Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.10.27/ Цагдаагийн ерөнхий газарт ажиллаа. Энэ үеэр гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс сэргийлэхэд чиглэсэн дагнасан нэгжүүдийг байгуулахад зориулсан хөрөнгийг шийдвэрлээд байгаа гэдгийг хэлээд энэ нь тулгамдсан асуудал, эмзэг сэдэв учраас Та бүхэн анхаарлаа хандуулж ажиллаарай хэмээн үүрэг өглөө.
Тэрбээр "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хороо, дүүргийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллаж хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй, үйлдэгдэж байгаа айл өрхүүдэд хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож байна.
Гэр бүлийн хүчирхийлэл газар авч, ард иргэд үүнд маш их эмзэглэж байгаа. Нуугдмал далд байдалд үйлдэгддэг энэ төрлийн хүчирхийллийн талаар биечлээд яриад байдаггүй. Тэсвэр нь алдарсан хүмүүс гарч ирж байгаа. Тиймээс энэ чиглэлд ихээхэн анхаарч ажиллах хэрэгтэй байна.
Мөн бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөн, амиа алдаж иргэд олон нийтийн бухимдлыг төрүүлсээр байгаа. Иймд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж үр дүнтэй арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэв.