Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТҮҮХ: Үе үеийн Ерөнхий сайдууд ямар нөхцлөөр огцорч, ажлаа өгч байсан бэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 40 секунд

Шинээр байгуулагдах Засгийн газар тойрсон улстөр өрнөж буй энэ цаг үед багахан түүхийг та бүхэнд сөхөн хүргэе. Тодруулбал, 1992 оноос хойш буюу өнөөдрийг хүртэлх 33 жилийн хугацаанд Ерөнхий сайдууд ямар нөхцлөөр огцорч, ажлаа өгч байсан бэ гэдгийг хүргэж байна.

-Сонгуулийн дүнгээр унасан ЗГ-ууд-

П.Жасрай, Р.Амаржаргал, Н.Энхбаяр, С.Батболд, Ч.Сайханбилэг. Эдгээр эрхмүүд сонгуулийн ялагдлаар дараагийн Ерөнхий сайд нарт ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. 1996 оны сонгуулийн дүнгээр МҮАН, МСДН-ын Ардчилсан Холбоо Эвсэл хамгийн өндөр санал авсан байдаг. Ерөнхий сайдад зүтгүүлсэн хүмүүсээс М.Энхсайхан сонгогдож, Ерөнхий сайд болж байв. Р.Амаржаргалын хувьд 2000 оны сонгуулиар 72 суудалтай авч, ялалт байгуулсан МАХН-д халаагаа өгсөн хэрэг.

-Өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр ЗГ нь унасан гурван тохиолдол-

2007, М.Энхболд: Намын даргыг сонгох сонгуулиар С.Баяр ялалт байгуулж, шинээр сонгогдсон намын дарга нь Ерөнхий сайдын албыг хавсран хашихаар болсон тул М.Энхболд мөн оны аравдугаар сарын 31-нд УЗ-дөө ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн. Ийнхүү 11 дүгээр сарын 5-нд Ерөнхийлөгч түүний соёрхсон байдаг.

2009, С.Баяр: Түүний хувьд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг

2021, У.Хүрэлсүх: Тэрбээр ковид цар тахлын "ид" үед халдвар авсан эхийг нярай хүүхэдтэй нь гэрийн нимгэн халаад, таавчигтайгаар ХӨСҮТ рүү шилжүүлсэн хүний эрхийн зөрчилд хариуцлага хүлээн, өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ УИХ-д өгснөөр Ерөнхий сайдаас чөлөөлөгдсөн байдаг.

-Өөрийн намынхны саналаар унасан М.ЭНХСАЙХАН, Ц.ЭЛБЭГДОРЖ, Ж.ЭРДЭНЭБАТЫН ЗГ-

1998.04, М.Энхсайхан: МҮАН-ын Үндэсний зөвлөл, МСДН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн, “МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо” эвслийн дарга байх нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр М.Энхсайханы ЗГ бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой болсон юм.

1998.12, Ц.Элбэгдорж: Мөн оны дөрөвдүгээр сард томилогдсон МҮАН-ын тэргүүн Ц.Элбэгдорж 12 дугаар сард суудлаасаа буусан юм. УИХ-ын нэр бүхий 26 гишүүн Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн ЗГ-ыг огцруулах тухай тавьсан саналыг УИХ хэлэлцээд нууцаар санал хураахад 56 хувь нь дэмжсэн байдаг. Санал хураалтын нууц байдлыг ашиглан УИХ-д 50 суудалтай олонхийн бүлгийн гишүүд МАХН-ынхантай нийлж, өөрийн намын ЗГ-ыг огцруулж байв.

2017, Ж.Эрдэнэбат: Нэг жил хоёр сарын хугацаатай ажилласан Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын нэр бүхий 30 гишүүн өргөн барьсан байдаг. Огцруулах бичигт Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Д.Сумъяабазар тэргүүтэй намын гишүүд нь гарын үсэг зурж, өргөн барьсан байдаг. Улмаар 2017 оны есдүгээр сарын 7-нд ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцээд 57.5 хувийн саналаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулж байв.

