104 жилийн түүхт Монгол Ардын нам гурав хоногийн өмнө Бага хурлаа хуралдуулж, 31 дэх даргаа сонгосон. Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус намын шинэ даргаар сонгогдсон билээ. Тэгвэл 1996 оноос хойш тус намыг удирдсан дарга нар хэрхэн сонгогдож байсан талаарх "түүх"-ийг эргэн саная.
-Н.ЭНХБАЯР /1996-2005/ -

Н.Энхбаяр. Түүний хувьд 1990 оноос хойш улс төрийн өндөр албан тушаалыг тасралтгүй хашиж ирсэн нэгэн. Түүний хувьд 1996 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогдон ажилласан юм. Улмаар 2000 оны сонгуульд намаа ялалтад хүргэж, Их Хурлын 76 суудлаас 72-г нь МАХН эзэмшиж байв. Гэвч 2004 оны сонгуульд МАХН суудлынхаа бараг талыг алдаж, 2004 оны 8 сард сөрөг намуудтай эвсэж байжээ. Ийнхүү тэрбээр 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялалт байгуулснаар намын дараагийн даргын асуудал яригдаж эхлэв.
-М.ЭНХБОЛД /2005-2007/ -
2005 оны зургадугаар сард МАХН /одоогийн МАН/-ын 24-р Их хурал хуралдаж, намын даргад Ц.Нямдорж, Ч.Улаан, С.Баяр нар өрсөлдөж байсан. Гэвч Ц.Нямдорж, Ч.Улаан нар нэрээ татсанаар 2005 оны намын даргын сунгаанд С.Баяр, М.Энхболд нар тунан үлдсэн. Харин энэ үед 50,25 хувийн саналаар М.Энхболд ялалт байгуулснаар намын даргын үүрэгт ажлыг хоёр жил гаруй хугацаанд хашсан билээ.
-С.БАЯР /2007-2010/ -

МАХН-д шинэчлэл, хөдөлгөөн, жигүүрүүд байгуулагдснаар намын 25-р Их хурлыг ээлжит бусаар зарлаж, М.Энхболд дахин намын даргын С.Баяртай өрсөлдсөнөөр 2007 оны аравдугаар сард С.Баяр 56,6 хувийн саналаар намын дарга болжээ. Энэ удаагийн Их хуралд мөн М.Энхболдтой Н.Энхболд, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нар өрсөлдсөн ч Н.Энхболд, Ж.Энхбаяр нар нэрээ татсанаар Т.Аюурсайхантай өрсөлдсөнөөр үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, М.Энхболд 988 хүний санал авч, 91,65 хувийн саналаар ялалт байгуулсан юм.
-С.БАТБОЛД /2010-2012/ -

2010 оны 11 дүгээр сарын 6-нд МАХН-ын XXVI их хурлаар намын даргаас гадна нэрийн өөрчлөлт орсон. Тодруулбал, МАХН нэрээ солин МАН хэмээн нэрлэхээр төлөөлөгчийн дийлэнх олонхийн саналаар шийдэж байв. МАХН-ын хуучин дарга асан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэргүүтэй зургаан хүн нэрээ солихын эсрэг санал өгч байсан гэдэг. Нэрээ сольж, Монголын ардын хувьсгалын түүхийг өгүүлсэн хуучин кинонуудын хэсгээс төлөөлөгчдөд үзүүлж, цагаан, цэнхэр өнгийн хадгаар бариулыг нь ороосон МАН-ын анхны тамганаас адис аван баяр хөөр болсоны дараа их хурал завсарласан.
Ингээд оройн 20.30-д дахин эхэлсэн их хурал үүрийн 04.00 цаг хүртэл үргэлжилж, намын даргаараа Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдыг сонгосноор өндөрлөсөн байдаг. МАН хэмээх нэрээ авсан анхны даргын сонгуульд Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нар өрсөлдөж, 800 төлөөлөгчийн 85 хувийн саналаар С.Батболдыг сонгожээ. Ө.Энхтүвшин 15 хувийн санал авсан байдаг.
-Ө.ЭНХТҮВШИН /2013-2017/ -

