“Цагийн ажил хийлгэж, мөнгө өсгөж өгнө”, “Бараа захиалах, сурталчилгаа хийлгэх зэрэг онлайнаар цагийн ажил хийж мөнгөө өсгөөрэй” гэх мэт зарууд Facebook, What’s up, Tik Tok, Telegram зэрэг платформуудаар сүүлийн үед нэлээдгүй явах болсон.
Уг зар нь танаар үе шат бүхий даалгавар биелүүлэх буюу ажил хийлгэх бөгөөд эхлээд дансандаа мөнгө байршуулж, байршуулсан мөнгөний хэмжээнээс хамаарч таны мөнгө 10, 20, 30 хувиар өснө гэж итгүүлнэ. Ийнхүү эхний даалгаврыг биелүүлсний дараа дахин мөнгө байршуулж дараагийн даалгаврыг биелүүлэх эрх үүсэх бөгөөд бүх шатыг амжилттай дуусгаснаар та өсгөсөн мөнгөө авах боломжтой гэх процессоор явагдана.
Онлайн цагийн ажил хийнэ, мөнгөө өсгөнө гэхдээ мөнгө байршуулахыг шаардаж байвал ТА ЗАЛИЛУУЛЖ БАЙНА гэдгийг ойлгох хэрэгтэй.
Өнгөрсөн 7 хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 716 гомдол, мэдээлэл бүртгэгдсэний 64 буюу 9 хувь нь зөвхөн Залилах гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд иргэдэд нийт 473 гаруя сая төгрөгийн хохирол учирсан байна.
Нийт бүртгэгдсэн залилах гэмт хэргийн 51 буюу 80 хувь нь цахим хэрэгсэл /facebook, telegram/ ашиглан үйлдэгдсэн байх бөгөөд фэйсбүүкээ алдсаны улмаас танил найз нөхдөөс нь мөнгө гуйж залилсан 16 хэрэг, онлайнаар бараа захиалж залилуулсан 8 хэрэг, телеграмаар цагийн ажил хийж мөнгө өсгөнө гэж залилуулсан 21 хэрэг, зээл олгоно гэсэн зарын дагуу залилуулсан 4 хэрэг, бусад аргаар үйлдэгдсэн 15 хэрэг тус тус бүртгэгджээ.
Тухайлбал,
- Иргэн Д нь телеграммаар бараа захиалаад 20 хувийг нь авна гэсэн зар, саналын дагуу Константин нэртэй хаягтай харилцаж “Хаан” банкны 3 данс руу нийт 22 удаагийн гүйлгээгээр 31.643.000 төгрөг шилжүүлж залилуулсан,
- Орхон аймагт иргэн М нь Телеграм хаягаар даалгавар биелүүлэх нэрийдлээр Хаан банкны дансууд руу олон удаагийн гүйлгээгээр нийт 112,000,000 төгрөгийг шилжүүлэн залилуулсан
- Мөн иргэн С нь хамаатны хүний фейсбүүк хаягнаас мөнгө явуулаач гэхээр нь 2.900.000 төгрөг шилжүүлж залилуулсан,
- Иргэн Н нь найзын facebook хаягийг хакердсаныг мэдэлгүй үл таних хүний данс руу 3 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөг шилжүүлж залилуулсан зэрэг гомдол, мэдээллүүд байна.
Хэрвээ та цахимаар аливаа төрлийн үйлчилгээ авах, бараа материал худалдах, худалдан авах гэж байгаа бол үл таних хүнд урьдчилгаа, шимтгэл, баталгаажуулах төлбөр зэргээр урьдчилж мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулъя.
Иргэн та цахим залилан болон цахим халдлагад өртсөнийг мэдсэн даруйдаа 102 дугаарт дуудлага, мэдээлэл өгөх эсвэл Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв фэйсбүүк хаягаар өөрийн цахим халдлагад өртсөн, данснаасаа мөнгө алдсан талаарх мэдээллээ өгөх боломжтой.