Монгол гэрийг мода болгосон Б.Номуундарь

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 0 секунд

Ипотекийн зээл "мөрөөдөл" болсон энэ үед залуу хосууд түрээсийн байранд амьдрахаас өөр сонголтгүй. Б.Сүхбатын гэр бүл ч энэ жишгээр түрээсийн байранд дөрвөн жил амьдарсны эцэст 2024 оны зун Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд газар авч, таван ханатай гэрээ барин амьдрах болжээ.

Хүн бүр орон сууцанд амьдрахыг илүүд үзэх болсон энэ үед тэднийх гэр хороололд хэрхэн тохилог амьдарч болохыг үлгэрлэж буй залуу гэр бүл юм.

Б.Сүхбат хувиараа ажилладаг бол эхнэр Б.Номуундарь онлайн шоп ажиллуулдаг. Тэд хоёр хүүхэдтэй. Биднийг очиход Б.Номуундарь, цагаан нохойтойгоо хамт хашааны гаднаас угтав. Нөхөр нь ажилтай учраас гэртээ алга, хоёр хүүхэд нь мөн цэцэрлэгт явжээ.

Гэр хороололд амьдрах олон талаар ашигтай. Хамгийн том давуу тал нь 0.7 га талбайд бүх зүйлээ шийдээд, илүү тав тухтай амьдрах боломжтой учраас залуу хос ийн сонголт хийсэн байна. Гэхдээ тэднийг хашаандаа таван ханатай гэр бариад гарахад гайхах хүмүүс бишгүй олон байжээ.

Б.Номуундарь ярианы эхэнд "Мөрөөдлийн өргөө цагаан гэрээ бариад, амьдралаа зохиож, өрх тусгаарласандаа баяртай байгаа" талаараа бидэнтэй хуваалцав.

Тэрбээр цагаан өнгөнд дуртай. Тиймдээ ч гэрт байх цэнхэр буйдангаас бусад бүх тавилга нь цагаан өнгөтэй. Түүнчлэн дулаанаа цахилгаан халаалтаар шийджээ. Таван ханатай цагаан гэрээ "Нарантуул" захаас хайж явсан үе нь түүнд хамгийн нандин гэнэ.

Б.Номуундарь энэ талаар "Жижиг, том хамаагүй өөрийн гэсэн гэртэй болно гэж бодохоор л сэтгэл дүүрдэг юм байна лээ. Би заавал цагаан гэр авна, өөр өнгөтэй гэр авахгүй гээд шийдчихсэн байсан. Яг хүссэн таван ханатай гэрээ ч олсон. Гэрийнхээ тавилгуудыг захиалгаар хийлгүүлсэн. Хүмүүс манай гал тогоог их асуудаг шүү. Гэрээ цагаан өнгөөр тохижуулахаар цэлгэр, саруулхан харагддаг юм байна лээ. Цэвэрлэхэд хүртэл урамтай байдаг. Өглөө босохоос эхлээд л үнэхээр сайхан. Энэ гэртээ 100 хувь сэтгэл хангалуун байдаг" гэлээ.

Тэд дөрвөн жилийн хугацаанд байрны түрээсэнд 30 гаруй саяыг төлжээ. Харин газар авч, гэрээ тохижуулахад мөн энэ хэмжээний мөнгө зарцуулсан байна.

Тэрбээр үргэлжлүүлэн "Насаараа ипотекийн зээл төлж амьдарч байхаар яагаад монгол гэрээ бариад хүссэнээрээ гоё тохижуулаад амьдарч болохгүй гэж. Би өнөөдрийн энэ бүх тавилга, гэрийн хөшиг, гээд бүх зүйлсийг дотроо төсөөлөөд, бүтээх том зорилго тавьсан байсан учраас тухайн үед өөртөө их итгэлтэй байсан. Хүмүүст гэр хороолол л гэхээр тоос шороондоо дарагдсан хашаа байшин, гэр байдаг гэсэн ойлголттой байдаг. Гэхдээ тэр буруу хандлага ард үлдсэн. Олон залуу гэр бүл, гэр хороололд тав тухтай сайхан амьдарч байна. Тэдний төлөөлөл нь манай гэр бүл. Миний хувийн бодол л доо.

Гэхдээ хүмүүс материаллаг зүйлд хэт дурлаад байх шиг. Байгаа зүйлээ тордоод, өөрийн сэтгэлд нийцүүлэх хэрэгтэй болохоос байхгүй зүйлийн төлөө өөрийгөө зовоогоод хэрэггүй" гэлээ.

Ж.Бат-Эрдэнэ: Английн парламентын тэргүүн манай улсын ардчиллыг өндрөөр үнэлж байна
Ж.Бат-Эрдэнэ: Английн парламентын тэргүүн манай улсын ардчиллыг өндрөөр үнэлж байна
 
МЗХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр Энхтөрийн Галбадрал ажиллана
МЗХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр Энхтөрийн Галбадрал ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!