2012 оны долоодугаар сарын 25-нд МАН-ын Бага хурлын VI хуралдаан 23.40 минут хүртэл үргэлжилсэн байдаг. Тус хурлаар намын шинэ даргаараа УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг сонгожээ. Санал хураалтын дүнд шинээр сонгогдсон МАН-ын дарга Бага хурлын гишүүдийн 89 хувийн саналыг авч байжээ. Гэхдээ тэрбээр өрсөлдөгчгүйгээр ганцаараа шууд сонгогдоогүй. Тодруулбал, МАН-ын дарга асан, Ерөнхий сайд С.Батболдын хувьд МАН-ын даргад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдсэн бол Дорноговь аймгийн МАН-ын даргын зүгээс УИХ-ын гишүүн асан Р.Рашийг намын даргад зүтгүүлжээ. Ингээд нууц санал хураалт явуулахад Бага хурлын гишүүдийн 89 хувь нь буюу 178 гишүүн Ө.Энхтүвшинд, 22 гишүүн Р.Рашид тус бүр санал өгсөн аж.
-М.ЭНХБОЛД /2013-2017/ -

2013 оны 10 сарын 30-нд МАН-ын XXVII Их Хурал хуралдсан. Хуралдаанаар хэлэлцэх гол асуудал нь мөн л намын шинэ даргыг сонгох асуудал байв. Эл сонгуульд М.Энхболд, Т.Аюурсайхан, Н.Энхболд, Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар нэр дэвшиж өрсөлдөж байжээ. Харин санал хураалтын өмнө Н.Энхболд, Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар нэрээ татсан аж. Улмаар санал хураалтад 1078 төлөөлөгчөөс 988 нь УИХ-ын дэд дарга М.Энхболдод, “Шинэчилье” хорооны гишүүн Т.Аюурсайханд 83 гишүүн саналаа өгсөн байв. Ийнхүү намын даргаар М.Энхболд хоёр дахиа сонгогдож байв.
-У.ХҮРЭЛСҮХ /2017-2021/ -

2017 оны 11 дүгээр сарын 21-нд Монгол Ардын Намын XXVIII Их хурал болсон байдаг. Хурлаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус тус МАН-ын даргад нэр дэвшүүлсэн. Мөн танхимаас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлсэн ч тэрбээр намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдэж байв. Харин Н.Дэмбэрэл намын даргад нэр дэвшихээс татгалзаж буйгаа илэрхийлэн нэрээ татсан. Ингэснээр Монгол Ардын Намын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар өрсөлдөхөөр болсон. Ийнхүү Монгол Ардын Намын XXVIII Их хурлын 1308 төлөөлөгчийн дунд санал хураалтыг явуулсанаар 63 хувийн саналаар У.Хүрэлсүх Монгол Ардын Намын даргаар сонгогдож байв
-Л.ОЮУН-ЭРДЭНЭ /2017-2021/ -

2021 оны 12 дугаар сарын 7-нд МАН-ын 30 дахь удаагийн их хурал болсон. Эл хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүрэлцэн ирсэн 1245 төлөөлөгч оролцож байна. Их хурлын эхний өдрийн орой намын даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхлэхэд Ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн бол заалнаас нэмж санал гарсангүй. Ингээд санал хураалтад орсон гишүүдийн 99.72 хувь нь Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонгохыг дэмжиж байв.
-Д.АМАРБАЯСГАЛАН /2025/ -

Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу 2025 оны есдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд МАН-ын Бага хурлын VIII хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаар намын даргын сунгаанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдсөн байдаг. Тухайн сонгуульд заалнаас өөр нэр дэвшигч гараагүй. Харин санал хураалт хоёр шаттай явагдсан бөгөөд хоёр дахь санал хураалтаар Бага хурлын гишүүдийн 87.67 хувийн саналаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ялалт байгуулж, МАН-ын 31 дэх дарга болсон юм. Гэвч эхний санал хураалтын дараагаар нэр дэвшигч Г.Занданшатар талынхан бойкот хийж, хурлаас гарч явсан, зарим аймгаас ирсэн Бага хурлын гишүүд өрөөнд цоожилсон зэрэг олон мэдээллүүд ч гарч байсныг энд дурдах нь зүй.
Яг одоогоор Улс төрийн намын тухай хуульд зааснаар Д.Амарбаясгаланг намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг 60 хоногийн дотор УДШ-д хүргүүлэх учиртай.