Б.Отгонжаргал: Монголд амьдрах хэцүү ч амьдарч болохгүй гэсэн үг биш шүү дээ. Төрсөн нутаг минь учраас сайхан амьдарч чадна

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
7 минут 42 секунд

Монголын Тик Ток сүлжээнд хамгийн олон дагагчтай хүн бол Б.Отгонжаргал. Түүнийг бид "Boomerang"-ийн Отгоо гэдгээр нь андахгүй танина. Иймд UbnStory булангийнхаа энэ удаагийн дугаарын зочноор залуу жүжигчин Б.Отгонжаргалыг урьж, сүүлийн үеийн уран бүтээл хийгээд бусад сонирхолтой сэдвүүдээр ярилцлаа.

-Сайн байна уу. Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Батбаатарын Отгонжаргал гэдэг. 25 настай. Бизнесийн удирдлага мэргэжлээр сурч төгссөн. Одоогоор чөлөөт уран бүтээлч хийж байгаа залуу байна.

-Өөрийн тань хувьд жүжигчний мэргэжлээр суралцаагүй гэсэн үг үү?

-Би 2017 онд Кино урлагийн дээд сургуульд жүжигчний мэргэжлээр элсэн суралцаж байсан. Гэвч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид үргэлжлүүлэн суралцах боломжгүй болсон юм.

Ингээд 2018 оноос эхлэн Тик Ток аппликейшн дээр бичлэг хийж эхэлсэн ба түүнээс хойш 6 жилийн хугацааг өнгөрөөсөн байна. Миний хувьд Тик Ток аппликейшныг өнөөдрийн намайг бүтээлцэхэд хамгийн их нөлөөлсөн гэж боддог.

Тийм ч учраас би Тик Ток дээр бичлэг хийхдээ 100 хувь өөрийнхөөрөө байж чаддаг. Өөрийнхөө хүссэн зүйлийг хийж чаддаг. Бусдын юу гэж хэлэх нь надад тийм ч чухал биш. Хүмүүс юу ч гэж хэлсэн бай, юу ч гэж дүгнэсэн бай хүмүүс намайг дагаж л байдаг. Тэгэхээр миний хийж байгаа зүйл бусдад таалагддаг л гэж ойлгодог. Тийм болохоор Тик Ток дээр өнөөдрийг хүртэл бичлэг хийсээр байна.

-Одоо Тик Ток дээр хэдэн дагагчтай байна?

-591 мянган дагагчтай байгаа байх.

-Монголын хамгийн анхны Тик Ток дээрх олон дагагчтай буюу 200,000 дагагчтай хүн болж байсан санагдаж байна?

-Тийм шүү. Одоо ч нэг дээр байдаг.

-Сая жүжигчний мэргэжлээрээ суралцаж чадаагүй гэсэн шүү дээ. Тухайн үед КУДС-ийг орхихдоо жүжигчний мэргэжилдээ цэг тавьсан гэж бодож байсан уу?

-Тэгэлгүй яахав. Ерөнхийдөө жүжигчний мэргэжлээ хаячихсан байсан ч азаар ч гэх үү өнөөдөр дахиад нэг кинонд тоглочихсон байна. Хэдий мэргэжлийн хичээлийг нь үзээгүй, нэг ч онолын хичээлд суугаагүй ч гэсэн амьдралын дадлага, туршлагаар маш их зүйл сурч байгаа. Алхам алхмаар сайжирч, илүү их зүйл мэдэж байгаа гэж өөрийгөө дүгнэдэг.

-Хамгийн сүүлд ямар кинонд дүр бүтээсэн бэ?

-Dark Secret гэдэг аймшгийн, триллер жанрын кинонд тоглосон байгаа. Дүрийн хувьд нэлээн мужик залуу. Амьдрал дээрх Отгоогоос тэс өөр хүний дүрийг бүтээсэн. Дүрээ ч хамгийн сайнаар гаргах гэж хичээсэн.

-Яг ямар дүр вэ?

-Амьдрал дээрээ би их зөөлөн хүн байхгүй юу. Дуу цөөтэй, урсгалаараа л зөөлөн хүн. Яг энэ кинон дээрх дүрийн хувьд зоригтой, хатуу чанга, үг дуу цөөтэй боловч нэг дуугарахдаа чангахан дуугарчихдаг, ер нь их зоригтой залуугийн дүрийг бүтээсэн.

