Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ.
Тэрбээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Эрхэмсэг ноён Л.Хойлтой 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Уэстминстерийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дээд түвшний айлчлалууд, харилцан ойлголцол бэхжиж байгааг онцлов.
Мөн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа Тамгын газар болон Парламентын бүлэг хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинээр байгуулагдсан Улсын Их Хурлын тавьж буй зорилт, парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй “Гурван төгөлдөршил” бодлого болон Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд зорилгоор хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар танилцууллаа.
Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл урилгыг нь хүлээн авч тус улсад УИХ-ын даргын анхны албан ёсны айлчлалыг хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлж, уг айлчлал хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!