Өмнө нь шинжлэх ухаанд бүртгэгдэж байгаагүй нууцлаг вирус Хятадын Үхань хотод тархаж, иргэдийн уушгийг хүндээр өвчлүүлж байна.
Одоогоор 50 гаруй хүн энэ өвчнийг туссанаас долоон хүн хүнд нөхцөлд байна. Хүмүүсийг хүнд уушгины үрэвсэлд хүргэж байгаа шинэ төрлийн вирус дэлхийн даяар эрүүл мэндийн ажилтнуудыг сонор сэрэмжтэй байхад хүргээд байна.
Ямар төрлийн вирус вэ?
Өвчтөнөөс вирусийн дээж авч, лабораторид шинжилж үзээд, Хятадын мэргэжилтнүүд болон ДЭМБ-аас вирусийг коронавирус гэж тогтоожээ. Корнавирус бол вирусийн нэг бүл. Гэхдээ корнавирусын төрлөөс зөвхөн зургаа нь л хүнд халдварлах боломжтой байдаг. Харин шинэ вирус долоо дахь нь болж байгаа юм.
2002 онд Хятадад гарсан корнавирусээр үүсгэгддэг хүнд хэлбэрийн амьсгалын замын хам шинжээр 8.098 хүн өвчилснөөс 774 нь нас барсан байдаг.
Хэр ноцтой вэ?
Коронавирусын төрлүүд энгийн ханиаднаас үхэлд хүргэх ч чадалтай. Харин шинэ вирусийн хувьд дунд хавьцаа нь байгаа аж.
“Шинэ коронавирусын төрөл олдсон тохиолдолд эхлээд шинж тэмдгийг судалдаг. Харин энэ удаагийн вирус шинж тэмдгийн хувьд энгийн ханиаднаас хүчтэй ч, хүнд хэлбэрийн амьсгалын замын хамт шинж үүсгэх хэмжээний аюултай бас биш” гэж Эдинбургийн их сургуулийн профессор Марк Вүлхаус хэлжээ.
Анх хаанаас үүссэн бэ?
Шинэ төрлийн вирус байнга илрүүлж байдаг. Вирус нэг төрлийн амьтдаас мэдэгдэхгүйгээр хүнд хүрдэг. Тиймээс амьтны сангаас анх үүссэн байх магадлалтай. Өмнөх хүнд хэлбэрийн амьсгалын замын хам шинж үүсгэсэн вирус суусраас хүнд халдварласан байсан.
Хэр хурдтай тархаж байна вэ?
12 сарын 12-ноос 29-ний хооронд 59 өвчтөн бүртгэгдсэн. Түүнээс хойш нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна.
Нэгдүгээр сарын сүүлээр Хятадын шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан хэдэн сая хүн аялах учраас вирусийн тархалт нэмэгдэж магадгүй гэсэн айдас байна.