Эрүүл мэндийн яамнаас улаанбурхан өвчний нөхцөл байдал, Монгол Улсад тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй болон цаашид шаардлагатай хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгөх цахим сургалтыг өчигдөр /2024-08-08/ зохион байгууллаа.
Улаанбурхан өвчний эхний тохиолдол энэ оны долоодугаар сарын 31-ны өдөр батлагдсанаас хойш өнөөдрийн байдлаар зөөвөрлөгдсөн 2, дотоодын 2 тохиолдол бүртгэгдээд байна. Иймд ЭМЯ-наас яаралтай хариу арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлж байгаа юм.
Сургалтын үеэр “Хавьтал илрүүлэлтэд анхаарах асуудлууд” сэдвээр ЭМЯ-ны НЭМГ-ын УСХЗХ-ийн дарга Б.Туяа, “Тандалтын үйл ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны дарга Ж.Нямсүрэн, дархлаажуулалтын бүртгэлжүүлэлтийн талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам танилцуулав.
Мөн “Эрсдэлийн харилцаа, анхаарах асуудал” сэдвээр НЭМҮТ-ийн Ерөнхий захирал С.Өнөрсайхан, “Лабораторийн шинжилгээ, сорьц авах, хадгалах, тээвэрлэлт” сэдвээр ХӨСҮТ-ийн НЛА-н дарга Б.Бумдэлгэр нар мэдээлэл өглөө.
Түүнчлэн улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед өрх, сумын эмч нарын нэн даруй авах арга хэмжээний талаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач Б.Соёлмаа, жирэмсэн эмэгтэйд А витамин урьдчилан сэргийлэх тунгаар өгөх зөвлөмжийг Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн Ерөнхий мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, хүүхдэд А витамин урьдчилан сэргийлэх тунгаар өгөх зөвлөмжийг ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А.Оюунчимэг өгөв.
Үргэлжлүүлэн улаанбурхан өвчин хөнгөн, дунд, хэлбэрийн үед гэрээр эмчлэх зөвлөмжийг ЭНЭҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал У.Цэвэгмид өгсөн ба албаныхан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.