Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байна. Эхний шатны бүртгэлийг наймдугаар сарын 1-нээс эхлүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаяг, байршлын мэдээллийн санд тулгуурлан И-Монголиа системээр бүртгэж, аймаг, нийслэлийн Боловсролын газрын тогтоосон хамран сургах тойргийн дагуу боловсролын салбарын мэдээллийн систем/ESIS/-ээр хуваарилалт хийсэн.
Харин хоёрдугаар шатны цахим бүртгэл есдүгээр сарын 5-наас эхэлсэн. Цахим бүртгэлийг И-монголиагаар дамжуулан хүлээн авна. Бүртгэлд:
- Нэгдүгээр шатны бүртгэлд хүсэлтээ илгээж амжаагүй болон цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд, түр оршин суугчийн хүүхэд хүсэлтээ илгээх боломжтой.
- Бүртгэлд 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана.
- Түр оршин суугч нь амьдарч буй дүүргийнхээ хорооны "Хүн ам өрхийн мэдээллийн систем" ХАӨМС-д түр оршин суух хаягийн бүртгэлээ бүртгүүлсэн байх шаардлагатай.
- Элсэлтийн бүртгэлийн хариуг 2024 оны есддүгээр сарын 16-18-ны өдрүүдэд таны бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр мэдээлнэ.
Ташрамд дурдахад, хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах хүрээнд ачаалал өндөртэй дүүрэг, хороодын мэдээллийг гаргаж, энэ хичээлийн жилд нийт 368 бүлэг бүхий 94 байрыг сургалтын зориулалтаар түрээсэлж, 11.768 хүүхдийг сургана. Мөн хамран сургах тойрог тогтоолгосон хувийн хэвшлийн 274 цэцэрлэгт 15 мянган хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