Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Батбаатар: ЗГ-аас гарах асуудал огт яригдаагүй. Б.Батбаатар намын дарга болсны дараа ах, эгч, дүү нар нь намын удирдлага, хяналтын шатанд ажиллах болсон

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
11 минут 7 секунд

Сүүлийн үед ИЗНН хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах эсэх асуудал олон нийтийн дунд багагүй маргаан, мэтгэлцээнийг өрнүүлээд амжлаа. Тэгвэл өнгөрөгч өдрүүдэд өрнөсөн улс төрийн үйл явц болоод тус намын дотоод "зөрчлийн" талаар ИЗНН-ын дэд дарга С.Батбаатартай ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдэд улс төр “халах” шинжтэй болж байна. Намрын чуулган ч тун удахгүй нээлтээ хийнэ. Үүнтэй зэрэгцээд улс төрийн намууд хурлаа хийж, намын үндсэн дүрмийн асуудлаа хэлэлцэж батлаад эхэллээ. Танай нам Их хурлаа энэ сард товлоод байгаа. Иймд намын хурлын талаар яриагаа эхэлье?

-Улс төрийн намын хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор намууд 2025 оны 12 дугаар сарын 30-наас өмнө УДШ-д дүрмээ бүртгүүлэх ёстой. Улс төрийн намын тухай хуульд заасанчлан дүрмийн 1/3-ээс дээш хувьд өөрчлөлт оруулахаар бол намын их хурлаар оруулж, өөрчлөх ёстой. Үүнийхээ хүрээнд ИЗНН энэ сарын 14-нд намын ээлжит бус XII их хурлаа зарлаад байна.

-Танай намын Улс төрийн зөвлөл энэ сарын 1-нд хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал дунд хамтарсан Засгийн газарт орж ажилласан хугацаан дах үйл ажиллагаа, үр дүнтэй холбоотой агуулга багтсан байсан. Тэгвэл хурлаар энэ чиглэлд юу ярилцав?

-Улс төрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрүүдийг та бүхэн харсан байх. Тэр дундаа МАН-тай хамтран ажиллах гэрээ байгуулах ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн.

Анх МАН засагт орох саналыг тавих үед манай намын Улс төрийн зөвлөл хуралдаж МАН-тай хэрхэн, яаж, ямар байдлаар хамтрах талаараа гэрээ байгуулъя гэх саналыг хэлэлцсэн. Намын даргад энэхүү үүргийг хариуцуулж өгсөн боловч тэр өдрөө Засгийн газарт хамтарчихаад хүрээд ирсэн. Гэтэл засагт хамтарснаас гурван сарын дараа ийнхүү гэрээ байгуулах ажлын хэсэг байгуулж байгаа нь хожимдсон шийдвэр.

Энэ гурван сарын хугацаанд бид гэрээгүй ажилласан юм уу гэх ойлгомжгүй байдал бий болоод байна.

-Хамтарсан ЗГ-аас гарах асуудал манай намд албан бусаар ч яригдаагүй-

-Олон нийтийн дунд эргэлзээ үүсгээд байгаа өөр нэг асуудал бол танай намын хамтарсан засгаас гарах эсэх асуудал. Гарах саналыг танай намын дарга хүлээж авсан гэдгийг М.Нарантуяа-Нара гишүүн мэдээлсэн шүү дээ?

-М.Нарантуяа-Нара гишүүний мэдээллийг уншсан. Б.Батбаатар даргатай засгаас гарах асуудлыг ярьсан гэсэн байсан. Тэгэхээр энэ асуудлыг М.Нарантуяа-Нара гишүүн ч, Б.Батбаатар гишүүн ч шийдэхгүй. Намын Улс төрийн зөвлөл засагт хамтрах шийдвэрийг гаргасан бол эргээд гарахыг нь ч бүрэлдэхүүнээрээ шийднэ.

-Тэгэхээр танай Улс төрийн зөвлөл дээр энэ чиглэлд албан ёсоор яригдсан зүйл байхгүй гэж ойлгож болох уу?

-Албан ёсоор бүү хэл албан бусаар ч яригдаагүй.

