Америкийн цэргүүд байрлаж байсан агаарын хоёр бааз руу 20 гаруй баллистик пуужингаар Ираны тал хариугаа авахаар харвасан гэдгийг АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар агаарын цохилтоор генерал Касем Солейманийг хөнөөсөн үйлдлийн хариу гэж Ираны төрийн хэвлэлийн мэдээллэв. Пуужингийн дайралтын бичлэгийг Ираны телевизээр гаргасан.
Ирбил, Ал-Асад гэх хоёр газарт дайралтад өртсөн гэж Пентагоноос мэдээлсэн. Одоогоор гэмтэж бэртсэн хүн байгаа эсэх нь тодорхойгүй байна.
“Бид Ирак дахь Америкийн баазад болсон дайралтын талаар мэдээлэлтэй байгаа. Ерөнхийлөгч мэдээлэл хүлээн авсан, нөхцөл байдлыг нарийн шинжилж, үндэсний аюулгүй байдлын албатай хэлэлцэж байна” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефан Гришэм мэдэгджээ.
Генерал Солейманий оршуулгын ёслолоос хэдэн цагийн дараа дайралт болжээ. Ал-Асад, Ал Маядинд эхний пуужингийн цохилт өгсний дараахан хоёр дахь дайралт Ирбилд болсон байна.
Дайралт болохоос өмнө Ерөнхийлөгч Трамп АНУ Иракаас цэргээ татах нь Иракт аюултай гэж мэдэгдээд байсан.
Иракт АНУ-ын 5000 цэрэг байдаг.
Та мэдэх ёстой
АНУ-тай найрсаг харилцаатай байсан шахыг 1979 онд эрх мэдлээс түлхэн унагаснаар Исламын Бүгд Найрамдах Иран улс бий болсон. Тухайн жилдээ Ираны нийслэл Тегеранд байх АНУ-ын элчин сайдын яаманд Америк иргэдийг барьцаанд байлгаж байв. Тус үйл явдлаас хойш АНУ, Ираны харилцаа урт удаан хугацаанд дайсагнасан хандлагатай байсаар ирсэн.
2015 онд Иран улс цөмийн зэвсгийн хөтөлбөрөө хязгаарлах саналыг зөвшөөрснөөр дипломат харилцаа сэргэж эхлээд байв. Үүний хариуд АНУ-аас Иранд ногдуулсан эдийн засгийн хатуу хязгаарлалтуудыг зогсоосон. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалдаа очсоны дараагаас нөхцөл байдал өөрчлөгдөж эхлэв. 2018 онд Трамп хуучин гэрээг үл тоон, Ираны удирдагчдыг шинэ гэрээ хийхийг шахаж, эдийн засгийн хязгаарлалаа сэргээсэн. Ираны эдийн засаг хямралтай байсан ч, шинэ гэрээг зөвшөөрөөгүй.
2019 онд АНУ-ын зүгээс Ирантай эдийн засгийн наймаа хийж буй улсуудад эдийн засгийн шинэ хязгаарлалтыг оногдуулсан.
Долоон сард Тегеранаас цөмийн зэвсгийн гэрээгээ зөрчиж эхлэв.
12 сарын сүүлчээр Иракийн хойд хэсэгт Иран пуужингийн дайралт хийж, Америкийн үүрэг гүйцэтгэгч амиа алдсан.
Вашингтоны зүгээс хариу арга хэмжээ болгож Ирак, Сири дэх Ирантай холбоотой баазуудыг бөмбөгдсөнөөр 25 хүн амиа алдсан.
АНУ-ын бөмбөгдөлтөд Ирак дургүйцлээ илэрхийлж нийслэл Багдадад орших АНУ-ын элчин сайдын яам руу цугласан олон дайраад байв.
Харин Ерөнхийлөгч Трамп Ираныг дайралт зохион байгуулж байна гэж буруутгаад “том төлөөс төлнө” гэж анхааруулж байсан.
Энэ оны нэгдүгээр сарын гурванд Багдадын онгоцны буудалд агаарын цохилтоор генерал Касем Солейманийг хөнөөсөн. Ойрх Дорнодод Ираны хүчийг удирдаж байсан Касем Солейманийг америк цэргүүдийн үхэлд буруутгаж, дайралт зохион байгуулахаар бэлдэж байсан учир террорист гэж АНУ-ын зүгээс үзээд байв.
Эх сурвалж: BBC