Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АМРАХ АГШИН: Шаргал өдрүүдийн хотын амьдрал

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 18 секунд

Намрын дунд сар айлчлахтай зэрэгцэн Улаанбаатарын гудамж бүхэлдээ шар, улаан, хүрэн навчсаар бүрхжээ. Өглөөний сэрүүнд яаран алхах хүмүүсийн дунд модноос унах навчсыг харж хоромхон зуур тайвшрах мөч ч тохионо.

Сүхбаатарын талбайн ойролцоо явтал нэгэн ээж охинтойгоо алхаж байв. Тэр охиныхоо алган дээр унасан навчсыг үзүүлээд, Хар даа, энэ бол шар навч. Харин энэ нь улаан, хоёулаа гоё байгаа биз? гэж хэлэхэд охин нь инээд алдан толгой дохино. Ээжийнх нь хэлснээр, намар болохоор охиноо авч гараад ингэж навчис харуулж тоглуулах дуртай гэнэ. “Өнгийг ялгадаг болчихоор улам сонирхолтой болсон. Хүүхдэд ч, надад ч тайвшрал өгдөг” гэж тэр хэлэв. Ээж охин хоёрын хувьд өвөл зуны улирлаас илүү намар тайвшрал, амрах боломж олгож байх шиг.

Цааш алхахад нэгэн ахимаг настай эмэгтэй сандал дээр сууна. Тэр гартаа унасан навч атгачихсан, нүд нь бодолд автан хол харж байлаа. Түүнтэй түр ярилцахад: “Намар ирэхээр хүний сэтгэл дуугүй болчихдог. Навчис унахыг харахаар өнгөрсөн он жилүүд санагддаг” гэж намуухан хэлээд цааш алхав.

Сандал дээр сууж хоцорсон би намрын өнгийг анзааран хэсэг чихэвч сонсож суулаа. Хажуу талын сандалд хосууд бололтой их сургуулийн хоёр оюутан ирж суулаа. Тэр хоёр яг л намарт зориулж хувцасласан байх. Эмэгтэй нь шаргал цув, намирсан өтгөн хар үс, богино дэрвэгэр юбка, урт түрийтэй гутал өмссөн харагдана. Залуу харин богино бүдэг шаргал хүрэм, хар өмд бага зэрэг түрийтэй гутал өмсжээ.

Тэд нэгнийхээ мөрийг дэрлээд, гар гараасаа хөтлөн болзоход хамгийн сайхан цаг агаар гэж инээлдэн сууна. Энэ жаргалтай зураглалын харсан надад гэнэт бас хөнгөхөн гуниг төрлөө. Хэдхэн хормын өмнө таарсан настай эмээгийн хэлсэн “Намар ирэхээр хүний сэтгэл дуугүй болчихдог. Навчис унахыг харахаар өнгөрсөн он жилүүд санагддаг” гэдэг үг санаанд бууж, тэр эмээ залуудаа хайртай залуутайгаа ингээд суудаг байсан байх даа. Тэгээд л намарт зориулж ийм үг хэлсэн байх гэсэн шүү юм бодогдлоо.

Намар гэх улирал угтаа олон өнгийн навчсаар хувирч өвлийг авчирдаг нь өнгөрсөн хугацаанд хүн бүрийн амьдрал ийм л олон өнгөтэй байсныг илтгэх мэт. зарим өдөр нь инээж, зарим өдөр нь уйлж, заримд нь бүр ямар ч мэдрэх зүйлгүй тайван өнгөрдөг өдрүүдийн өнгөний илрэл.

Д.Мөнхбаатар: Борлуулалтын цэгээр өдөрт 5000 тонн сайжруулсан шахмал түлш худалдаалж байна
Д.Мөнхбаатар: Борлуулалтын цэгээр өдөрт 5000 тонн сайжруулсан шахмал түлш худалдаалж байна
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.