
Үндэсний их баяр наадам болон Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн даншиг наадамд түрүүлсэн Улсын арслан Э.Батмагнайг Увсын 100 жилийн ойн наадамд барилдаж болно, болохгүй эсэх асуудлаар цахим орчинд хоёр хэсэг болон талцаад байна. Тодруулбал, зарим нь ид залуу, хүчтэй байгаа дээрээ Увсын 100 жилд очиж барилд гэж байгаа бол зарим хэсэг нь том 3 наадамд түрүүлэх цээртэй гэж буй.
Тэгвэл уг асуудалд Гавж Д.Нямсамбуу дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Э.Батмагнай одоо болно. Увсад барилдаад хэрэггүй. Эсвэл яадаг яадаг морь, хүн 3-н наадамд түрүүлэх цээртэй ч гэнэ үү.
Уйддаг юм уу яадаг юм хүн айлгах заншил шинээр зохиогоод.
Дуучин хүн дуулна, бөх хүн барилдана, барилдмаар байгаа бол хаанаа барилдана хүний өөрийн л дур. Хүний залуу нас богино, спортын нас бүүр ч богино. Тэр наадамд очоод түрүүлэх магадлал тийм өндөр ч биш.
Хар цагаан хэл ам гэнэ. Улсад түрүүлэхэд нь ч тэр, сая түрүүлэхэд ч тэр, аль аль нь байж л байгаа, байх ч болно. Магтаал муушаалын аль алиныг бага сонсох арга бол огт барилдахгүй л байх юм, энэ тохиолдолд.
Шунал бага байхыг ярьвал бөх хүн барилдахыг хүсэх хүслээс бай шагналд нь шунах сэтгэл нь илүү байна гэж яаж мэдээд байна. Мөн үнэндээ бид хэн нэгнээс бага шунахыг шаардах ямар эрхтэй юм.
Шударга л барилдаж байвал аль наадамд зодоглоно тэр бөхийн эрх дээ" хэмээжээ.