-Сөрөг хүчний саналаар унасан Ж.НАРАНЦАЦРАЛТ, Ц.ЭЛБЭГДОРЖ, Н.АЛТАНХУЯГИЙН ЗГ

1999, Ж.Наранцацралт: Ерөнхий сайдын өөрөө ч мэдээгүй өөрийн гарын үсэгтэй захидал түүний огцрох шалтгаан болсон. Эл асуудлаас улбаатайгаар УИХ-д 1999 оны долоодугаар сарын 20-нд УИХ-ын нэр бүхий 21 гишүүн түүнийг огцруулах саналыг өргөн барьсан юм. Тухайн үед МАХН-ын УЗ, УИХ дахь МАХН-ын бүлэг шөнийн 21 цаг хүртэл хуралдаад, Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг УИХ-д гаргахаар шийдвэрлэж, өргөх бичигт гарын үсэг зурж эхэлсэн гэдэг.

2006, Ц.Элбэгдоржийн Засгийн газар: 2006.01.09-ний шөнө МАХН-ын бүлэг хаалттай хуралдаж, Засгийн газрыг огцруулах асуудлыг сөхөн ярилцсан байдаг. Олонхийн саналаар УЗ-д уламжлан, шийдвэр гаргуулахаар болсон гэдэг. Үйл явц ингэж эхэлсэн. Улмаар МАХН-ын УЗ хуралдаад, 10-11-нд шилжих шөнө үргэлжлүүлэн ярив. МАХН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ц.Элбэгдоржид "Манай намд харъяалагддаг 10 сайд өргөдлөө гаргаснаар ЗГ огцорч байгаа гэж ойлгож болно" хэмээн хэлжээ. Улмаар нэгдүгээр сарын 13-ны өдрийн чуулганы хуралдаанаар Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний шийдвэр дээрээс Ц.Элбэгдоржийн Засгийн газар унасан түүхтэй.

2014, Н.Алтанхуягийн Засгийн газар: УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдолд өргөн барьж байв. Өөрөөр хэлбэл, огцруулах саналыг сөрөг хүчин нь анх гаргаж тавьсан гэсэн үг.

Эл тогтоолын төслийг УИХ дахь АН-ын бүлэг аравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, дэмжих боломжгүй гэж үзсэн ч чуулганы хуралдаанд санал хураалт явуулахад, АН-ын нэр бүхий 8 сайд эсрэг санал өгч, 7 гишүүн чуулганы хуралдаанд орж ирэлгүйгээр өөрийн намын Засгийн газрынхаа тэргүүнийг огцруулж, Шинэчлэлийн Засгийн газрыг унагаж байсан түүхтэй.

-Ард түмний эсэргүүцлээр унасан Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗГ-

2025, Л.Оюун-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнийн хувьд хамгийн удаан хугацаанд буюу тогтвортойгоор Ерөнхий сайдын албан тушаалыг хашсан байдлаараа үе үеийн сайд нар дундаа нэгдүгээрт жагсдаг. Харин суудлаасаа буух үндэслэл нь ард түмний эсэргүүцэл байсан гэдэгт ганцаараа кейс болон бичигдэж байна. У.Хүрэлсүхийн хувьд ард түмний зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан ч өөрөө огцрох хүсэлтээ гаргасан байдаг. Харин Л.Оюун-Эрдэнийн хувьд огцрох өргөдлөө өгөхгүйгээр "Итгэл хүлээлгэх тухай тогтоолын төсөл"-ийг УИХ-д өргөн барьж, дэмжигдээгүйн үндсэн дээр огцрохоор болсон юм.

“Төв цэнгэлдэхийн зүлгийг байгалийн зүлэг болгож болохгүй учраас ҮНЭРТДЭГГҮЙ, ХАЛТИРДАГГҮЙ зүлгээр өөрчилж байна“
“Төв цэнгэлдэхийн зүлгийг байгалийн зүлэг болгож болохгүй учраас ҮНЭРТДЭГГҮЙ, ХАЛТИРДАГГҮЙ зүлгээр өөрчилж байна“
 
Л.Гүндалай: Оюутолгойн гэрээг түргэн цуцлаад, Рио Тинтог хөөж гарга. Юун Онтрэг нэмж өгөх
Л.Гүндалай: Оюутолгойн гэрээг түргэн цуцлаад, Рио Тинтог хөөж гарга. Юун Онтрэг нэмж өгөх
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.