-Өнгөрөгч өдрүүдэд энэ асуудал хөндөгдөж эхэлсний дараагаар ИЗНН засаг дээр нэг сайдтай буюу тунхаг төдий байгаад байгаа юм биш үү гэх асуудлууд ч хөндөгдлөө. Түүнчлэн танай намаас бус АН-аас томилгоо ороод байна гэх асуудал ч гарсан?

-Манайх сайд, сайдын зөвлөхөө л томилсон. Өөр бүтцийн өөрчлөлтөд ИЗНН-аас орсон томилгоо байхгүй.

Ардчилсан намаас томилгоо орж байгаа талаар би сошиал хуудсандаа бичсэн постдоо дурдсан. Өнөөдөр ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчид Ардчилсан намын ҮБХ-ны гишүүний хүүхдийг тавьчихсан. Ирэх жил зохион байгуулагдах гэж байгаа "TOP16" гэх томоохон хурлын зохион байгуулагчаар АН-ын гишүүнийг томиолчихсон байх жишээтэй. Энэ бүхнээс харахад ИЗНН-аас Батын Батбаатар ганцаараа албан тушаалд томилогдсон. Намын бусад гишүүдээс одоохондоо бүтцийн өөрчлөлтөд орсон хүн байхгүй.

-Гэхдээ нэг сайдын албан тушаалд тунхаг төдий ажиллаж байснаас засгаас гарсан нь дээр юм биш үү гэх агуулгыг танай намын гишүүд ч хөндөөд байна шүү дээ. Тэгэхээр цаашид хэрхэх юм бэ. Энэ байдлаараа хамтраад явах ёстой юм уу. Аль эсвэл саяхан намаас гарсан ажлын хэсгээрээ дамжуулаад хамтран ажиллах асуудал дээрээ МАН-ыг шахаад явах юм уу?

-Одоог хүртэл хамтран ажиллах гэрээгээ байгуулаагүй. Тэгэхээр засагтай хамтарснаас хойш гурван сарын дараа хамтран ажиллах гэрээг байгуулна гэдэг бол өнөөдөр бид засагт байгаа үгүй нь мэдэгдэхгүй хэмжээнд байна гэсэн ойлголт. Тэгэхээр бид ч өөрсдөө эргэлзээтэй байдалд орж байгаа. Аливаа ААН, иргэн, төрийн байгууллага хоорондоо эхлээд гэрээгээ байгуулсны дараагаар хамтрах үйл ажиллагаа явагддаг. Гэтэл манай нам дөнгөж одоо хамтран ажиллах гэрээ байгуулах ажлын хэсгээ бүрдүүлж байна гэдэг бол маш ойлгомжгүй зүйл.

-Тэгвэл танай намыг засагт төлөөлж байгаа Б.Батбаатар гишүүнийг сайдын ажлаа хэр хийж байна гэж харж байгаа вэ?

-Орон нутгаар яваад өөрийн салбарынтайгаа уулзалт хийж, ярилцаж байгаа харагдсан. Энэ бол сайд хүний хийх анхан шатны ажлууд мөн. Тэрнээс илүүгээр аливаа зүйлийг удирдаж байгаа хүн бодлого илүү боловсруулах ёстой. Монгол Улс байгаль орчны чиглэлд анхаарлаа түлхүү хандуулах хэрэгтэй. Бид 2012–2016 онд байгаль орчны яамыг удирдаж байсан. ИЗНН-д энэ чиглэлд мэргэшсэн олон төрийн бус байгууллага, мэргэжилтэн байдаг. Иймээс мэргэжлийн хүмүүсийг үүнд түлхүү ажиллуулах мөн сайд өөрөө ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулах хэрэгтэй гэж бодож байна.

Бас нэг зүйлд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ нь Б.Батбаатар гишүүний зөвлөх нь яамны асуудалд оролцож байна. Миний бодлоор Их хурлын гишүүний зөвлөх гэдэг нь гишүүнийг хуулийн төслийг оруулах, өргөн барьсан хуулиудад саналаа хэлэх, туслах ёстой болохоос яаманд очоод томилгоонд оролцоод байх ёсгүй. Гол асуудал нь намын олон гишүүдийн дургүйцлийг хүргэж байгаа. УИХ-ын гишүүний зөвлөх өөрийн ажлаа л хийх нь зүйтэй юм.

