Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

16 настай бодибилдингийн тамирчин М.Оюун-Ухаан: Энэ спортоор хичээллэснээр цаг зохицуулалт, эрүүл амьдралын дадалд суралцаж байгаа

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
6 минут 6 секунд

Өнгөрөгч амралтын өдрүүдээр бодибилдингийн спортын Champ Cup" тэмцээн зохион байгуулагдлаа. 6 дахь жилдээ болж буй эл тэмцээний гурван ч төрөлд амжилттай оролцсон өсвөр үеийн төлөөлөл болох нугараач, фитнессийн спортын шинэхэн тамирчин М.Оюун-Ухаантай ярилцлаа.

-Сайн байна уу. Юуны түрүүнд та өөрийгөө эхлээд танилцуулаач?

-Намайг Мөнх-Мандахын Оюун-Ухаан гэдэг. Би энэ жил 16 нас хүрсэн. Champ Fitness клубдээ ороод найман сар болсон. Өмнө нь уран нугардаг байсан. Одоо ч мэргэжлийн уран нугараачаа хувиараа хийгээд явж байгаа тамирчин охин байна.

-Энэхүү тэмцээнд ямар амжилттайгаар оролцов?

-Б.Угалзцэцэг багшийн маань үүсгэн байгуулсан Champ Fitness клубийн нэрэмжит "Champ Cup 2025" тэмцээнд би гурван ангилалд орсон. Тэндээс хоёр ангилалаас нь медаль хүртсэн. Өсвөрийн Street Star ангилалд 2-р байр, хүнд ангилал болох үзүүлбэртэй фитнесс ангилалдаа алтан медаль аваад яг одоо ярилцлага өгөөд зогсож байна. Үнэхээр баяртай байна. Энэ хүнд үзүүлбэртэй ангилалд медаль аваад зогсож байна гэдэгтээ үнэхээр итгэхгүй байна. Зүүдлээд л яваад байх шиг байна.

-Үзүүлбэр нь их сонирхолтой санагдсан. Үзүүлбэрийнхээ талаар ярьвал?

-Үзүүлбэрийн тухайд ер нь аавтайгаа хамтарч үзүүлбэрээ бэлдсэн. Би өөрийгөө аавтайгаа их адилхан гэж боддог. Хоёулаа урлагийн талын хүн. Зохиол найруулгад хоёулаа маш хоббитой. Миний үзүүлбэрийн ая, хөдөлгөөн гээд бүх зүйлийг аав маань зохиож гаргадаг. Ер нь надаас илүү аав маань оролцож бүтээсэн. Би бол аавынхаа хэлснийг л хийгээд өөрийнхөө чадварыг гайхуулаад л явж байгаа.

-Фитнессийн спортоор хичээллээд тайзан дээр гарах мэдрэмж ямар байв?

-Би нугаралтаар өмнө нь тайзан дээр гардаг байсан. Хамт олонтойгоо нугарч үзүүлбэр үзүүлдэг байсан. Харин өндөр өсгийттэй иймэрхүү бикини өмсөөд гарч байгаа дөрөв дэх тайз маань болж байна. Гурав дахь тэмцээн болох саяхан болсон Азийн Аваргад том амжилт үзүүлж хоёр хүрэл, нэг алтан медал, нэг цомыг аваад монголдоо ирсэн. Өнөөдрийн Champ Cup тэмцээн маань миний дөрөв дэх тайз болсон.

-Өөрийн тань хувьд хэзээнээс фитнессээр хичээллэж эхэлсэн бэ?

-Өмнө нь фитнессээр идэвхтэй хөдөлгөөнтэй байх зорилгоор, сонирхогч төдий л хичээллэж байсан. Харин хоёр сарын эхнээс тэмцээнд тууштай бэлдэж эхэлсэн. Зорилгын хувьд, би өөрөө хөдөлгөөнтэй байх дуртай нэгэн. Арван жилийнхээ хичээлийнхээ хажуугаар нугаралтаар хичээллэхэд миний хичээл хаягдчихаад байсан. Тиймээс түр завсарлаад гэрээрээ хувиараа бэлтгэлээ хийж эхлэхэд бэлтгэл базаагдахгүй байсан юм. Масс нэмж, өөртөө итгэлгүй болж эхэлсэн. Тэгээд аав, ээжтэйгээ зөвшилцөж байгаад энэ спортоор хичээллэвэл болох юм байна гэж бодоод одоог хүртэл хичээллээд явж байна даа.

-Сонирхон хичээллэж буй спортоороо тэмцээний тайз нь дээр гарахад хэр сандралтай байсан бэ. Тэмцээнд бэлдэх явцад гарсан хүндрэлүүд хэр их байв?

-Би өмнө нь нэлээн олон тайзан дээр гарч байсан болохоор сандрал харьцангуй бага байсан. Харин өндөр өсгийт дээр гараад үзүүлбэрээ үзүүлэхэд бас багагүй хэмжээний сандралыг өгсөн. Гэхдээ надад фитнессийн тэмцээний өмнөх бэлтгэл, хоолны дэглэмүүд их хэцүү хүнд байсан. Анхных учраас дунд шантрах үеүд гарсан. Гэхдээ би нэгэнтээ л зорьсон учраас их гүрийсэн.

-16 настай учраас хэцүү санагдах нь аргагүй шүү дээ. Чи тэмцээнд оролцож байгаа хүмүүс дундаа хамгийн залууд нь орж байгаа. Харин чиний үеийн залуус энэхүү спортод хэр сонирхолтой байна?

-Ер нь манай үеийнхэн дунд маш их дэлгэрч эхэлж байна гэж харсан.

-Фитнессээр хичээллэхийн үр өгөөж, давуу талыг юу гэж харж байгаа вэ?

-Би фитнессээр хичээллэхээсээ өмнө ямар ч зорилгогүй байсан. Одоо маш том зорилготой болж чадсан. Хоёрдугаарт, өөртөө итгэх итгэл маань үнэхээр өндрөөр өсөж өөртөө зуун хувь итгэлтэй болсон. Ер нь бол бүх талаараа л давуу талтай юм байна гэдгийг ойлгуулсан. Тэсвэр тэвчээр, хатуужил хүмүүжил, цаг зохицуулалт, эрүүл амьдралын дадлыг сурснаараа үнэхээр сэтгэл хангалуун байгаа.

-Энэхүү тэмцээнд анх удаа орж байгаа гэсэн. Эл спортоор хичээллэж эхлэх гэж байгаа ах, эгч, дүү юу зөвлөх вэ. Анх удаа хичээллэж эхлэх гэж байгаа хүмүүс юун дээр анхаарах ёстой юм шиг санагдсан бэ?

-Хүмүүс анх өөрөөрөө хичээллэж эхэлье гэж боддог. Харин миний хувьд зөвлөхөд мэргэжлийн хувийн багштай болж хоолны дэглэм, зааврын дагуу фитнессээр хичээллэх хэрэгтэй. Өөрөө ганцаараа хичээллэвэл сайн үр дүнд хүрэхгүй гэдгийг хэлмээр байна.

-Цаашдаа тавьсан зорилго, зорилт байгаа юу?

-Цаашдаа тавьсан зорилго бол мэргэжлийн IFP-ийн Pro том мундаг тамирчин болно гэсэн зорилготой байгаа.

Ц.АНУЖИН

Маргааш Улаанбаатарт 19 хэм дулаан байна
Маргааш Улаанбаатарт 19 хэм дулаан байна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.