Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2025” цогцолбор тун амжилттай явагдаж өндөрлөв.
Энэхүү тэмцээн нь Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, бие бялдрын болон ёс суртахуун, сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэхэд чухал. За тэгээд, ирээдүйн эздийн эх орны төлөө зүтгэхийг, цэргийн хүний ёсоор “амьдарч”, даалгавар гүйцэтгэхийг нь харах үнэхээр сайхан завшаан билээ.
Гараанаас уухайлаад гарахад нь, барианд аймаг, дүүргийнхээ тугийг мандуулан хашхирсаар орж ирэх ямар гоё зураглал гээч. Тэд марш тактикийн уралдааны талбарт нэгэндээ нөхрийн ёсоор тусалж, ядарсан нэгнээ сугадан гүйх, химийн багийг нь үүрч, бариа ойртох тусам уухай хашхирч, багш дасгалжуулагч, эцэг эх нь алга ташин дагаад гүйх нь үнэхээр супер. Хүүхэд л болсон тун хор шартай юм аа. Хэн нэг нь даалгавраа буруу гүйцэтгэхэд “загнах” нь ч байна. “Хүүхдүүд ээ, тайван байгаарай” хэмээн талбайн шүүгч нь аргадаж, дараагийн цэг рүү гүйхэд нь “Амжилт, та нар чадна аа” хэмээн орилсоор үлдэнэ. Зарим шүүгч нь хүүхдүүдийг дараагийн цэг рүүгээ буруу замаар гүйчих вий гэж 100 метр хүртэл дагуулж гүйх ч тохиолдлууд олон байв.
БХЯ, ЗХЖШ-аас энэ жил агуулга, хэлбэрийг нь өргөжүүлж, тасагт эмэгтэй тамирчдын тоог нэмэгдүүлж, техник технологийн эрин үетэй нийлүүлж, дрон удирдах чадварыг нь сорьсноороо онцлог байв. Уралдаанд 11 сурагчтай тасгийн 4 нь эмэгтэй. Эмэгтэй сурагчдаас дрон жолоодож, байр зүйн даалгаврыг гүйцэтгэж, гардан тулааны гайхамшигт үзүүлбэр, жагсаалч байдал, эмнэлгийн тусламж үзүүлэх гээд хийж чадахгүй зүйл алга. “Дөл”-өөс үе үеийн шилдэг цэргийн алба хаагчид төрдөг шиг ирээдүйн генерал, офицер, ахлагч нар байгаа гэдэгт нь эргэлзээгүй итгэхээр тийм л зураглалтай уралдаан байлаа.

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба цэргийн алба хаагчдаас дутуугүй цэрэгжилт, ёсолгоо, тэсвэр хатуужлыг олж харснаа дурдаж, цэрэг-эх оронч, өөрийгөө ялан дийлж, нөхдөдөө туслан дэмнэж чаддаг хүчтэй иргэд төлөвшиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд 21 аймаг, 9 дүүргээс шалгаран оролцсон бүх сурагч ялагч гэдгийг онцолно лээ. Учир нь бяцхан зүрхэндээ “Эх орны төлөө” гэсэн агуу том зорилгыг тээж ирсэн нь хамгийн бахархам гэж тодорхойлсон юм.
Жагсаалын талбай, трассын зам, торон саад, саадын зурвас, буудлагын дасгал, гараа, бариа, хоолны танхим, амралтын байр гээд олон маршрут, зураглал нутаг нутгийн ахлах ангийн сурагчдын мартагдашгүй сайхан дурсамж болон ийнхүү үлдэв ээ.