ГОЛ ДҮР: Хайрлагдсан ГАВЬЯАТ

Ангилал
Гол дүр
Огноо
Унших
3 минут 16 секунд

Юу тарина, түүнийгээ хураана. Чи амьдралдаа, ажилдаа яаж хандана түүнийхээ үр шимийг нэг л өдөр хүртэнэ. Үүний үлгэрлэл нь өнөөдрийн гол дүр Б.Билгүүн байлаа. Тэр өнөөдөр сагсан бөмбөгийн спортод амьдралынхаа 20 гаруй жилийг зориулсныхаа, ялж ялагдсан олон тоглолтоос монгол хэмээх нэрийг цуурайтуулсныхаа, спортод хүн чанар, төлөвшил чухал болохыг залуу үедээ үлгэрлэж байгаагийнхаа төлөө Монгол Улсын Гавьяат тамирчин цолыг энгэртээ зүүлээ. Гуйж биш гуядаж авна гэдэг дээ. Ёстой л түүнд биш бол өөр хэнд гэж. Одоо л өгөхгүй бол хэзээ гэж. Нүдээ басхүү цагаа олсон шагнал гэж үүнийг л хэлнэ байх. Хэдийгээр шигшээ багийн бүрэлдэхүүнээс зодог тайлах түүний шийдвэр энэ спортыг хайрлаж, хүндэлдэг сонирхогчдын хувьд гунигтай мэдээ байсан ч өнөөдрийн мэдээ бага ч гэсэн сэтгэлийг нь дээрдүүлсэн нь биз ээ.

Урлагт ч, спортод ч хүлээн зөвшөөрөгдөх тун чухал гэдгийг бид харлаа. Б.Билгүүн хоёр арваныг залган шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, 2013 онд оюутны юниверсад наадамд Японы шигшээг, 2014 онд Азийн том төлөөлөл Иорданыг хожсон бүрэлдэхүүний гол тоглогч нарын нэг байсан төдийгүй 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтуудад түүхэн амжилт үзүүлэхэд мөн л багийн гол тоглогч нарын нэг байсаар ирсэн тамирчин. Энэ утгаараа түүнийг Гавьяат цол хүртэхэд хэн ч, юугаар ч маргахгүй байна гэдэг нь алхаж ирсэн зам нь хүлээн зөвшөөрөгдсөн болохоор тэр болов уу.

Б.Билгүүний хувьд сагсан бөмбөгийн спортоос төрж буй гурав дахь Гавьяат болж буй бөгөөд баярлахаасаа илүүтэй дааж явах үүрэг хариуцлагаа мэдэрч байгаа талаараа хэлсэн түүний илэрхийлэл хувь хүнийх нь хувьд ч, тамирчных нь хувьд ч хүндлэх гол гогцоо болох шиг санагдсаныг нуух юун. Энэ завсарт өөрийнх нь нэртэй "хэлхээтэй" дуудагдаж ирсэн Тунгалагийн Санчирыг ч дараагийн Гавьяат болох ёстой хэмээн хэлээд амжив. Угтаа Б.Билгүүн, Т.Санчир хоёул Монголын сагсан бөмбөгийн нэгэн үеийн нүүр царай болсон тамирчид мөнөөсөө мөн. Тиймээс одоо овоо хараандаа тогтоох эсэхийг Ерөнхийлөгчийн шийдвэрээс л харах үлдэж байна.

Энэ халуун баярт үйл явдал дунд энгэрт зүүх "ганц төмөр" шүү дээ гэж мушгих нэгэнд хэлэхэд, эд мөнгөөр үнэлэгдэхгүй үнэ цэн талаас нь бодолцож, сайхан үйл явдалд муу үг дэвсээд хэрэггүй гэх үгийг нийтлэлийн төгсгөлд дайя.

Цагдаа, цэргийн байгууллагууд  өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжиж байна
Цагдаа, цэргийн байгууллагууд өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжиж байна
 
ХОЁРЫН ДАВАА: Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын арслан Ц.Бямба-Отгон нар ӨВДӨГ ШОРООДЛОО
ХОЁРЫН ДАВАА: Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын арслан Ц.Бямба-Отгон нар ӨВДӨГ ШОРООДЛОО
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!