Улсаа тэжээж байгаа саалийн үнээ, улс төрчдийн шахааны авдар болсон Эрдэнэт үйлдвэрийг тойрсон тэмцэл маргаан үргэлжилсээр. Нэг хэсэг нь Оросын талын 49 хувийг эх орондоо авчирсан гэж өөрсдийгөө өргөмжилсөн бол нөгөө хэсэг нь төрийн өмчийг өөрийнх нь мөнгөөр хулгайлсан гэж жадлан тэмцсээр. Яг л ардын журамт цэргүүд нийгэм журамт ёсыг тогтоон феодлын хөрөнгийг халж түмэн олныг цэнгэлийн манлайд хөтлөх хуучны хар цагаан кино шиг. Гэтэл журамт цэргүүдийн дунд эргэлт гарч хар шар феодлуудтайгаа сүлбэлдээд эхэлсэн гэх мэдээ саарал ордноос цуурайтаж эхэллээ. Самбаа сайтай “сахал”-ын мафи саалийн үнээний 34 хувийг авах гэнэ. Ардын намын үеийн ялгарлыг далимдуулж даалуу тарааж “цай хураах”-аар тэд тоглолтоо хэдийн эхлүүлчихсэн байна.
Хэдийгээр шадар сайд Я.Содбаатар дээрх мэдээллийг тас үгүйсгэж “ Оюук бид нарын дунд зүү байтугай хялгас ч орох зайгүй” гэж мэдэгдэж байгаа ч хурандаагийн орыг залгахаар ах нар залуучуудтайгаа битүүхэн гоо даам тоглоод эхэлсэн гэж тусгаар тогтнолын “тамхины цэг” дээр шивэр авир хийх боллоо. Гаднаа найрамдалтай ч халаасандаа салаавчтай ардын намынхан нэг үзэлцэхээрээ Сүхбаатарын талбайг дүүргэн байж дотоод эргэлтээ хийдэг гэмтэй. Яг тийм муу ёр 100 жилийнх нь ойтой дөрөө залгана гэж төлөг буугаад ямар засал номоор аргалж, хариулахаа мэдэхгүй гэлэн хамбууд нь бясалгаад эхэлжээ.
Саяхан л “Миеэ, Сүү, Баяр” ах нарынхаа сүрэнд дарагдаж залуу гэх тодотгол зүүж явсан Г.Занданшатар, С.Бямбацогт, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Б.Чойжилсүрэн, Ж.Мөнхбат, Ж.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нар доороо хөтлөх олон дүүтэй том ах нар болжээ. Тэднийг гишүүний тэмдэгээ зүүгээд галтай, иртэй явахад Л.Оюун-Эрдэнэ дөнгөж намд хөл тавьж, Д.Амарбаясгалан "плокат наагаад" гүйж явсан. Гэтэл түрүүний бөөс толгойд авирахын үлгэрээр өдгөө дүү нар нь нам, засгийн урд эгнээнийхэн төдийгүй ах нарынхаа очерийг дайрч маялктай цуваагаар түгжрэлгүй явдаг дараагийн хүмүүс болох магадлал маш өндөр болж. Үүнд нь эгдүүцсэн ах нарын зарим нь эхнээсээ тавитаргүйтэж өрөөнд нь янз бүрийн юм шургуулж бүтэлгүйтээд “Жеймс бонд”-оо бариулаад хөгөө чирч явна. Баргийн мөндлийг ч тоож тоншихгүй туршлага эрдэм төгсөрсөн уулын бүргэд эдлэг залуу шонхорт тийм ч амархан зайгаа тавьж өгөхгүй нь ойлгомжтой. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан тэргүүтэй залуучууд хурандаагийн далбаанд дэрвэж явсан бол өдгөө хурандаагаас дутахгүй гар дээр суниах тэнхээтэй ид үеийнхэн болцгоожээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэртэй холбоотой ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнээс салгаж шадар сайд Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарт хариуцуулахаар болсон нь санамсаргүй хэрэг биш. Ялангуяа Л.Оюун-Эрдэнийн хэлж байгаачлан “миний ажлын хэсэг үүргээ биелүүлсэн” гэдэг бол гэнэн бидэндээ таарсан тайлбар. Шударга тав хамтлагын нэг гишүүн нь “Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар сахал Эрдэнэбилэгтэй хуйвалдаад эхэлсэн” гэж хэлснийг үнэн гэхэд бэрх ч үлгэр гээд орхиж болохгүй.
Я.Содбаатарын хэлсэн мэдэгдэлд “суутган тооцох” гэж дурдсан ганц үгний ард бүхэл бүтэн драмаа өрнөж байгаа гэж эх сурвалж мэдээлж байна. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн “49 талынхан” төрийн мөнгөнөөс гадна өөрсдийнхөө багагүй мөнгийг Оросын талаас хувьцаа худалдахад оруулсан түүнийгээ авья гэж нэхэмжлэх падаанаа шидээд эхэлжээ. Мөн наймаа буцвал 100 сая ам.долларын нөхөн төлбөр “49 талынханд” төлнө гэсэн гэрээний заалтаа түрж эхэлсэн нь Засгийн газарт том дарамт болохоор байгаа юм. Ямар ч байсан Засгийн газар "49-ийн талынханд" хувьцаа өгөх үү, нөхөн төлбөр олгох уу? аль нэгийг нь сонгохоос өөр замгүй болж байгаа гэх. Хоорондоо хэл амаа ололцож чадахгүй бол өрөнд ороод зогсохгүй Оросын талд хувьцаа нь буцаагдах ч эрсдэл байгаа учраас “Сахал”-тай хэл амаа ололцоод шарх багатай салья гэж МАН-ынхан бодлогын түвшиндээ ярилцжээ. Ийм шийдвэр олон нийтээс багагүй шүүмжлэл хүлээх нь тодорхой. Энэ галыг хурандаа маань ах нарын төлөөлөл болох Я.Содбаатар Ж.Энхбаяр нарт үүрүүлээд хайртай дүүгээ цурамны араар нуучихлаа. Иргэдийн шүүмжлэлээр зогсохгүй нам доторх хагарлын шинэ цэг эндээс эхэлж мэдэхээр боллоо. “Ах нар сахалтай хуйвалдаад байна” гэх мессеж эзэн биегүй энд тэнд тэнүүчлээгүй. Сумаа тавиад нумаа нуусан харваачид хэсэг хугацааны дараа тусгаар тогтнол хавиас ил зухуйж харагддаг. “Хурандаагийн дараах ардын нам” тайз дэлгэцийн шинэ бүтээл “сахал”-ын мафитай сүлбэлдсэн ах нар, “сүүлчийн цамцаа урагдтал тэмцэх” залуу "Нямдоржуудын" дүрээр үргэлжлэх бололтой. Ардчилсан намыг будаа болгосон “сахал” мафи ардын намын шархан дээр давс цацахаар сүүхэйлж байна. Тавилан юм даа...
О.Цагариг