Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд ирээдүйн монгол иргэдийг бэлтгэхэд боловсролын хүлээх үүрэг, хариуцлага, үзүүлэх хариу үйлдлийг боловсролын философи, парадигм, онолын байр сууринаас тодорхойлох, оновчтой шийдэл, санаачилгыг үндэсний болон олон улсын түвшинд шат дараатайгаар хэлэлцэх арга хэмжээ авч байна. Энэ зорилгоор дотоод, гадаадын их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын багш, судлаачдын мэдлэг, туршлага, мэдээллийг үндэсний болоод бүс нутаг, олон улсын хэмжээнд солилцох, түгээх, цаашид хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөр боловсруулах санаачилга, боломжийг эрчимжүүлэх зорилгоор “Монголын боловсролын хөгжлийн философи” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 11 дүгээр сарын 28-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү хурал нь 2019 онд “21 дүгээр зууны боловсролын парадигм”, 2022 онд “Компьютерын шинжлэх ухаан, компьютерын инженерчлэл болон боловсролын технологи” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан.
Илтгэлийн сэдэв, агуулгын хувьд дараах хүрээг хамарсан байна:
- Боловсрол, сургалтын хөгжлийн төлөв хандлагыг урьдчилан таамаглах, хариу үйлдэл үзүүлэх философи үзэл санаа;
- Монголын боловсролын зорилгыг тодорхойлох философи үндэслэл;
- Ирээдүйн нийгмийн төлөв хандлагад дасан зохицох ХХI зууны монгол хүний дүр төрх, шинж, чадамжийг тодорхойлох философи үндэслэл;
- Өнөөгийн монгол суралцагчийг ирээдүйд ямар иргэн болгож хөгжүүлж, төлөвшүүлэх үзэл санааны философи үндэслэл;
- Сургалтын тогтолцоог бүхэлд нь эсвэл тодорхой бүрэлдэхүүн (агуулга, арга зүй, хүний нөөц, орчин, үнэлгээ, удирдлага, менежмент) хэсгийг хөгжүүлэх философи үзэл санаа;
- Одоогийн сургалтыг сайжруулах, хөгжүүлэх бодлого, шийдлийн философи үндэслэл;
Дотоод, гадаадын их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод, хувь судлаачид Та бүхнийг сэдвийн хүрээнд илтгэлээ ирүүлэхийг урьж байна.
Илтгэлийн удирдамжийг УДИРДАМЖ, илтгэлийн эхийн загварыг CONFERENCE-TEMPLATE холбоосоор тус тус татан авна уу.
Хурлын илтгэлийг бүрэн эхээр 2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийг дуустал [email protected] болон [email protected] хаягаар хүлээн авна. Шаардлага хангасан илтгэлүүдийг эмхэтгэл болгон хэвлэнэ.