УИХ-ын гишүүн Ж.Галбадрах Казахстан улсад ажиллаж байна. Тэрбээр тус улсын боловсролын салбараас туршлага судалсан тухай өөрийн цахим хуудастаа хуваалцахдаа "Боловсролын салбарынхаа төсвийг хэзээ ч танаж байгаагүй Казахстан орон" гэж онцолжээ.
Тэрбээр "Зарим хүмүүс Казакстанаас юу сурах юм гэж байх шиг байна. Яг үнэндээ газар нутаг том, алслагдсан сум сууринтай, газарзүйн байрлал хол биш, зарим нэг туулж ирсэн зам адилханы хувьд харин ч энэ улсаас суралцах зүйл маш их гэдгийг дараах зүйлүүдээр онцлон хэлье" гээд хэд хэдэн зүйлийг тодотгов. Үүнд,
- Казахстан улсад ЕБС-ийнхаа хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчноо сайжруулах цогц бодлогыг үе шаттай хэрэгжүүлж хэрэгцээ шаардлага үүсээд байна.
- Сургуулийн барилгын хүртээмжийг нэмэгдүүлж, норм стандартыг хангаж байж л сая чанартай боловсролын талаар ярина. Үүнийг олж хараад 2008 оноос "100 сургууль шинээр барих" гэсэн хөтөлбөрийг 10 жилийн дотор хэрэгжүүлжээ.
- Төрөлт ихтэй хүн ам өсч байгаа тул "Comport school барих" үндэсний хөтөлбөрийг 2023 онд зарласан бөгөөд нийтдээ 350 гаруй сургууль барихаар төлөвлөжээ. Бүр тодруулбал 2024, 2025 онд 240-ийг ашиглалтанд оруулах зорилго тавьсанаас одоогоор 100 гаруй нь баригдсаныг нүдээрээ харж явна.Энэ бол бидний суралцах ёстой хамгийн гол зүйл.
- Үүнээс гадна дараах зүйлсийг мөрдөж байж л амжилтанд хүрнэ гэдгийг бид ойлгох ёстой.
- Орон сууцны хотхон ашиглалтанд оруулахад заавал хотхон дотроо сургууль, цэцэрлэгтэй байх шаардлагыг хатуу мөрдүүлдэг.
- Бас нэг олзуурхмаар зүйл байсан нь эдгээр шинэ сургууль цэцэрлэгийн бүх тавилгыг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр хангана гэж тендерийн хуульдаа заажээ. Үүнийг дагаад дотроодын тавилгын үйлдвэрүүд цэцэглэж байгаа юм байна. Ташрамд хэлэхэд монголоос очсон казакууд ахуйн хэрэглээний мебелийн үйлдвэрлэлд толгой цохиж байгаа гэнэ.
- Олзуурхууштай нь Казахстан улс ямар ч хүнд хэцүү байлаа ч боловсролын зардлаа танадаггүй.Тухайлбал, Ковидын үед бүх салбарт төсөв танагдахад зөвхөн боловсролын салбарын төсөвт гар хүрээгүйгээ бахархан ярьж байна. Сүүлийн жилүүдэд боловсролд зарцуулах төсөв, хөрөнгө оруулалт өссөөр байгааг тоо баримтууд харуулна.
- Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын дийлэнхийг барилга байгууламжид бус багш нараа чадавхжуулахад зориулж, дотоод гадаадад сургах хөтөлбөрийг далайцтай явуулж байна. Финланд, Сингапураас их зүйл сурч буйгаа онцолж ярьцгаалаа.Мэдээж богино хугацаанд хийж буй тул хүний нөөц, сургуулийн менежментийн тухайд засч сайжруулах зүйл их байгаагаа нуулгүй хэлж байна.
Дээрх зүйлсийг дурдаад "Юутай ч ХАРД талаа сайн хийж байна. Удахгүй СОФТ тал дээр ч цахиур хагалах биз" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!