Чингэлтэй дүүргийн төвд орших “Ард” кино театрын зүүн талын ногоон байгууламжтай газрыг өмчлөгч иргэн нь хашаалж, 25 давхар барилга барих шийдвэрийг гаргажээ. Энэ талбай нь Чингэлтэй дүүргийн хэмжээнд гамшгийн үед иргэдийн түр цугларах цэг учраас барилга байгууламж барихыг хориглосон тогтоол гарсан байдаг аж. Мөн ногоон байгууламжийг хашаалсан нь иргэдийн амрах зорчих байдлыг хязгаарлаж, цаашлаад аюулгүй амьдрах эрхэд халдлаа гэж оршин суугчид эсэргүүцэж байна. Энэ асуудалтай холбогдуулан кино театрын цэцэрлэгт хүрээлэнгийн хэсгийг нийтийн эзэмшилд авах саналыг дүүргээс нийслэлд хүргүүлээд байгаа аж.
-Н.МАНДУУЛ: “Ард” кино театр нь нийслэлийн хэмжээнд соёлын өв байх хэмжээний барилга-
Энэ талаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул “Ард” кино театрыг барилгажуулах ажлыг манай дүүргийн нэгдүгээр хорооны иргэд эрс эсэргүүцэж байгаа. Энэ барилгын талбай нь 2004 онд хувьчлагдсан. Гэсэн ч дүүргээс цэвэрлэгээ үйлчилгээг хариуцаж байсан. Одоогийн нөхцөл байдлаар “Ард” кино театрыг нурааж барилга барихаар ногоон байгууламжтай нь хамт хашаалсан. Хувьчилж авсан ч зүүн талын талбай нь НОБГ-ын захирамжаар аливаа эрсдэлт үйл явдал үүссэн тохиолдолд иргэдийн түр цугларах цэг гэж заасан байдаг. Тэр тогтоол нь хүчинтэй байсаар байтал Нийслэлээс барилга барих зөвшөөрөл олгож, хувь хүн компанид шилжүүлсэн нь эрх зүйн хувьд зөрчил үүсэж байна. Мөн “Ард” кино театр нь Нийслэлийн хэмжээнд соёлын өв байх хэмжээний барилга. Үүнийг 2015 онд Нийслэлээс соёлын өвд бүртгэх ажлыг эхлүүлэхэд хуулиараа газрын эзэмшигчээс зөвшөөрөл авах хэрэгтэй байсан ч эзэмшигч нь зөвшөөрөөгүй улмаас бүртгэгдээгүй. Энэ нь нийслэлийн зарим шийдвэр хоорондоо уялдаа холбоогүй байгааг харуулж байна. Түүх соёлын дурсгалт газрыг нураах, өөрчилж зохион байгуулах ажлуудад иргэдээсээ санал авах хэрэгтэй.
Иргэдээс дүүрэгт маш олон санал гомдол ирсэн. Түүний дагуу нийслэл рүү дүүргээс тус талбайг нийтийн эзэмшилд хэвээр байлгах хүсэлтийг хүргүүлсэн. Цаашдаа Чингэлтэй дүүргээс “Ард” кино театрыг соёлын өвд бүртгүүлэх хүсэлт тавина. Өмчлөгч компанийн зүгээс барилга барих зөвшөөрлөө авсан, гэхдээ кино театрыг нураах зөвшөөрөл аваагүй байгаа гэсэн мэдээлэл байгаа. Энэ асуулалд дүүргээс иргэдийнхээ эрх ашгийг хамгаалан тэмцэж байгаа” гэлээ.
Театрын барилгыг хувьчилсан үйл явцыг тодруулбал, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам 2002-2004 онд "Ард" кино театрыг түрээслэн ажиллуулж, 2006 онд “Од театр” нэртэй компанийг үүсгэн байгуулж байжээ. Улмаар 2004 оны Нийслэлийн өмчийн хорооны комиссын 84 дугаартай тогтоолоор “Ард” кино театрын барилгыг хувьчлахаар болж “Түрээсийн давуу эрхээр” иргэн Д.Сосорбарамын эзэмшлийн “Од театр” ХХК-д 150 сая төгрөгөөр нийслэлийн Өмчийн харилцааны газраас хувьчилсан байна.
