УИХ-ын хаврын ээлжит чуулган хаалтаа хийв. 126 гишүүнтэй шинэ парламентын 9 дэх бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд нийт 144 хууль, 146 тогтоол бид хэлэлцэн баталсан байна. Үүнээс 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 66 хууль, 59 тогтоол хэлэлцэн баталлаа.
Ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлаас хэлэлцэн баталсан онцлох хуулиудыг товч танилцуулъя.
- 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг соёрхон баталж, бүтээн байгуулалт эхэллээ.
- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах зохицуулалт бүхий хуулийн төсөлд Хүний эрхийн Үндэсний Комиссоос санал авдаг байх, хууль санаачлагч олон нийтийн хэлэлцүүлгийн хугацаа дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор тухайн саналыг тусгасан эсэх тайлбар үндэслэлээ албан ёсны цахим хуудсандаа байршуулдаг байхаар тусгалаа.
- Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Зээлийн мэдээллийн санд зээлдэгчийн “хар жагсаалт” гэсэн ойлголтыг халж, онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн.
- -Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Монгол Улсын хэмжээнд төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглолоо.
- Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулж “Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга”, “Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга”, “20 минутын хот Үндэсний хорооны дарга”-ын албан тушаалын холбогдох заалтыг хүчингүй болгож, холбогдох сайдуудын эрхлэх асуудлын хүрээнд нэгтгэсэн.
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж Нийтээр тэмдэглэх баярын өдөр нь нийтээр амрах өдөртэй давхацсан тохиолдолд тухайн баярын өдрийг дараагийн ажлын өдөрт шилжүүлэхээр тусгасан.
- “Оюутолгой орд”-ын өгөөжийг нэмэгдүүлэх, Монголын талын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн Хянан шалгах түр хороог 88 гишүүний санаачилгаар байгууллаа.
- Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд: Улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад, дотоодын шууд хөрөнгө оруулалт, бусад санхүүжилтийн эх үүсвэрээр 17.5 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй шилжих 120, шинэ 180, нийт 300 төсөл, арга хэмжээг тусгасан.
- Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран Монгол Улсын зүүн болон говийн бүсийн эрчим хүчний сүлжээний дамжуулах чадварыг сайжруулах “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг баталлаа.
- Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын 2025 оны 53 дугаар тогтоолд агаарын бохирдлыг бууруулах урт, дунд, богино хугацааны цогц төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй бүсийг тодорхойлж, агаарын чанарыг тогтмол хянах, иргэдийг угаараас хамгаалах зэрэг 13 заалт тусгалаа.
- “Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол батлагдсанаар иргэд гэр, байшингаа дулаалах, цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчээр халаалтын зардлаа бууруулахдаа хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, татварын хөнгөлөлт эдлэх боломжийг нээж өглөө.
- “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол баталлаа.