Цэргийн цол чимэг олгох 33 дахь удаагийн “Бүх цэргийн наадам-2025” хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Тус наадмыг нээж УИХ, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Монгол бөхийн өргөөнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, бөх сонирхогч үзэгчид, хүчит бөхчүүд та бүхэндээ 33 дахь удаагийн бүх цэргийн наадмын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Уг наадам нь анх 1921 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Жанжин Д.Сүхбаатар МАХН-ын Төв Хороонд илгээсэн захидалдаа “Журамт цэргийн нэг суман жагсаал үйлдэж, нэг суманг Орос цэргүүдтэй гимнастик үйлдүүлж, бусад цэргүүдийг Монгол бөхөөр барилдуулна” хэмээснээр 1924 он хүртэл “Цэргийн наадам” нэртэй зохион байгуулагдаж байгаад 1925 оноос “Улс Хувьсгалын баяр наадам” болж өргөжсөнөөр хотол даяараа цэнгэн наадах өнөө үеийн баяр болсон түүхтэй. Үндэсний бөхийн аймгийн цолтой дүйцэх Цэргийн начин, заан, арслан цолыг анх 1960-аад оны үеэс албан ёсоор олгож эхэлсэн бөгөөд 1992 оноос Бүх цэргийн наадмыг жилд нэг удаа барилдуулж цол олгохоор Үндэсний бөхийн барилдааны дүрэмд оруулж өгсөн байдаг. Энэхүү наадмын гол онцлог нь Монгол цэргийн хийморь оршсон “Цэргийн” хэмээх цол чимгийг хүртдэгт оршдог. Өнгөрсөн 33 жилийн хугацаанд уг наадмаас Дархан аварга нэг, Улсын аварга хоёр, Улсын арслан гурав, Улсын гарьд дөрөв, Улсын заан долоо, Улсын харцага 23, Улсын начин 30 төрөн гарчээ. Ирэх цагийн өнгийг шинждэг тус барилдааныг бөхөд хайртай, бөхөө үзэх дуртай Монголын ард түмэн зуны эхэн сард чих тавин хүлээн суудаг билээ” гэв.
