Монголын анхны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэх Интермед эмнэлэг хакердуулсан гэх мэдээлэл цацагдаад байна. Тодруулбал, "Space Bears" хакерын бүлэглэл "Intermed Hospital Mongolia" хакердсан гэдгээ мэдэгдсэн тухай Цахим аюулгүй байдлын менежмент, заналхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг HACKMANAC мэдээлжээ.
Мөн news.mn мэдээллийн сайтад дурдсанаар 230 гаруй өвчтөний мэдээлэл ил болж, өвчтөнүүдийн хувийн мэдээлэл, утасны дугаар, эмнэлгийн дата зэрэг чухал мэдээллүүдийг хулгайлсан байж болзошгүй байна гэжээ. Энэ талаар Интермед эмнэлэгээс тодруулахаар утсаар холбогдоход "Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Эмнэлгийн удирдлагууд удахгүй мэдээлэл хийнэ" гэх мэдээллийг өглөө. Түүнчлэн тус эмнэлгийн сайт руу нэвтрэх боломжгүй, алдаа зааж байгаа юм.