Анхны 126 гишүүнтэй шинэ парламент бүрдээд сар болж буй. Тэгвэл УИХ-ын шинэ гишүүд Төрийн ордонд байрлах ажлын өрөөгөө хүлээж авч, хаягуудаа байршуулаад эхэлжээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал өөрийнхөө хүлээж авсан 461 тоот өрөөний тухай цахим хуудастаа "Дугаараасаа болж хэд хэдэн хүнд гологдож ирсэн өрөө минь. Хүнийг, амьтаныг зүсээр нь, гарал үүслээр (олон доо) нь голж шилдэг бид ямар ч амьгүй тоог хүртэл голох, ялгаварлан гадуурхах болж дээ. Учир нь 461 гэдэг тоо хуульч бидний хувьд ажил амьдрал минь өрнөдөг нэг л төрлийн ажлын байр.
Зүглэхэд цээртэй боловч төрийн үйл хэрэг өдөр тутам явагдаж, олон сайхан аавын хүү зөв замдаа ороод гарсан газар. Тэр ч байтугай хүүхэд тогтохгүй эмэгтэй ороод гарахад дом болдог гэж сүсэглэдэг.
Би бол өрөөтэй болсондоо бөөн баяр, өмгөөлөгчийн ажлын утга учрыг мэдэрч байсан газартай (Цагдан хорих 461-р хаалттай анги) ижил дугаартай болохоор нь голох биш билэгшээж орлоо. Нийт ард түмэндээ өргөсөн тангарагатаа үнэнч байна" гэж бичжээ.