Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Худалдан авалтын мэргэжилтнүүдэд “Ногоон худалдан авалт” сургалтыг зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 50 секунд

Европын холбооноос Азийн улс орнуудын эдийн засгийг дэмжих, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх, улс орнуудыг нүүрстөрөгч багатай, үр ашигтай, хаягдалгүй эдийн засагт шилжихэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “СВИЧ Ази” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ. Азийн 24 оронд хэрэгжсэн уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад гурван төслийг буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байна.

Монгол Улсын БОАЖЯ, Европын холбооны төлөөлөгчийн газар болон “СВИЧ-Ази” хөтөлбөрийн төлөөллүүд 2018 оны наймдугаар сарын 24-нд талуудын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм. Энэ үеэр Монгол Улсын тогтвортой хэрэглээ болон үйлдвэрлэлийн бодлого боловсруулахад нь дэмжих, нутагшуулах, эрчим хүч, нөөцийн үр ашигтай, хог хаягдал, хүлэмжийн хийн ялгарал багатай үйлдвэрлэл, тогтвортой орон сууц бий болгоход нь дэмжлэг үзүүлэх, эко инноваци, төрийн тогтвортой худалдан авалт, эко шошго зэрэг чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Энэ хүрээнд Монгол Улсын тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийн талаар суурь судалгааны үр дүнгээс танилцуулах, цаашид хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлох зорилгоор худалдан авалтын мэргэжилтнүүдэд зориулсан “Ногоон худалдан авалт”-ын талаар сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Яамдуудын худалдан авах ажиллагаа хариуцсан 25 мэргэжилтэн хамрагдсан юм. Сургалтаар ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх талаар болон ногоон худалдан авалтыг хэрэгжүүлэх талаар танилцуулга болон хэлэлцүүлэг хийж, олон улсын мэргэжилтэн Бёрн Бауэр олон улсын туршлагаас хуваалцлаа.

Монгол Улс “Ногоон хөгжлийн бодлого”-ын хүрээнд байгаль орчинд ээлтэй, үр ашигтай, хэмнэлттэй бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад зарцуулах зорилтыг тавин ажиллаж байгааг энэ үеэр онцолсон. Мөн Засгийн газрын худалдан авалтын 20-иос доошгүй хувийг ногоон худалдан авалт байлгахаар зорьж байгаа юм.

“Ногоон худалдан авах ажиллагаа” гэдэгт эрчим хүч, байгалийн нөөцийн  хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээний тогтвортой байдлыг хангах, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагаа багтдаг байна.

Зээлгүй ахмадуудын саналыг хүчээр авах гэсэн оролдлого
Зээлгүй ахмадуудын саналыг хүчээр авах гэсэн оролдлого
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.