Пуэрто Рикод мягмар гарагт болсон хэд хэдэн удаагийн газар хөдлөлтөд нэг хүн амиа алдаж, барилга байшин нурж, гурван сая хүн амьдардаг арал даяар цахилгаан тасраад байна. Үүний улмаас Пуэрто Рикогийн захирагч Ванда Васкес онцгой байдал зарлалаа.
АНУ-ын газар нутагт тохиож байсан хамгийн хүчтэй газар хөдлөлтийн хэмжээ 6.4 балл байдаг. Ийнхүү Карибын аралд 120 жилийн дараа хүчтэй газар хөдлөлөө.
Хоёр том усан цахилгааны станц унтарч, 300 мянган хүний ундны ус хязгаарлагдаад байна гэж Васкес хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
Арал дээр хэзээ буцаж цахилгаан ирэх нь тодорхойгүй байна. Пуэрто Рико 2017 онд болсон хүчтэй хар салхины хор уршгийг одоо хүртэл арилгаж чадаагүй байгаа аж.
Газар хөдлөлтийн улмаас 346 хүн орон гэргүй болоод байна гэж албаныхан мэдэгджээ.
Онцгой байдал зарласан Пуэрто Рикод холбооны улсаас санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Ерөнхийлөгч Дональд Трамп газар хөдлөлтийн талаар мэдээлэл хүлээж авсан бөгөөд Трампийн удирдлагын албаны хүмүүс, Пуэрто Рикотой хамтран үр нөлөөг шинжилж байна.
Та мэдэх ёстой
Пуэрто Рико бол 3.2 сая хүн амтай Америкийн газар нутагт хамаардаг. Хойд Америк, Карибын тектоник хавтан дунд оршдог учир газар хөдлөлтөд өртөх эрсдэл өндөр. 1918 онд болсон 7.3 баллын хүчтэй газар хөдлөлтөөр цунами үүсэж, 116 хүн амиа алдсан.
2017 оны есөн сард болсон Ирма, Мариа хар салхины улмаас 3000 хүн нас барж, арлын дэд бүтцэд ноцтой гэмтэл учруулсан. Нийт 75 тэрбум долларын хохирол учирч, өрөнд ороод байна.
Эх сурвалж: The Reuters