Л.Оюун-Эрдэнийн “цэргүүд” Ц.Даваасүрэнг огцруулах гэж байгаад ураны төслөө ГАЦААЛГАВ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 57 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

Ардын намынхан төсвийн буруутнаар байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг тодруулсан. Хүний өөрийнгүй нийлж байгаад Ц.Даваасүрэнг огцруулах санаачилга гаргаад багагүй дэмжлэгийг гишүүд болон олон нийтээс авлаа. Ямар нэгэн “оготны” хамраас цус гаргахгүй л бол нийтээрээ тайвширч өгөхгүй горгүй байна. Тиймээс энэ Төсвийн байнгын хорооны даргыг солих акц үр дүнд хүрч мэднэ.

Нөгөө талдаа энэ шаардлага үнэний ортой юу гэвэл ортой. Тансаг, бас үрэлгэн төсөв орж ирж байхад байнгын хороо хангалтгүй ажилласан. Ц.Даваасүрэн гишүүн Төсвийн байнгын хороог даргалахаас гадна төсвийн ажлын хэсгийг толгойлсон. Угтаа бол энэ байнгын хороо, ажлын хэсэг хоёр Засгийн газраас өргөн барьсан Төсвийн хуулийг маш сайн хэлэлцэж, үргүй зардал болон “мөрөөдлийн” төслүүдийг нь хасах учиртай. Сайд нар болон Засгийн газрын зүгээс аль болох зардлаа нэмэх, төсвийн санхүүжилтээ ахиухан авахыг хүсэмжлэх нь гарцаагүй. Энэ хяналт, тэнцэл дунд л үе үеийн төсөв батлагдаж ирсэн.

Товчхондоо, үе үеийн парламент ямар ч байсан төсвийг сайжруулж баталдаг түүхтэй байв. Сая Ц.Даваасүрэн дарга тийм боломж гаргасангүй. Эцэст нь нийгмийн бухимдал болж, олон гишүүд “тэсрэв”. Шанд нь Засгийн газар, сайд нар, УИХ бүхэлдээ нийгэмд тэнэг харагдаж, үнэлгээ буурав. Харин Ц.Даваасүрэн гишүүн өөрийн сонгогддог тойрог болох Хөвсгөл аймгийнхаа бүх сумдыг бяслагны үйлдвэртэй болгох төсөлд 20 тэрбумыг нэмж тавиулахаар лоббидож орхив. Сангийн сайд Б.Жавхлан үүнийг “Засгийн газрын бодлого биш” хэмээн тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл, Төсвийн хорооны даргын төслийг улсын бодлого биш байсан ч хамаагүй нүдээ аниад дэмжихээс өөр аргагүй гэсэн үг.

Тэгвэл үүнийг нь олон гишүүд шүүмжилж, төсвийн алдааг Ц.Даваасүрэнд “үүрүүлэх”-ээр дуугарч эхэлсэн. Харамсалтай нь энэ үйлдэл нь дахиад л Монголоо хорлох алхам руу парламентыг түлхэх вий дээ гэсэн болгоомжлол төрж эхэллээ.

Учир нь ураны төсөлтэй холбоотой Цөмийн энергийн тухай хууль дээр өнөөх гайхал Ц.Даваасүрэн гишүүн байнгын хороо дээрээ дахин бужигнуулаад гарав. Өөрийн байнгын хороо дээрээ Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтөд АМНАТ-ын төлбөрийг таван хувь байсныг 9 хувь болгох санал гаргаж гишүүдээр дэмжүүлэв. Өөрөөр хэлбэл, Ц.Даваасүрэнг Төсвийн байнгын хорооны даргаас авч хаясныг төлбөрийг ураны төслийг гацааж, зогсоож монголчууд төлөх вий дээ. Уранаас гадна яригдаж буй том төслүүд дээр яг байнгын хорооны хурал шиг ээ “Монголоосоо урваж болохгүй” гээд гараад ирэхэд гишүүд байтугай Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ч дийлэхгүй. Бүр бурхан байсан ч гэсэн Ц.Даваасүрэн, “Хиншүү” С.Ганбаатар хоёрын популизмыг сөрөхөд бэрх. Сайд байхдаа цахилгааны станцын төслийг хэрхэн гацаасан түүхийг Ерөнхий сайд асан С.Баяр одоо ч ярьсаар яваа.

Тиймээс эгзэгтэй цаг үед “цээжний эх орончидтойгоо” болгоомжтой харьцах эсвэл хариуцлага ярьж популизмыг нь зогсоовол зогсоосон шиг зогсоох нь зүйтэй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “цэргүүд” Ц.Даваасүрэнг огцруулах гэж байгаад ураны төслөө гацаалгав.

ЧУУЛГАН: Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ
ЧУУЛГАН: Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Сэтгэгдэл (68)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!