
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэн өнөөдөр / 2025.07.04/ Чингис хаан Үндэсний музейд нээлтээ хийлээ.
Энэхүү үзэсгэлэн нь монгол дархны уламжлалт өв, соёлыг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ахмад дархчуудыг хөхиүлэн дэмжих, тэдний мэдлэг ухааныг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилготой.
“Монголчуудын түүхэнд дархчуудын оролцоо” сэдвийн дор 60 уран бүтээлч 138 бүтээлээр дархчууд үзэсгэлэнгээ дэлгэж, ардын урлал, шашны урлал, чимэглэлийн урлал, чөлөөт уран бүтээл гэсэн дөрвөн төрлөөр бүтээлүүдийг хүлээн авч, шилдэг 20 бүтээлийг шалгарууллаа.
Энэ удаагийн үзэсгэлэн “Монгол дархан: өв, урлахуй" нэрийн дор өргөн хүрээтэй зохион байгуулж Буриад, ӨМӨЗО-ы уран бүтээлчид хүрэлцэн ирж оролцож буйгаараа онцлогтой.
Үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн Тамгын газар ССАЖЗЯ, “Түмэн эрдэнэс” Нэгдсэн холбоо, Чингис хаан Үндэсний музей, Монголын Үндэсний музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын Урчуудын эвлэл хамтран зохион байгуулж байна.
Үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд 2025.07.04-нөөс 07.20-ны өдрүүдэд дэлгэнэ.
Б.Мөнхгэрэл