Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Малчны хотыг РОК хөгжмөөр “эзэгнэсэн“ М.Баярцогтынд зочлов

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
11 минут 56 секунд

Дуу хуурын өлгий Дундговь аймгийн Адаацаг сумын рок малчин Баяка буюу М.Баярцогтынд зочлохоор манай сурвалжлах баг хөлгийн жолоо залав. Эвдрэл ихтэй замыг эс тооцвол Дэлгэрцогт суманд саадгүй яваад ирлээ. Эндээсээ шороон замаар 35 км давхиад “Бага газрын чулуу”-нд М.Баярцогт гуай намаржиж буй. Өвөлжөө рүүгээ нүүх их ажлаас нь өмнө түүнтэй амжиж уулзахаар болсон нь энэ.

Алсаас харвал есөн цагаан гэр, гэрийн гадаа малчдын унаа болсон гурван мотоцикл байх аж. Тэр дундаас нэг хар тоногтой мотоцикл онцгойрох бөгөөд тэр нь М.Баярцогт гуайн гангарааных бололтой юм. Манай гол дүр ч биднийг гэрийнхээ үүдэнд янжуураа баагиулсаар хүлээгээд зогсож байлаа.

Түүний дүр төрх нь их сүртэй. Хальт харвал 62 настай гэж харахааргүй. Хар савхи, урт үс, хар шил, бариу хар өмд, гархи сэлт, бөгж, тоноглолтой гутал гэх мэт. Ийм хувцаслалтыг Монголын рок хөгжмийн "Wake up" фестивал дээр л харж байсан уу гэхээс хотоос 204 км-ийн зайд уулын мухарт харна гэж төсөөлөөчгүй явсныг нуух юун.

Тиймдээ ч малчин гэхээр наранд гандсан дээлтэй, морь унадаг гэх хэвшмэл ойлголтыг эвдэж чадсан М.Баярцогт гуай олон хүний нүдийг орой дээр гаргасан нь лавтай. Тэрбээр рок хөгжимд амьдралынхаа хагасыг буюу 45 жилийг зориулж, мал маллаад 26 жил болжээ.

М.Баярцогт гуай 90 настай ээж Ц.Бүжгаагийн хамт амьдардаг. Охин нь хот руу сургуульд явжээ. Тэрбээр "Манай охин сая аймагтаа коллежид суралцаж төгссөн. Бүр шилдэг суралцагч нь болсон. Мундаг байгаа биз. Охиноо одоо Тайвань руу сургуульд явуулна. Явах бэлтгэлээ хангаж байгаа" гэв.

Биднийг хоол цай идэх хооронд ийм яриа өрнөв. Ээж нь М.Баярцогт гуайд хандаж "Сэгсийчээд наад үсээ боогооч. Хоол руу чинь орлоо" гэтэл М.Баярцогт ах энгэр рүүгээ зааснаа "Энд микрофон зүүчихсэн. Ээж хамаагүй юм ярихгүй шүү гээд инээв. Манай ээж миний үсэнд их дургүй. Ёстой муухай чөтгөр шиг л гээд байдаг юм.

Ц.Бүжгаа гуай "Галзуурсан хүн л ингэж явдаг байх даа. Наад нэг юм аа боогооч, янзлаач гээд их үгэлнээ би. Баяка үсээ боох тун дургүй. Би загинаад л. Мэдэхгүй хүн харвал айхаар. Баяка галзуурсан гэх байх" гээд ёжлонгуй инээв.

М.Баярцогт гуай анх камер хараад сандарч, биеэ барьж байснаа сүүлдээ яриа нь сайхан задарч, ийн буу халж эхэллээ.

Залуус тухайн үед биднийг бишрэн шүтдэг байлаа. Ёстой л "од" байсан даа

М.Баярцогт гуай багадаа хөгжим гэхээр л амиа тавьж, рок хөгжим гэхээр цөс нь хөөрч, цус нь "буцалдаг" хүүхэд байжээ. Тэрбээр дөрвөн найзтайгаа нийлж хөгжим тоглоно. Гурав нь гитар тоглож М.Баярцогт гуай өөрөө бөмбөрдөнө. Бөмбөр ч гэж дээ.

Тухайн үед хөгжим "нүдний гэм" байсан болохоор ламын хэнгэргийн цана, тогооны таг зэргийг л "нүддэг" байж.