-Б.Батбаатар ИЗНН-ын дарга болсноос хойш түүний ах, эгч, дүү нар нь манай намын хяналт, удирдлагын түвшний бүх хороодод ажиллах болсон. Энэ нь ашиг сонирхлын зөрчлийг бий болгож, ардчилсан зарчмыг алдагдуулж байна-

-Танай намын хувьд УИХ-д дөрвөн суудалтай улс төрийн хүчин. Гэвч өнгөрсөн хугацаанд М.Нарантуяа-Нара гишүүний зүгээс намын даргаа тайлангаа нээлттэй тавьдаггүй, удирдах зөвлөлөө ах дүү нараараа бүрдүүлсэн гэх мэт асуудлууд хөндөж байсан. Ер нь иймэрхүү асуудал танай намд байдаг юм уу. Намын дотоод уур амьсгал хэр байдаг юм бэ?

-Улс төрийн нам нийтийн ашиг сонирхлын төлөө үйлчилдэг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль ч бий. Эл хуулиар ашиг сонирхлын зөрчил гэдэгт өөрсдийн хамаарал бүхий хүмүүстэй шийдвэр гаргах түвшинд хамтран ажиллахыг хориглосон заалт бий. Батын Батбаатар ИЗНН-ын дарга болсноос хойш түүний ах, эгч, дүү нар нь манай намын Үндэсний хороо, Улс төрийн зөвлөлд ажиллах болсон. Тэр биүү хэл манай дүрмийн хороонд дүү нь байгаа. Дүрмийн хороо нь намын дарга, удирдлага, Улс төрийн зөвлөл, Үндэсний хорооны гаргасан тогтоол шийдвэрийг хянаж, дүрэм зөрчсөн эсэхийг хянадаг байгууллага. Гэтэл тэнд өөрийнх нь дүү ажиллаж байна. Өмнө өөрийнх нь туслахаар ажилладаг байсан. Үүнээс харахад үнэхээр М.Нарантуяа-Нара гишүүний хэлээд байгааг үгүйсгэх аргагүй. Үеэл нь хүртэл байна шүү дээ.

-Ойрын садан төрлийн хүмүүс намын удирдлагын төдийгүй хяналтын бүтцэд ажиллаж байгаа энэ үйлдэл дээр нь намын гишүүд та бүхний зүгээс Б.Батбаатар даргадаа байр сууриа илэрхийлж, хандаж байв уу?

- Байгаа. Мэдээж намын гишүүд хурал, цуглаан дээр энэ талаар ярьж л байдаг. Ер нь цаашид улс төрийн нам ашиг сонирхлын зөрчлөөс ангид байя гэвэл намын удирдлагын хамаарал бүхий хүмүүс шийдвэр гаргах албан тушаалд байж болохгүй гэх заалтыг дүрэмд оруулах санал надад байгаа. Энэ саналыг есдүгээр сарын 14-нд болох намын их хуралд өргөн барина. Б.Батбаатар даргыг ч энэ заалтыг хүлээж авна гэж итгэж байгаа. Өөрөөр хэлбэл, намын даргын үйл ажиллагааг хянах бүтцүүдэд өөрийнх нь хамаарал бүхий хүмүүс ажиллаж байгаа нь эргээд аливаа шийдвэр үнэн зөв гарах эсэхэд эргэлзээтэй байдлыг бий болгож байна. Улмаар ардчилсан зарчим алдагдаад байна.

-Есдүгээр сарын 14-нд болох намын ээлжит бус хурлаар Үндсэн дүрмээс гадна өөр хэлэлцэхээр тогтсон зүйл юу байгаа вэ?

-Одоогоор бид үндсэн дүрмийн өөрчлөлт болон бусад гэсэн байгаа. Тэгэхээр их хурал ямар асуудлыг хөндөх нь өөрийнх нь эрх. Өөрөөр хэлбэл, намын даргын асуудал яригдах эсэх, өөр ямар асуудлын талаар хэлэлцэх нь их хурлын өөрийн эрх хэмжээндээ шийдэх асуудал гэсэн үг.

“Петрочайна дачин тамсаг“ компанийн талбайд 2019 оноос хойш 22 хүн амь насаа алдсан“
“Петрочайна дачин тамсаг“ компанийн талбайд 2019 оноос хойш 22 хүн амь насаа алдсан“
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.