Намрын улс төр одоо л яг “халах” гэж байна. УИХ-ын ээлжит чуулгантай давхцах орон нутгийн сонгууль бидэнд улс төр талаасаа юм, юм үзүүлэх нь гарцаагүй болж ирлээ.
Тодруулбал, эрх мэдлийн хүрээгээ хэвээр хадгалж үлдэхийн тулд нийслэлд ямар ч хамаагүй үнээр ялах сонирхол Х.Нямбаатар тэргүүтэй МАН-ынханд буй. Өөрөөр хэлбэл, нийслэлийн намын хороог зангидаж буй Х.Нямбаатарын ялалт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн гол түлхүүр байх нь гарцаагүй. Тэгвэл үүнтэй эсрэгцэж өрсөлдөөнд орж ирж буй тал нь “Женко” Х.Баттулгаар ахлуулсан Нийслэлийн Ардчилсан намынхан юм.
Х.Баттулгын орон нутаг, ялангуяа нийслэлийн сонгуульд ингэж хүч хаяж байгаагийн цаад агуулга чухам юу байгаа вэ. Өнгөрсөн өдрүүдэд Х.Нямбаатар үүнд хамгийн их эгдүүцэж, Х.Баттулгын бүх хулгай, болж бүтэхгүй зүйлийг ил гаргаж тавина хэмээн мэдэгдэж, сөргөлдөөд байгаагийн цаад учир юу вэ.
Магадгүй нийслэлд өрнөж буй энэ өрсөлдөөнийг ирэх жилүүдэд хотод хэрэгжих том төслүүдтэй холбож тайлбарлах нэг өнцөг бий. Гэхдээ Х.Баттулга шиг улстөрч дан ганц том төслүүдийн мөнгийг харна гэж байхгүй. Өмнөх холбогдсон хэргүүдээ бүрэн цэгцэлж чадаагүй яваа түүнд дахин том мөнгөний араас шунах нь олс нэмж, хүзүүндээ углахаас цаашгүй сонголт. Хэрэв Ардын намын У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн улс төр эгзэгтэй мөчид шилжих л юм бол Х.Баттулга асуудалд жинхэнээсээ орно.
Тиймээс цаг хугацааны хайчин гал ойртож буйг мэдэрсэн Х.Баттулга өөрөө асуудлыг гартаа авахаар зорьж байна. Өчигдөр гэхэд л өөрийн биеэр гарч ирж, Нарантуул захын ойр орчимд очиж “9 сарын 1” гэх агуулгатай хуулийн төслийг танилцуулж, хүүхэд бүрд 30 мянган төгрөгийн карт олгоно гэх улс төрийг хийв. Ерөнхийлөгчийн сонгуулиар ахмадын тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж амлаад, дараа нь эдийн засгаа элгээр нь хэвтүүлсэн. Сая малчдын зээлийг тэглэх агуулгыг яриад УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан. Энэ удаад нийслэлд АН-ыг ялуулахын тулд хүүхдүүдийг ашиглахаар Ардчилсан нам ахиад тоглолт хийж эхэллээ. Нийслэл дээр ялж л байвал эдийн засаг сүйрнэ үү, сөнөнө үү түй ч хамаагүй гэдэг нь зөвхөн эндээс л харагдаж буй юм.
Тэгвэл Х.Баттулгын нийслэлд өрнүүлж буй энэ том улс төрийн цаад зорилго зөвхөн том төслийн мөнгө биш. Харин 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлээ базааж эхэллээ гэж дүгнэж болохоор байгаа юм. Яг энэ цаг мөчид АН, МАН хоёрт дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн далд марафон эхэлчихсэн яваа. Х.Баттулга өөрөө дэвших боломжгүй юм бол төлөөний хүнээ зүтгүүлнэ. “Хиншүү” С.Ганбаатар, Н.Алтанхуяг, З.Энхболдоос эхлээд хувилбар болон сонголтууд түүнд бий. Бүр шинэ дүр ч гаргаад ирж чадах хүн. Эцсийн зорилго нь Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтыг өөрийн талдаа авах нь л чухал учраас нийслэлд ийнхүү хүч хаяж үзээд байгаа хэрэг. Учир нь нийслэл бол нийт сонгогчдын тал хувь нь оршин суудаг онц чухал хэсэг юм. Т.Батцогт нь ялагдал хүлээвэл нийслэлийн намаа нам дотроо алдах эхний эрсдэлийг хүлээнэ. Тиймээс нийслэлийн сонгуулиар ялдаггүй юм аа гэхэд Баянзүрх зэрэг хүн амын нягтаршил ихтэй томоохон дүүргүүдэд ялалт байгуулж, хөлөө угсрах нь түүнд ашигтай.
Өөрөөр хэлбэл, энэ удаагийн орон нутгийн сонгууль бол Х.Баттулгын хувьд дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын оршил хэсэг нь байх болно. Харин Х.Нямбаатарын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулиас илүүтэй өөрийн болон Ерөнхий сайдын улс төрийг нам дотроо хамгаалж үлдэх үндсэн даалгавартай орж байна.
Г.Лхагвадорж