суурьтай байдаг. Бодлого ярьж байгаа энэ цаг үед хэвлэл мэдээллийн байгууллагынхан орж мэдээлэл бэлтгэх нь бидэнд ашигтай юм байгаа биз дээ. Хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө “Мэдээлэл авъя” гээд ирж байхад нь өгөх л хэрэгтэй. Ер нь одоо нууж хаах зүйл байгаа юм уу. Хамаг юмаа л ярилцах шиг боллоо. Улс төрд өрсөлдөөн гэж байх ёстой. Өрсөлдөөн бол намын дотоод ардчиллын гол хэмжүүр мөн.
Өнөөдрийн үүсээд буй зөрчил бол анхнаасаа өрсөлдөөнийг хумих гэсэн оролдлого байсан шүү. Нэг нэр дэвшигч дангаараа ороод 100 хувийн санал аваад гаръя гэсэн бодлоос үүдэж энэ зөрчил үүссэн. Нам хуваагдаж хагараад сүйд болсон зүйл байхгүй гэж харж байна.
Саяны өрсөлдөөн бол арай л хэрээс хэтэрсэн зүйл боллоо. Өмнө нь М.Энхболд, С.Баяр нарын өрсөлдөөн жудагтай явагддаг байлаа шүү дээ. Арай ч нэгнийгээ алуурчин, түүлэгчин гэж дуудаж байгаагүй байх аа.
Хоёрдугаарт, “Цагаан байран дээрээ очиж цуглаад асуудлаа ярья” гэхээр хэвлэлийн өмнө гарч үлгэр яриад байдаг хүн нь танхимдаа ирдэггүй. Айгаад байдаг юм уу яадаг юм. Бага хурлын гишүүдийнхээ нүүрийг харж чадахаа больсон юм билээ.
-Үүсээд буй асуудал нь Бага хурлын гишүүний нэр хүндэд халдаж байгаа явдал мөн үү?
-Мөн шүү дээ. Наадах дээр чинь гомдол ирнэ гэж сонссон. Цаашдаа энэ асуудлаа улс төрийн нам дотроо ярих ёстой юм билээ.
Нэгдүгээрт, манай Бага хурал 479 гишүүнтэй. Энэ тоо арай их байна. Үүнийг цөөлөх ёстой. Өмнө нь 270, 310, 210 гишүүнтэй гээд янз бүрээр Бага хурлаа бүрдүүлж байсан. Хэт олон болоод ирэхээрээ асуудал нь болдоггүй юм шиг байна.
Хоёрдугаарт, Бага хуралд орж байгаа хүмүүс өөрийн гэсэн шийдвэр гаргах хэмжээний насанд хүрсэн толгойтой байх ёстой. Хэн нэгний даалгавраар орж санал өгдөг, үг хэлдэг. Тэр битгий хэл, хэн нэгний даалгавраар хэвлэлд яриа өгдөг хүн Бага хуралд байх хэрэггүй. Намд ч байх хэрэггүй.
-Ярилцсанд баярлалаа.