Харин өнөөдрийн байдлаар гавьяат жүжигчин Д.Сосорбарам Ард кино театр буюу "Одтеатр" ХХК-ийг 2021 онд хөрөнгө оруулагч IBC компанид зарсан мэдээлэл байна. IBC компани худалдаж авахдаа үл хөдлөх хөрөнгө болон газрын эрхийг нь шилжүүлэн авчээ. Тус компани Ард кино театрын эзэмшигч болсны дараа 2022 онд "Од" театрын худалдаа, нийтийн үйлчилгээний төв цогцолбор гэсэн зориулалттай архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулжээ.
IBC компанийн өмчлөлтэй эдэлбэр газар нь 3592 м.кв талбайг хамардаг. Үүнээс 1464 м.кв талбайд нь буюу "Ард" кино театрын суурин дээр 25 давхар барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны иргэн М.Чинбат "Энд өндөр барилга барих нөхцөл байхгүй. Би барилгын инженер байсан хүний хувьд хэлэхэд, газар доорх инженерийн шугам сүлжээ даахгүй. Анх 450 мянган хүнтэй нийслэл хот байна гэж хийсэн шугам сүлжээнд өнөөдөр бид амьдарч байна. Энэ тооцоогоор үзвэл, бусад орон сууц эрсдэлд орно. Чингэлтэй дүүргийн оршин суугчдын эрх ашгийг бодохгүй, санал хүсэлтийг сонсохгүй нэг компанийн эрх ашгаар хязгаарлагдаж байна. ДЦС, УСУГ техникийн нөхцөл байдлыг хангах зөвшөөрөл өгсөн эсэхийг бид тодруулах хэрэгтэй" гэж байр сууриа илэрхийллээ
НИТХ-ын түрүүлэгчдийн 2009 оны 141 дүгээр тогтоолоор буюу Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай хавсралтад Чингэлтэй дүүргийн Ард кино театрын зүүн талын 0,17 га газарт барилга байгууламж барихыг хориглосон жагсаалтад байдаг. Энэ тогтоол хүчинтэй эсэхийг Хот байгуулалт хотын стандартын газраар дамжуулан НИТХ-ын эрх зүй, хяналт үнэлгээний хэлтэс рүү илгээж шалгуулжээ. Тэгвэл өнгөрсөн 7 хоногт НИТХ-ын эрх зүй, хяналт үнэлгээний хэлтсээс ирсэн хариугаар "2009 оны 141 дүгээр тогтоолоор Ард кино театрын зүүн талын 0,17 га газарт барилга байгууламж барихыг хориглох тогтоол хэвээр" гэсэн утга бүхий албан бичиг иржээ.
Мөн НИТХ-ын 2023 оны 58 дугаар тогтоол буюу Болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил хэмжээг шинэчлэн тогтоосон. Энэ тогтоолын хавсралтад Ард кино театрын зүүн талын 0,22 га талбай багтсан байдаг бөгөөд Чингэлтэй дүүргийн хэмжээнд Ард кино театрын зүүн тал нь гамшгийн үед түр цугларах учраас барилга байгууламж барих нь хориотой гэсэн үг юм.
Одоогийн байдлаар Ард кино театрыг дахин хашаалсантай холбоотойгоор иргэдээс санал хүсэлт ирж байгаа юм. Энэ асуудлаар Ард кино театрын цэцэрлэгт хүрээлэн хэсгийн талбайг нийтийн эзэмшилд авах саналыг дүүргээс нийслэлд хүргүүлсэн. Мөн хотын А бүсэд, хүн амын нягтаршил ихтэй энэ хэсэгт барилга барих зөвшөөрөл олгосон эсэхийг нягталж байгаа ажээ.
М.Ариунжаргал