Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малын эрүүл мэндийн мөшгөх системийг хөгжүүлэх ажлыг зохион байгуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 53 секунд

Швейцарийн Хөгжлийн агентлагийн "Ногоон алт", малын эрүүл мэнд төслийг манай улсын махны экспортын боловсруулалт, үйлдвэрлэлийн чадавхийг сайжруулах зорилготой хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд олон улсын шаардлагад нийцсэн, вэб дээр суурилсан Малын эрүүл мэндийн мөшгөх системийг хөгжүүлэх ажлыг Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-тай хамтран 2017 онд Архангай аймгийн Тариат, Өндөр-Улаан сумдад туршиж эхлэн, ХХААХҮЯ-ны дэмжлэгтэй улсын хэмжээнд 2019 оны 11, 12 дугаар сард зохион байгуулжээ.

Энэхүү систем нь малчид, малын эмч нарын хамтран мал эмнэлгийн үзлэг, оношилгоо, эмчилгээ, малын шилжилт хөдөлгөөн зэрэг тухайн малын төрсөн үеэс хойших түүхийг илэрхийлэх үнэн зөв, баталгаатай мэдээллийг бүртгэн авч худалдан авагч, хэрэглэгчдэд дэлгэн харуулах боломжийг олгодог. Энэ нь малын өвчний гаралт, тархалтыг тодорхойлох зорилгоор хийж байгаа тархвар зүйн тандалт судалгааг боловсронгүй болгох үйл ажиллагаа юм.

Үүний зэрэгцээгээр МЭЕГ дээр цугларсан улсын хэмжээний мэдээллийн сан дээр тулгуурлан худалдааны хорио цээрт халдварт өвчингүй бүсийг тогтоон баталгаажуулах, малчны хотонд хүргэж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг хянах боломжийг олгож байгаа юм.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай шинэ хуульд нийцүүлэн боловсруулсан энэхүү систем нэвтэрснээр бэлтгэн нийлүүлэлтийн хэлхээний бүхий л шатны үйл ажиллагаанд эрс өөрчлөлт орж байгаа бөгөөд дундын зуучлагчид болон сумдаас цуглуулсан гарал үүсэл тодорхойгүй, мал эмнэлгийн гэрчилгээгүй мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг төвлөрсөн зах зээл рүү нэвтрүүлэх боломжгүй болж байна. Энэхүү санаачилгын хүрээнд "Дижитал Медик" ХХК гар утасны аппликейшн зохион бүтээж, мах худалдан авч буй хэрэглэгч нарт малын гарал үүсэл, эрүүл мэндийн талаарх мэдээллийг харуулж байна. Худалдан авагч утасныхаа бар код унших үйлдлийг ашиглан махны баглаа боодол дээрх кодыг уншуулаад тухайн махыг бэлтгэсэн малын гарал үүсэл, эрүүл мэндийн мэдээлэл, улмаар малчин, боловсруулах үйлдвэрийн талаарх мэдээллийг үзэх боломжтой юм.

Зөвхөн мал эмнэлгийн байгууллагад төдийгүй малын гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэгч нарт зөв хүргэх зорилгоор бүтээн нэвтрүүлж буй энэхүү системийн үр өгөөжийг илүү олон хүнд хүртээхийн тулд хувийн бизнесийн салбарын үйл ажиллагаатай холбох талаар төслийнхөн анхаарч ажиллаж байна.

Хотын дарга таван орлогчтой ажиллана
Хотын дарга таван орлогчтой ажиллана
 
ЭЗБХ: Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
ЭЗБХ: Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.