Хамгийн сонирхолтой нь тэдэнд багш байгаагүй гэнэ. Бүгд л сонсголоороо хөгжим тоглож сурчээ. Ямар сайндаа 1979 онд наймдугаар ангиа төгсөөд "Барилгын техник мэргэжлийн сургууль цоо шинэ хөгжим авчихсан байна анд аа. Чи ороод ирээч" гэх найзынхаа үгийг сонсоод уухайн тас "За" гээд тус сургуулийн мужааны ангид нь элссэн байгаа юм. Ингэж л 45 жилийн түүхтэй "Мөнгөн утас" рок хамтлагийн эхлэл нь тавигдсан түүхтэй. Тэд хамтлагаа байгуулахдаа 17-хон настай байж. Хүмүүс тэдийг “Мэргэжлийн багшаар заалгаагүй мөртлөө хөгжмийн нотыг яаж алдахгүй тоглодог байна" гэж хүртэл гайхдаг байсан гэнэ.

Өдгөө таван гишүүнээс хоёр нь бурхны оронд дэвшсэн байна. М.Баярцогт гуай "Залуус тухайн үед биднийг бишрэн шүтдэг байлаа. Ёстой л "од" байсан даа. Хаана тэмцээн уралдаан тоглолт болно манайхан л ордог байсан" гэдгийг онцлов.

Тэрбээр үргэлжлүүлэн "Манай хамтлаг 1979 онд байгуулагдсан. Хамтлагаараа олон ч тэмцээн уралдаанд оролцож, тоглолт хийсэн. Өвөрхангайд болсон таван аймгийн техник коллежийнхны дундах тэмцээнд шалгарч улсад өрсөлдөж хоёрдугаар байранд орж байлаа. Монголын бүх техник коллежийнхон бүгд тэр тэмцээнд орж байсан юмдаг.

Миний хувьд хамтлаг байгуулагдсаны дараа удалгүй Дархан, Сэлэнгэд рок групп болох "Өгөөж"-ийг байгуулж 1995 он хүртэл хөгжимчин хийсэн. 1995 онд аавын бие муудаад нутагтаа ирээд 1996 онд говийн поп, рок тэмцээнд "Мөнгөн утас" хамтлагаараа оролцож тэргүүн байрыг нь авч байлаа. Тэрнээс хойш 2000 он хүртэл Улаанбаатарт "Мөнгөн утас" хамтлагийнхантайгаа тоглосон. Бааранд ч тоглодог байлаа" гэв.

Дээрх есөн гэрийн нэг нь М.Баярцогт гуайн хөгжмийн гэр. Энэ гэрт түүний өмсөх дуртай савхин гутал, хувцаснууд ёстой ч нэг төрөл, төрлөөрөө бий. Тэрбээр 2016 онд "Мөнгөн утас" хамтлагийн ахлагч Зоригтбаатарын бэлэглэж байсан савхиндаа их хайртай бол 1998 онд моданд орж байсан том кобра нүдний шил хүртэл цуглуулганд нь байна. Гэхдээ түүний хувьд савхи, цамц, фудволка, гутлаа тоолдоггүй бөгөөд хот орох бүртээ цуглуулгаа нэг, нэгээрээ нь нэмдэг аж.

Мэдээж түүний хамгаас хайртай Тама бөмбөрийг дурдахгүй өнгөрч болохгүй. Уг бөмбөрийг түүнд жилийн өмнө найз нь бэлэглэсэн юм гэнэ лээ.

Архинаас холдохын тулд 30 ямаа аваад хөдөө гарчээ

М.Баярцогт гуай залуудаа бор дарсанд дуртай байснаа ч нуусангүй. Хамтлагаараа "Эргэн дурсахуй", "Элит" зэрэг бааранд тоглоно. Тоглох бүртээ архиар хоолойгоо чийглэсээр нэг л мэдэхэд гэр бүлээ хаячаад хонон өнжин явдаг болжээ. Түүний амьдрал нүдэн дээр нь уруудаж байгааг ээж нь хараад тэсэхгүй үглэнэ, загинана. Сүүлдээ ч юм хэлэхээ больсноос нь хойш М.Баярцогт гуай 36 настайдаа хамтлагаасаа холдож, архинаас гарахаар эргэлт буцалтгүй шийдсэн байна.

Ингээд баруун аймгуудаар тоглолт хийж олсон хэдэн төгрөгөөрөө 30 ямаа аваад, ээжтэйгээ хамт, хөгжмөө чирээд хөдөө гарсан нь энэ. Өдгөө 30 мал нь 200 болж өсжээ.