Анх найруулагч маань надад миний ааш зантай нэлээн төстэй дүрийг санал болгосон. Гэхдээ би өөрийгөө эвдэж, өөрөөр харуулахыг хүссэн тул бас найруулагч, продюсерууд маань ч бас намайг өөрөөр харуулахын тулд энэ дүрийг санал болгосон байгаа.

-Dark Secret кино хэзээ нээлтээ хийх юм бэ?

-Кино маань аймшгийн, триллер жанрын кино гэсэн шүү дээ. Тиймээс киногоо сүнсний баяр /Halloween/-ыг угтан аравдугаар сарын 25-нд нээнэ. Энэ өдрөөс эхлэн бүх кино театраар гарах юм. Маш их айсан, түгшсэн мэдрэмжийг авч, дараа нь юу болох бол гэсэн хүлээлттэйгээр үзнэ гэдэгт итгэлтэй байна.

-Одоогоор нийт хэчнээн кинонд дүр бүтээсэн байна. Бас анх удаа аймшгийн кинонд дүр бүтээж байгаа юу?

-Одоогийн байдлаар би 5 кинонд дүр бүтээсэн байна.

Харин 2 дахь аймшгийн кино маань энэ кино. Гэхдээ би энэ кинонд тоглохдоо 100 хувь өөрийгөө дайчилж чадсан гэж бодож байгаа. Өмнө нь өөрийгөө ямар гарч байгаа бол, ямар харагдаж байгаа бол, заавал гоё гарах ёстой гэж боддог байсан бол энэ кинонд тоглохдоо огт тийм айдастай байгаагүй. Сайхан, муухай гарах нь огт хамаагүй. Юу чаддагаа гаргаж, бүхий л хичээл зүтгэлээ зориулна гэж их хичээж ажилласан. Тийм болохоор маш их хүлээлттэй байна.

-Киноны талаарх яриаг энэ хүрээд өндөрлөе. Ер нь залуу хүний хувьд манай улсад, тэр дундаа нийгэмд болж бүтэхгүй байгаа мэт санагддаг зүйл бий юу?

-Мэдээж байлгүй яахав. Хамгийн эхний асуудал л гэхэд бродюрээ болих хэрэгтэй шүү дээ. Бродюрээс илүү чухал зүйл манай улсад, манай нийгэмд зөндөө их байгаа. Гэтэл бродюр солихоос эхлээд чухал биш зүйлд хэт их ач холбогдол өгдөг юм шиг санагддаг.

Угтаа манай Монгол Улс хөгжих боломжтой улс шүү дээ. Үүнийг бүгд л мэдэж байгаа. Харамсалтай нь бид тэмцэж чаддаггүй ард түмэн. Тиймээс л томчууд өнөөдрийг хүртэл өөрсдийнхөө дураар амьдарч байгаа байх. Тиймээс энэ бол үнэхээр л хүнд сэдэв.

-Монголд амьдрах хэцүү гэж үү?

-Нуулгүй хэлэхэд хэцүү шүү дээ. Гэхдээ бас амьдарч болохгүй биш. Миний төрсөн нутаг. Сайхан амьдарч чадна. Гэхдээ л...

-Гадаадад амьдаръя гэж боддог юм уу?

-Би сүүлийн 2 жилийн хугацаанд Азийн орнуудаар аялсан юм. Ямар сайхан юм бэ. Угтаа бол манай Монгол Улс ч бас Азийн орон шүү дээ. Гэтэл яагаад хөгжлийн түвшин тийм их ялгаатай байгаа юм бэ гэдгийг их гайхсан.

Ерөнхийдөө гадагшаа явах сонирхол байдаг ч гэсэн гэр амьтай хүн болохоор явж чадахгүй л байна. Яахав бакалаврынхаа дипломыг нэгэнт авчихсан юм чинь магистраа гадаадад хамгаалах уу Монголдоо хамгаалах уу гэдгээ шийдэх шаардлагатай байгаа.

-Ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Сүүлийн мөчийг өөрт тань үлдээе?

-Хүн бүр өөрийн гэсэн амьдралтай, үзэл бодолтой байдаг. Тиймээс бусдын орон зайд, бусдын амьдралд хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна. Үүнийг ч бүх хүмүүст уриалмаар байна.

-Ярилцсанд баярлалаа.

“Тунгалаг мэлмий-3” аяны хүрээнд 580 иргэний харааны шилийг БНСУ-д хийлгэж, хүлээлгэн өглөө
“Тунгалаг мэлмий-3” аяны хүрээнд 580 иргэний харааны шилийг БНСУ-д хийлгэж, хүлээлгэн өглөө
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!