УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны энэ сарын 22-ны хуралдаанаар Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсов.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэлдээ, нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хүн амыг хамруулах ажлыг 2022 оны тавдугаар сарын нэгнээс орон даяар зохион байгуулж байна. Одоогийн байдлаар эрт илрүүлэгт улсын хэмжээнд 1.5 сая хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 47.1 хувь болж байна. Тэдний 695 мянга буюу 43.6 хувь нь эрчүүд, 898 мянга буюу 56.4 хувь нь эмэгтэйчүүд, 753 мянга буюу 47.3 хувь нь 0-17 насны хүүхэд болохыг дурдав.
Мөн үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр эрт илрүүлгийн үр дүнг нэгтгсэн байдлаар танилцуулсан юм. Уг мэдээллээс үзвэл, эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн 509 мянга буюу 38 хувь нь эрүүл гэж гарсан бол 816 мянга буюу 62 хувьд нь ямар нэг өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөл, жингийн илүүдэл болон дутагдал зонхилж байгаагийн зэрэгцээ 0-5 насныхны 8.7 хүртэлх хувьд хөдөлгөөн, хэл яриа, танин мэдэхүйн, 6-14 насныхны 7-30 хувьд нь сэтгэл хөдлөл, зан үйлийн болон анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх, мөн харилцааны тулгамдсан асуудлын сэжиг илэрсэн байна.
Насанд хүрэгчдийн 40 хүртэлх хувь нь архи тамхи хэрэглэдэг, хоёр хүн тутмын нэг нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй, дөрвөн хүн тутмын нэг нь жимс, хүнсний ногоог зохистой хэмжээгээр хэрэглэдэггүй, 20.4 хувь нь таргалалттай, 36.4 хувь нь жингийн илүүдэлтэй, 73.7 хувь нь халдварт бус өвчний 3-5 хүчин зүйл хавсарсан өндөр эрсдэлтэй нь тогтоогджээ. Эдгээр нь артерийн гипертензи, зүрхний ишеми, чихрийн шижин, ходоодны архаг үрэвслийн тархалтад нөлөөлөх гол хүчин зүйлс болж буй аж.
ЭМЯ-наас 2024 онд зохион байгуулсан үндэсний хэлэлцүүлгээс цаашид “Эрт илрүүлэг 2.0”-ыг үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж гарсан. "Эрт илрүүлэг 2.0"-ыг ургийн хромосомын гажгийн, нярайн, сургуульд суурилсан, ажлын байранд суурилсан, хорт хавдрын гэсэн таван бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулахаар бэлтгэж байгаа хэмээн салбар сайд хэллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!