
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нь албан ёсны цахим хуудсуудаараа дамжуулан UBN сайтыг АПУ ХК-ийн болон “Шунхлай” группийн Ерөнхийлөгч П.Батсайхантай хамаарал бүхий мэдээллийн хэрэгсэл гэж ор үндэсгүй гүжирдэж гүтгэсэн явдалд харамсаж байна.
UBN.mn мэдээллийн сайтын Гүйцэтгэх захирал Г.Лхагвадорж нь 2023 оны 10 дугаар сараас NTV телевизэд “Лхагвын тойм” ярилцлагын нэвтрүүлгийг гэрээтээр долоо хоног бүрийн лхагва гарагт нийлүүлдэг болно.
Хараат бусаар, ёс зүйн зарчмыг чанд мөрдөж ажилладаг UBN мэдээллийн сайтын нэр хүндэд халдаж буй энэхүү үйлдлээ таслан зогсоож, нэн даруй уучлал гуйхыг тус сайтын редакцын зүгээс Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатараас шаардаж буйгаа үүгээр мэдэгдэж байна.
Мөн сэтгүүлчид, хэвлэлийн бусад байгууллагын нэр хүндэд бүдүүлгээр олон удаагийн давтамжтай халдаж, ялгаврлан гадуурхаж, мэдээлэл авах эрхийг нь хясан боогдуулж, сэтгүүлчдийг хэл амаар доромжилсон олон удаагийн үйлдлүүдэд нь нэн яаралтай анхаарал хандуулан салбарын эрх ашгийг хамгаалан ажиллахыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хүсье.
UBN.MN МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН РЕДАКЦ