Ард түмний саалийн үнээ, албан тушаалтны шахааны авдар болсон "Эрдэнэт" үйлдвэрийг тойрсон маргаан ойрын үед дахин дуулиан тарьж эхэллээ. "Стандарт" банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал 13 өдөр үргэлжилсний эцэст өнгөрөгч долоо хоногт шийдвэрээ гаргаж Ш.Батхүүд 8 жилийн хорих ял оноосон бол бусдыг нь гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй гэж үзэн цагаатгасан билээ. Тэгвэл үүний араас 49 хувийн гэх тодотголтой асуудал дахин сөхөгдөх нь тодорхой болжээ. Засгийн газар "Эрдэнэт" үйлдвэрт онц байдал тогтоож, хяналтыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байсныг шадар сайд Я.Содбаатарт хариуцуулахаар болсон. Ажлын хэсэг “сахал” Д.Эрдэнэбилэгтэй тохиролцож тодорхой хувийг нь буцааж өгөхөөр болсон гэх яриа гараад байгаа боловч үүнийг эрс үгүйсгэж байгаа. Тэгвэл “сахал”-д хувьцаа өгөхөөс ч дор зүйл болох магадлал ихэссэн нь шийдвэр гаргагчдыг хүнд байдалд оруулаад байгаа ажээ.
Тодруулбал “Монголиан күүпер корпораци” ОХУ-ын “Ростехнологи” нэгдэлтэй байгуулсан гэрээгээ цуцалж мэдэхээр байгаа ажээ. Олон Улсын дүрэм журмаар бол аливаа худалдан авагчид авсан бараа бүтээгдэхүүний үнэ цэнэ нь гэрээгээр тогтсон дүнтэй анхнаасаа дүйцэхгүй, алдагдалтай болох нь хангалттай баримтаар тогтоогдож байгаа тохиолдолд гомдол гаргаж гэрээг буцаах зохицуулалттай аж. Үүний дагуу “Монголиан күүпер” гэрээг бүртгүүлсэн Английн арбитрын шүүхэд гомдол гаргавал гэрээ буцаагдах магадлал өндөр байгаа гэнэ. Энэ тохиолдолд Монголын тал ОХУ-д нөхөн төлбөр болгож 100.0 сая ам доллар төлөх гэрээний зохицуулалттай. Мөн Худалдаа хөгжлийн банкнаас ОХУ-д төлсөн 400.0 сая ам долларын 78 хувийг төрийн эх үүсвэрээс, 22 хувийг өөрсдийн эх үүсвэрээс гаргасан гэдэг мэдээлэл бий. Засгийн газар “сахал”-тай хэл амаа ололцож тохирч чадахгүй бол ОХУ-д 100.0 сая мөн Худалдаа хөгжлийн банкинд 108.0 орчим сая ам долларын өрөнд ороод дээр нь 49 хувиаа Оросын талд алдаж мэдэхээр хүнд нөхцөл байдалтай тулаад байна. 208.0 сая ам доллар гэдэг нь ойролцоогоор 600.0 тэрбум төгрөг болж байна. Энэ их мөнгийг сул алдаад дээр нь 49 хувиа тавиад туувал “Эрдэнэт”-ийн асуудлаар сэлэм эргүүлсэн бүхэн ялд унах нь ойлгомжтой. Тиймээс л “Эрдэнэт”-ийн асуудлыг барьж гүйсэн зарим нэг сайд нар эхнээсээ галаас бултаж өөрийн хүслээр ажлын хэсгээс гарч шадар сайдаар гал бариулах болсон гэх мэдээлэл саарал ордны “тамхины цэг” дээрээс дуулдах болов.