Олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийг УИХ-аар соёрхон баталсны дараа бүтээн байгуулалтын тендерийг энэ сард багтаан зарлахаар төлөвлөж буй. Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдэх энэхүү төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспортын орлогын өсөлтийг дагаж Монгол хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10.000 ам.доллар хүрэх зорилт биелнэ гэж эрх баригчид үзэж байгаа юм.МАН 2024 сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “2028 он гэхэд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган ам.долларт хүргэнэ” гэж тусгасан.
Дараа нь Хамтарсан Засгийн газар 2028 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10.000 ам.долларт хүргэх тухай 2024-2028 оны үйл ажиллагааны зорилтот тусгасан билээ. Үүний тулд 14 мега төслүүд хэрэгжүүлнэ.
Тэр дундаа нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замд гол "найдвар" тавьж байна.
Тодруулбал, энэхүү төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспортын биет хэмжээ 100 сая тонныг даваад зогсохгүй Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалт нь төмөр замын төслүүдийн шанг татаж Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомт төмөр замаар үе шаттай холбогдох, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын дараагийн төслүүд хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Хэдий гангийн үйлдвэрлэл, нүүрсний үнэ унаж байгаа ч Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл нь илүү ач холбогдол өгнө гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлсэн. Тэрбээр "Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр болж буй Д.Трампын тарифын бодлогын нөлөөнөөс болж олон улсын худалдаан дээр нэлээн асуудал үүсэж байна. Улмаар гангийн хэрэгцээ буурч, нүүрсний үнэ унаж буй энэ цаг үед энэхүү хэлэлцээрийн ач холбогдол илүү оршино гэж үзэж байна. Өмнө нь бидний борлуулж байсан нүүрсэн дээр нэмэлтээр 5 сая тонн нүүрс энэ жил борлуулах гэрээ явагдана. Үр дүнд нь, 400 орчим сая ам.долларыг нүүрсний борлуулалтаас нэмж төвлөрүүлэх боломж бүрдэж байгааг хэлье" гэсэн юм.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холбосон төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонноос 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэх тооцоо бий.
Харин эдийн засагчдын зүгээс Гашуунсухайт-Ганцмод боомт 2027 онд ашиглалтад орохоос нааш нүүрсний экспорт 100 сая тоннд хүрч нэг хүнд ногдох ДНБ-ийг 10.000 ам.долларт хүргэх зорилтод хүрэх боломжгүй гэх байр суурийг илэрхийлж байсан юм. Өөрөөр хэлбэл, хил холболтоо хийхгүй бол нүүрсний зах зээл сэргэх боломжгүй талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өчигдөр мэдээлж байлаа.
Эдийн засагч Н.Энхбаяр: Гашуунсухайт-Ганцмод боомтын гүүрэн байгууламжын бүтээн байгуулалт нь нэлээн нарийн төвөгтэй учраас гурван жил үргэлжлэх төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр 2027 он хүртэл бид одоогийн хүчин чадал дээрээ л буухаас өөр аргагүй болж байна. Үүн дээр өнгөрсөн онд төсөв хэлэлцэх үеэр илүү болгоомжтой хандах боломж байсан ч харамсалтай нь өөдрөг хувилбараараа л баталлаа гэж байлаа.
Улс төрд АН, МАН гэх хоёр намын тоглогчтой явж ирсэн сонгууль бүрийн амлалт эдийн засгийг хөгжүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулж ДНБ-ийг өсгөх тухай байлаа. Энэ талаарх бид өмнө нь Сонгуулийн амлалт ба эдийн засгийн өнгө нийтлэлээр хүргэж байв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!