Түүний хувьд олон тооны мал маллахыг хүсдэггүй, малынхаа тоо бус чанарт анхаардаг гэсэн юм. М.Баярцогт гуайн хувьд малдаа явахдаа ч рок хувцастайгаа явдаг. Энэ төрлийн хувцаснууд цуглуулдаг учраас гэртээ хадгалах дургүй, аль болох өмсөж элээхийг илүүд үздэг гэнэ. Тэрбээр "Манай энэ хавийн малчид анх надаас бишүүрхээд байдаг байсан. Дээл өмсдөггүй юм байх даа л гэж боддог байсан байлгүй. Би байнга л шөвгөр хоншоортой гутал өмсдөг. Энэ гутлаараа "амбаардвал" хүн алнаа гэж нэг хүүхэд ярьсан байсан. Одоо бол аймгийнхан маань рок малчин гээд андахгүй" гэв.

Анх хөдөө гараад Баякаг "Хонио хараад ир" гэхэд хаашаа харахаа ч мэдэхгүй хүн мал дээр гарсан даа. Одоо аль хэдийн 26 жил өнгөрч" гэдгийг ээж нь хуучлав.

Ц.Бүжгаа гуай үргэлжлүүлэн "Би дөрвөн хүүхэдтэй. Баяка айлын том нь. Хүүгийнн маань эхнэр нь 2014 онд нас барсан. Дүү нар нь амь, амиа тээгээд ханьтай болцгоогоод явсан. Хоёр хүүхэд маань хотод, нэг нь манай ойролцоо бас жуулчид авдаг. Би Баякаг л бараадаж явна. Зарим өвөлдөө намайг цутарчих байх гээд хот руу явуулдаг. Тэгэхээр дөрвөн хананы дунд хэвтэхээс өөр хийх юм олдохгүй. Гадаа гарья гэхээр төөрчих гээд. Хөдөө бол сайхан. Гэрээсээ гараад л тал нутаг, цэвэр агаартай. Хотод бол байж суух аргагүй юм билээ. Ард үлдсэн хүү, хэдэн малдаа санаа зовоод байгаа юм чинь" гэлээ.

М.Баярцогт гуайн туйлын хүсэл нь одоо ээжийнхээ сэтгэлийг л зовоохгүй, амар тайван байлгах гэнэ. Тиймдээ ч архи амсаагүй долоон жил болжээ.

Малчнаас хувиараа бизнес эрхлэгч болсон нь

Ээж, хүү хоёр 2007 оноос хажуудаа жуулчид авдаг болжээ. Анх нэг гэртэй эхэлж байсан тэдний бизнес өнөөдөр есөн гэр болтлоо өргөжсөн байна. Өнөөдөр гэхэд гурван пургон Солонгосчууд ирэхээр захиалга өгчээ. Ээж, хүү хоёр гэрүүдээ сайхан цэвэрлэж, галыг нь галлаж өгөх үүрэгтэй. Хоол ундаа жуулчид өөрсдөө авчирдаг, зарим нь тогоочтой ирдэг учраас харьцангуй хийх ажил багатай байдаг гэв.

Энэ талаар М.Баярцогт гуай "Уг нь жуулчид Улаанбаатараас гараад Бага газрын чулуу үзээд цаашаагаа Цагаан суварга руу явдаг байсан. Харин сүүлийн үед шууд Цагаан суварга руу яваад төгсгөлд нь манай дээр ирж сайхан бүжиглэж аваад буцдаг болсон. Би тоглолтоо үзүүлнэ. Илүү том шоу үзнэ гэвэл хамтлагийнхнаа хот, аймгаас дуудаад хойд уулан дээрээ гарч тайз засаад тоглолт хийчихнэ. Хамтлагийн хэд маань гитараа бариад л хүрээд ирдэг. Хүний сонирхол, хобби гэдэг хөгширдөггүй юм байна лээ. Энэ жил хамтлагынхаа 45 жилийн ойг бид тэмдэглэхээр ярилцаж байгаа" гэв.

М.Баярцогт гуай гар хөл хөшиж, хөдлөхөө больтол бөмбөрдсөөр л байна гэдгийг ярианы төгсгөлд дурдсан юм. Бидний яриа ийнхүү өндөрлөж манай сурвалжлах баг хотын зүг хөдөллөө.

СОНГУУЛЬ: 18.033 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгнө
СОНГУУЛЬ: 18.033 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгнө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.